sonin.mn

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр / 2014.04.23 / Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын 5 өдөр зарцуулдаг байсныг 24 цаг хүртэл багасгаж, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон бусад байгууллагад биеэр 6 удаа очдог байсныг 1 удаа очдог болгох зарчмын өөрчлөлтийг оруулсан байна.

Мөн хуулийн этгээд салбарын яамд, агентлагт бүртгүүлдэг байсныг Хуулийн этгээдийн бүргтгэлийн газарт төвлөрүүлснээр бизнес эрхлэгчдийн хувьд ойлгомжгүй байдал, давхардлыг арилгана хэмээн үзжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийг зөвхөн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлдэг болохыг ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан сэтгүүлчдэд танилцууллаа.



Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгааг дуулгалаа.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар мэдээллийн ил тод байдал бий болж, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжин иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, хүндрэлгүй болно гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.