sonin.mn

"Тунгалаг Тамир"-ын Итгэлт баян сохор зоосыг ч сэгсэрч байх ёстой" гэсэн нь оргүй үг биш ээ. Ямар ч мөнгийг гудсан доороо нуугаад, газарт булаад өсөхгүй гэдэг нь тодорхой. Энэ бол сохор зоос ч байсан хөдөлгөж байж л үр ашгаа өгнө гэсэн санаа.

Тэр тусмаа "Гаднаас өндөр хүүтэй зээлж авсан мөнгийг зүгээр л газарт булаад байвал өснө" гэж бодож байвал түүн шиг худлаа юм байхгүй. Харамсалтай нь, Монгол Улсын Эдийн засгийн хөгжпийн яамыг толгойлж буй Н.Батбаяр сайдаас баян Итгэлтийн хэмжээний ухаан харагдахгүй л байна. Үүнийг "Чингис", "Самурай" бондын жишээг түшин өгүүлье.

Ирээдүйгээсээ зээлэх замаар хөгжиж чадсан улс бишгүй л байдаг байх. Үүний тулд бага хүүтэй зээлээр богино хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Дэлхийн жишиг нь өөрөө ийм. Тийм болоод л одоогоос хоёрхон жилийн өмнө "Чингис"бондыг босгож байхад Монгол Улсыг хөрөнгө оруулагчид гар тэнийлгэн хүлээн авсан.

1.5 тэрбум ам.долларыг жилийн 4.123- 5.125 хувийн хүүтэйгээр босгож чадсан нь үүний баталгаа. Гэвч олсон мөнгөө, олдсон боломжоо яаж салхинд хийсгэж чаддагийг шинэчлэлийн Засгийн газар харуулж чадлаа. Бэлэн төсөлгүй, хийх ажилгүй авсан мөнгөө хамгийн хялбараар нь замын салбар руу л хийчихсэн.

Хаа сайгүй зам тавьж, барилга барьсан Н.Батбаяр сайдын энэ бодлогогүй алхмаас болж өнөөдөр Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр шалдаа буугаад байгаа юм. Зээлжих зэрэглэл нь буурч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татахаа больжээ. Үүнийг нь "Самурай" бонд батална.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын хэвлэлд өгсөн мэдээллээр бол "Самурай" бондын жилийн хүү нь 1.52 хувь байх ёстой. Нийтдээ 300 сая ам.доллартай тэнцэх 30 тэрбум иенийн бондыг иймэрхүү хүүтэй авч чадсан бол алга ташин баяр хүргэх байлаа. Гэвч бодит байдал дээр "Самурай" бондын хүү "Чингис" бондынхоос ч өндөр байгаа аж.

Энэ нь бондын мөнгө манай улсын дансанд орж ирсэн өдрөөс тодорхой болж эхэлсэн юм. Зах зээл дээр гаргасан нийт мөнгөний хэмжээ нь 30 тэрбум иен. Ойролцоогоор 300 сая ам.доллар гэсэн үг. Гэтэл энэ мөнгө нь бөөндөө бус 5.7 тэрбум иен буюу бараг 60 сая ам.доллар дутуу орж иржээ.

Эхэндээ олон нийтээс нууцалж байсан энэ мэдээлэл задарч, улмаар Н.Мөнхбат захирал 5.7 тэрбумыг нь Японы Олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргаж өгснийхөө шимтгэлд авсан болохыг мэдэгдэв. Энэ бол хүү биш, бас зээлсэн мөнгө ч биш, эүгээр л баталгаа гаргаж өгсний хөлс.

Нэг ёсондоо 30 тэрбумын иенийн зээл авангуутаа манайхан 5.7 тэрбумыг нь буцаагаад өгчихжээ. Тэгсэн хэрнээ 30 тэрбум иенээр тооцож 10 жил Монгол Улсын татвар төлөгчид хүүг нь төлнө, бас 10 жилийн дараа 30 тэрбум иенийг бүтнээр нь Японы зээлдэгчдэд эргүүлэн төлнө гэсэн үг.

Ингээд бодохоор хүү нь 1.52 хувь биш 3.8-4 хувь орчим болж өсч байгаа юм. Ийм өндөр хүүтэй зээл авсан нь өнөөх л Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бодлогогүй алхамтай шууд холбоотой.

Н.Батбаяр сайдын бодлогын алдаа гэж олонтаа давтаж буй нь "Чингис" бондын зарцуулалтыг энэ хүн бие даан мэдэж байгаа. Улсын төсвийн гадуур, УИХ-ын хяналтгүй зарцуулсан 1.5 тэрбум ам.долларыг хэдхэн компанид хуваагаад өгчихсөн гэх мэдээлэл хааяа явж л байдаг.

Яах вэ, хэн авах нь хамаа алга гэхэд ямар төсөлд зарцуулсан нь сонин байгаа юм. Тав, аравхан жилийн хугацаатай өндөр хүүтэй мөнгөөр бусад орон яаралтай бэлэн мөнгө босгох төслүүдээ санхүүжүүлдэг. Анх "Чингис" бондыг оруулж ирэхэд ч ҮАБЗ-өөс нэг ам.доллар нь хоёр ам.доллар болох төсөл санхүүжүүлэх чиглэл өгч байсан шүү дээ.

Гэтэл Н.Батбаяр сайд бараг бүгдийг нь зүгээр л газарт булчихсан, Өөрөөр хэлбэл, мөнгө өгдөггүй, мөнгийг түгждэг зам, барилга мэт салбар руу хамаг мөнгөө хийчихсэн. Өөрөө нэг төсөл бодож олоод л хамаг мөнгийг зам руу хийсэн. Нэг ёсондоо "Зам барьж байна" гээд газарт булаад дуусгачихсан гэх үү дээ.

Зам бол мэдээж чухал салбар. Ямар ч улс орон замын салбар руугаа улсын төсвөөсөө хөрөнгө оруулалт хийдэг. Түүнээс өндөр хүүтэй, богино хугацаанд төлөх ёстой мөнгөөр зам, барилга зэрэг удаан хугацаандаа өгөөжөө өгдөг төслүүд рүү оруулдаггүй. Жишээ нь, 2017 онд "Чингис" бондын эхний хэсэг болох 500 сая ам.долларыг эргэн төлөх хугацаа дуусна.

Тэр үед барьж дуусаагүй хэдэн замаараа бид яаж өрөө төлөх юм бэ. Ийм л учраас мөнгө босгох төслүүдийг эхэлж санхүүжүүлэх ёстой байсан юм. Тэгж чадаагүйг нь олон улсын санхүүгийн зах зээлийнхэн гадна талаас харж, "Чингис" бондын үнэлгээ 100 хувь байснаа 80 хувь болтлоо унаад байгаа юм.

"Чингис" бондын үнэлгээ унасан нь эргээд "Самурай" бонддоо нөлөөлсөн нь дээрх баталгааны шимтгэл 5.7 тэрбум иентэй холбоотой. Өмнө нь "Чингис" бондыг босгоход 1.5 тэрбум ам.долларын багагүй хэсгийг нь Японы хөрөнгө оруулагчид гаргасан гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, манай бондын гол худалдан авагчийн нэг нь япончууд байсан.

Тэд ямар ч баталгаа нэхэлгүй "Чингис" бондоос авч байснаа "Самурай" бондыг дотоод зах зээл дээр нь гаргахад баталгаа шаардсан нь гайхалтай биш гэж үү. "Чингис" бондын буруу зарцуулалт, сайд нарынх нь авираас болж тэдний итгэл алдарсан л гэсэн үг. Түрүүчийн мөнгөнийх нь менежмент муу, бүр маш муу байхад яаж дахин итгэж зүгээр мөнгө өгөх юм бэ.

Ганцхан сайдын гарын салаагаар урссан 1.5 тэрбумыг хараад тэнэг л биш бол япончууд дараагийн мөнгөө баталгаагүй өгөхгүй шүү дээ. Тиймээс л 5.7 тэрбум иенийн баталгаа шаардсан хэрэг. Хүүгийн төлбөр нь баталгааны хөлстэйгөө нийлэхээр дээр өгүүлсэнчлэн "Самурай" бондын хүү 3.8-4 хувь болж өсч байгаа юм. Гэхдээ энэ бас л эцсийн тоо биш шүү гэдгийг анхааруулъя! Дахиад л нэмэлт зардлууд "Самурай" бонд дээр бий.

Бондын нэр яагаад заавал "Самурай" гэж. Өмнө нь "Чингис" бонд гаргасан юм чинь дараагийн бондоо жишээ нь Хубилай гэж нэрлэж болох л байсан. Шалтгаан нь тун энгийн. Япон улсын зах зээл дээр, дотоодод нь иенээр гаргаж байгаа учраас энэ бондыг "Самурай" гэдэг.

Манайх шиг Японтой хуучин машин оруулж ирэхээс өөрөөр хэтэрдэггүй худалдаа хийдэг улсад энэ нь бас л ашиггүй тусч байгаа. Өөрөөр хэлбэл, хүүгийн төлбөр, баталгааны хөлс дээр дахиад своп хэлцлийн зардал нэмэгдэх юм. Энэ нь Японд зээлсэн мөнгөө буцааж өгөх үед хүү нь 3.5-4 хувь болсон байх болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна лээ.

Тэгэхээр "Самурай" бондыг бид 1.52 хувь биш 3.8 ч, биш нийтдээ 7.8 хувийн хүүтэй авсан болж таарлаа. Хамгийн гол нь ийм өндөр хүүтэй авсан мөнгийг ганцхан сайд гарын салаагаараа урсгаж, газарт булчихлаа шүү дээ.

Н.Батбаяр сайд одоог хүртэл энэ тухайгаа, бондын зарцуулалтаа УИХ-д тайлагнасангүй. УИХ-ын хяналтаас гадуур зарахын сацуу Засгийн газартаа мэдэгдсэнгүй. Хэзээ нэгэн өдөр хэнээр, яах гэж энэ булуулснаа тайлбарлах л болно. Тиймээс цагийн эртэд Н.Батбаяр сайд энэ бүхнээ мэдэгдэх ёстой, Яагаад гэвэл, өндөр хүүтэй оруулж ирсэн мөнгөө тэр амжилттай зарцуулж чадсангүй.

Эдийн засаг уналаа. Хэдхэн компани л хувааж авч хөлжих шиг болсон. Ерөнхийлөгч нь мэдэхгүй, Засгийн газар нь анзаарахгүй байгаа энэ мөнгөний зарцуулалтыг Н.Батбаяр сайдаас асуух цаг нь болсон юм биш үү, УИХ-ын гишүүд ээ. Магадгүй юун татварынхны, юун Н.Энхбаярын хэрэг гэмээр том асуудал босч ирж мэдэх нь. "Чингис", "Самурай" бонд бол ганц хүний, ганц байгууллагыг биш Монгол Улсыг дэнчин тавьж авсан өр шүү дээ.

Д.Лхагва

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин