sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн оны эхний улирлын байдлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын экспортын гол таван бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 шахам хувь өслөө. Задалж үзвэл, алтны экспорт 120%, зэс 52,9%, түүхий газрын тосны экспорт 63,8%-аар тус тус өсч, төмрийн хүдрийнх 19,%-иар буурлаа. Нүүрсний экспортын хэмжээ өссөн ч үнийн дүн буурсан, энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай, нөгөөтэйгүүр Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний экспортынхоо багагүй хэсгээр “Чалко” компанийн өр төлж байгаатай холбоотой. Нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс одоо 132 нь үлдээд байна. Манай улсын гадаад худалдааны жилийн алдагдал 1 тэрбум орчим ам.доллар, улирлынх 400 орчим сая ам.доллар байсаар ирсэн бол энэ оны эхний улиралд 9,1 сая болж нэлээд хэмжээгээр буурсан нь том ахиц юм.

Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш, ачааны автомашин, хүнд машин механизм болон тэдгээрийн сэлбэг, мөн хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхины импорт буурчээ. Хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, малгайн импорт өссөн байна.

Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч 12,4 хувь буюу төлөвлөснөөс илүү байна. Гэхдээ өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрдэж байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого 170 шахам тэрбум төгрөгөөр тасраад байна. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тавих гэх мэт нийгмийн амьдралд ямар нэг бэрхшээл тулгараагүй. Төсвийн орлого тасарсан нь дотоодын эдийн засгийн байдлаас гадна импорт, экспортын үнийн бууралтаас хамаарсан гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг сорилт бэрхшээлтэй тулгарч, өмнөх жилээс бууралттай буюу 3 хувийн өсөлттэй байсан. Үүний дотор Монгол Улсын эдийн засаг 11,7 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт.2014 онд дэлхийн эдийн засагт эерэг дүн гарна гэсэн таамаг бий ч манай хөрш орнуудад нааштай хандлага ажиглагдах төлөвгүй байна. Хөрш орнуудын эдийн засаг, гадаад орчны эрсдэл болон дотоод нөөцөө тооцоолоход 2014 онд Монгол Улсын эдийн засаг 12,9 хувь хүрч өсөх хандлагатай байна гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар улс орны шийдвэр гаргах түвшинд ижил мэдээлэлтэй байх нь чухал байгааг онцлоод, УИХ дахь МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлтээ дахин тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.