sonin.mn

Эдийн засгийн хөгжлийн яамны Иноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат Засгийн газрын 11-11 төвийн цахим ярилцлагад оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Монгол Улсад төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх  зайлшгүй шаардлага бий. Төрийн хийж чадахгүй байгаа, хийх боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх нь зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад байдаг энгийн зүйл гэж Иноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга хэллээ. Манай улсад хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжих концессийн таван гэрээ байгуулагджээ.  

·      Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн автозамын төслийн гэрээг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулж, “Ар Ди Си Си” ХХК нийт 88 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий энэ төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.

·      Тэлмэний дулааны цахилгаан станцын 183 сая ам. долларын санхүүжилттэй төслийг “Шинэ азиа групп”” ХХК барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2014 оны 12 дугаар сард багтааж барьж дуусгахаар гэрээ байгуулсан байна.

·      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үд чиглэлийн хурдны автозамыг “Чингэс Лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК хоёр жилийн дотор барьж 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан байна.

·      Уул уурхай, металлургийн цогцолборыг 4 жилийн хугацаанд барьж дуусгах гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулжээ.

·    Туул, Сонгино усны нөөцийн цогцолборыг “Улаанбаатар-усан цэнэгт цахилгаан станц” ХХК барих, ашиглах, өмчлөх нөхцөлтэй байгуулсан байна.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн  болон Багануур-Улаанбаатар чиглэлийн хоолойн тээвэр, дулааны тавдугаар цахилгаан станц, шинэ нисэх онгоцны буудал болон нийслэлийг холбосон автозамын төслүүдийн гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.