sonin.mn

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Баянмонгол” ТББ Чех улсад оршин суугаа монгол иргэдийн дунд уламжлал болон зохиогддог 18 дахь удаагийн "Хаврын баяр" спортын өдөрлөгийг энэ сарын 19-20-нд Прага хотноо зохион байгууллаа.

Энэ удаагийн спортын өдөрлөгт Чехийн найман хотоос, мөн Австрийн Линз хотыг төлөөлсөн эрэгтэй, эмэгтэй нийт 22 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис болон шатрын төрлөөр зохиогдсон спортын тэмцээнүүдийн нэгдсэн дүн гарахад Литомержице хотын "MGL" баг тэргүүлж, ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав.

Өдөрлөгийн спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа уламжлалт үдшийн цэнгүүний арга хэмжээний үеэр бүтэн сарын турш үргэлжилсэн “Авьяаслаг Монгол” тэмцээний ялагчийг тодруулсан бөгөөд тэргүүн байранд 5634 хүний саналаар Чех улсын “Jo Joo” циркийн уран нугараач Н.Халиунсүрэн шалгарч ивээн тэтгэгч “Moneypolo” компанийн шагнал хүртлээ.