sonin.mn

  Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

  Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллажээ.

  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдийн төлбөр барагдуулахад хүндрэлтэй болсон байна.

Учир нь Улсын Их Хурлын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21, 22 дугаар тогтоолуудаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судалж, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгажээ.

Иймээс Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилгаж, худалдан борлуулах боломжтой бүрдүүлэх үүднээс Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын төрөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг төрд төвлөрүүлсний дараа хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгоход цаг хугацаа шаардлагатай байгааг харгалзан төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого, мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

  Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулаагүйгээс удаан хугацаанд гомдол гарсаар байхад асуудлыг шийдвэрлэж чадахгүй дахин дахин ажлын хэсэг байгуулж, судалъя гэж хойшлуулах нь буруу бөгөөд хадгаламж зээлийн хоршоодоос хураасан хөрөнгө нь хангалттай, үнэлгээ нь хохирол барагдуулахад хүрэлцэхээр байхад өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх болон найруулгын шинжтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

  Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар байнгын хорооны даргаас асуулт асууж харилт авав. Ингээд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.