sonin.mn

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, төр хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих автозамын төслүүдийг танилцууллаа.

Дэд бүтэц, барилга байгууламж, хоолойн тээвэр, нисэх буудал, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын нийт 51 төсөл байгаагаас автозамын 17 төслийг энэ хурлаар онцолсон юм.

Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах зорилт тавьж ажиллаж буй.  Энэ зорилтын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай, Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино, Даланзадгад-Цогтцэций зэрэг чиглэлийн 3182 км замын нийт 17 төсөл байна.

Эдгээрээс Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км автозам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам гэсэн 2 төсөлд концессын гэрээ байгуулсан. Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн автозамын төслийн гэрээний хэлэлцээ ид явагдаж байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

Төсөлд оролцох саналд дараах шаардлагууд тавигдах ажээ.

    Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулсан нотлох баримт;

    Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь;

    Авто замыг заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөх;

    Авто замын чанарын баталгаат хугацаа 3жил;

    Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоо, ажиллах хүчний хувь хэмжээ гуравны нэгээс доошгүй байх;

    Хяналтын зөвлөх компанийн зардал болох төслийн нийт төсөвт өртөгийн 5%-тай тэнцэх төлбөрийг тооцсон байх;

    Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх.

Төр хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих автозамын төслүүдийг энэ долоо хоногт багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.