sonin.mn

 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.04.23/ хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар 2002 онд баталсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн ам, эмнэлгийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах, эм зүйн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинээр батлагдсанаар эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж боловсронгуй болох, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжих, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтын зохион байгуулалт оновчтой болж, үр дүн нэмэгдэн эмийн чанар хангамж сайжрах, мэдээлэлд суурилах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг сайжруулах, эм зүйн салбарын хүний нөөцийг төлөвлөлттэй хөгжүүлэх, эм зүйн салбарын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, эмийн бодлогын хэрэгжилтийг үе шаттай үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлал тодорхой болоход чухал ач холбогдолтой болно гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, эм нэг талдаа өвчнийг эдгээдэг ч нөгөө талдаа хор байдаг. Иймд хуурамч, чанаргүй, баталгаагүй эм хүний эрүүл мэндийг яаж хохироодог, хордуулдаг вэ гэдэгт анхаарал хандуулж эмийн чанарт онцгой анхаарал тавих шаардлагатай байна.

Эмийн хэрэглээ ялангуяа хуурамч эм гаднаас орж ирж байгаад хяналт шалгалт тавьж, сүлжээг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаадаас авсан болон манайд зарагдаж байгаа эмийг хэрэглэж байгаа хүмүүс өөр тайлбар хэлдэг.

Жишээ нь монголоос авсан эмийг хэрэглэхэд өвчин дарагддаггүй, харин гадаадаас яг адил эмийг авч хэрэглэхэд эмчлэгдэж байна гэж байгаа нь эмийн чанар, хэрэгцээ ямар байгаа нь харагдаж байна. Аль ч улсад чанаргүй, баталгаагүй, хуурамч эмийн зах зээл байдаг. Манайд ч Нарантуул дээр ийм байдал бий.

Иймд иргэд эм ууж байна уу, хор ууж байна уу гэдэгт хяналт тавьж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.