sonin.mn

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөний төслөө танилцууллаа.

Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих, уул уурхай-ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга-аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөөд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Тухайлбал, дотоодын ухаалаг хэрэглээг урамшуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөрөмжийн татварыг үйлдвэрлэл эхэлсний дараа авах, мөн тоног төхөөрөмжийн түрээсийн болон зээлийн даатгалын үйлчилгээний тогтолцоо бий болгох, тендерийн хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх зэрэг замаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлнэ.

Зам, барилга, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацааныхаа дагуу эрчимтэй үргэлжлүүлнэ. Түүнчлэн, импортыг орлож, экспорт нэмэх 888 төсөлд хөрөнгө санхүүжилт олгох ажлын ачааллыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд Чингис бондоос тодорхой эх үүсвэр шилжүүлснийг Засгийн газрын тэргүүн дурьдлаа. Учир нь дээрх 888 төслийн 550 орчим нь жижиг дунд үйлдвэрийн төсөл учир тус сангаар дамжуулан зээлийн дэмжлэгт хамрагдах нь илүү хөнгөн шуурхай байх юм.

Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлуудын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллах ажээ. Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.