sonin.mn

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар тухайн үеийн МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн Энэбишийн Мөнх-Очир намынхаа эсрэг ажиллласан гэсэн зэмлэлийг зарим нэр бүхий гишүүдээсээ хүртэж байсан билээ.


Тодруулбал тэрээр өөрийн намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг лидер биш гэж дүгнэсэн, эрт урьдынх нь үнэн худал нь үл мэдэгдэх үйлдлүүдийг дэлгэх замаар хүн чанаргүй гэж ойлгуулах зорилготой ярилцлага хэвлэлд өгсөн, мөн намын ТББ хариуцсан нарийн бичгийн дарга байсны хувиар залуучууд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа огт зохион байгуулаагүй юм.


Тэгвэл тэрээр Монгол Улсаас БНТурк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул  болсон байна.

Энэбишийн Мөнх-Очирт консулын экзекватур гардуулах ёслол энэ сарын 18-нд БНТурк Улсын ГХЯ-нд болжээ.

Тус яамны Консулын газрын ерөнхий захирал, Элчин сайд Мехмет Самсар экзекватур гардуулсны дараа Ерөнхий консул Э.Мөнх-Очиртой хоёр улсын консулын харилцааны асуудлаар ярилцаж, шинээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газартай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн ажлын амжилт хүсэв.


Эдүгээ Турк улсад Монголын 2200 гаруй иргэн байгаагаас 1500 орчим нь Истанбул хотод оршин сууж байна. Истанбул хотод манай улсын Ерөнхий консулын газар байгуулагдахаас өмнө Монгол Улсын Өргөмжит консул, Туркийн иргэн, ноён Фахреттин Арман Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалан идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм. 

Ч.Явуу