sonin.mn

Дэлхийн эдийн засгийн байдал ч, эрчим хүчний байдал ч нэн хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг Монголоос бусад нь анзаарч маш хурдан арга хэмжээ авч байна. Тэд бодлогоо өөрчилж байна, дасан зохицож байна, шинэ арга зам хайж байна. Монгол л тэнэгээрээ юугаа зарж, мөнгө олдог билээ гэсэн ганцхан юм бодож байна. Ингэхээр чинь ажил үйлс бүтнэ гэж байхгүй л дээ…


Хятадын тооцоо


Дурын монгол Хятадуудыг харддаг. Нэгдэх дүгнэлт нь: энэ хятадууд хөгжинө гэдгийг ёстой үзүүлээд өгч байна. Манай хамаг юмыг эзлээд дууслаа. Удахгүй Монгол Хятадын колони болно доо, болно. Ингэж ярьдаг чинь худлаа юу. Хоёр дахь дүгнэлт нь: Энэ муусайн хятадууд манайхыг боогоод манай нүүрсийг авахгүй байгаам. Юм бүхэн дээр монголчуудыг боож байгаад хамаг юмыг маань үнэгүй авах гэж байгаам, муусайн шаарууд. Ингэж ярьдаг чинь худлаа юу.
Ер нь бол Монголд Орос, Хятад хоёрыг тулхтай судалдаг байгууллага бараг байхгүйтэй адил. Манай Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн мэтийн хэлснээр явна гэвэл ёстой сохорсонтой адил болно.


Хятад саяхан болсон хурлаараа эдийн засгийн шинэчлэл эхэлж, бүтцийн өөрчлөлт хийж хийж эхэлсэн. Бээжин болон бусад том хотуудын утааны асуудлаас болж нүүрсний эх үүсвэрийг багасгаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаа. Мөн гангийн үйлдвэрүүдэд бэрхшээл учирч байгаа. Үүнээс шалтгаалж хятадын нүүрсний аж үйлдвэр ихээхэн бэрхшээлтэй учраад байна.
Би ч гэсэн дотроо хятадуудыг манайхыг боож байна гэж хардаад байсан юм. Гэтэл тийм биш байжээ. Учир нь саяхан Хятадын Статистикийн Хорооны мэдээлэл гарсан юм. 4 дүгээр сарын 9-нд нүүрсний 18 компани 2013 оны тайлангаа гаргасан гэж ХМХ-үүд мэдээлжээ. Гэтэл Хятадын нүүрсний аж үйлдвэр 2013 онд аймшигтай алдагдал хүлээжээ. Нүүрсний салбар дахь янз бүрийн төслүүд дэх хөрөнгө оруулалт буурсны улмаас өмнө нь улс орны зохиомол бумыг эрчимтэй тэтгэж байсан нүүрсний эрэлт буурчээ.
2013 онд Хятадын нүүрсний аж үйлдвэр 40.554 млрд юань буюу 5 млрд гаруй еврогийн алдагдал хүлээжээ. Үүнийг 2012 оны мөн үетэй харьцуулахад алдагдал 80%-иар өсчээ.


Түүнчлэн үйлдвэрүүдийн өөрийн болон зээлийн хэрэгслийн өрийн түвшин болгоомжлол төрүүлж байгаа аж. Хятадын нүүрсний 18 аварга компанид өр дунджаар 54%, зарим компанид 74%-д хүрсэн байна.
2014 оны хэтийн төлөв ч бараан байгаа аж. 2014 оны эхний хоёр сард манай нүүрсээ үнэлж зардаг “нүүрсний” Шаньси мужийн алдагдал 4 млрд юань буюу 500 сая евро болсон байна. Өвөр Монголын “нүүрсний хот” Ордос хямралын улмаас бараг бүрэн уналтад ороод байна. Ордос хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ 90% унаснаас гадна ган, цементийн үйлдвэрлэл эрс багасч, нүүрсний үйлдвэрлэл бүрэн зогсчээ.
Эндээс харахад Хятадын эрчим хүчний байдал хүнд байна. Энэ нь Хятад эрчим хүчний өлсгөлөнд орлоо гэсэн үг биш юм. Монголыг зориуд боогоод байгаа ч юм алга. Нөхцөл нь тэгээд таарчихаж.


Хятадууд эрчим хүчний бодлогодоо бүтцийн өөрчлөлт хийж байна. Энэ нь дэлхийн геополитикийн өөрчлөлт, Оросын хүчирхэгжилттэй холбоотой юм. Хятадууд Оростой стратегийн түншлэлээ бэхжүүлж эрчим хүчний стратегийн асуудлаа шийдвэрлэх гэж байгаа нь илт байна.
Бэрхшээл их байгаа ч Хятад ирээдүйдээ итгэл төгс байгаа нь тодорхой байна. Хятадын энэ эрчимжилтийг зөв мэдэрч интеграцид орох нь хамгийн зөв шийдэл гэж би бодож байна. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үе шиг урсгалаараа явах юм бол үнэнхүү утгагүй, тэнэг явдал болно.


Оросын хүчирхэгжилт


Эхлээд бяцхан геополитик. Оросууд Арктикийн бүсэд асар их нефть хийн орд олов. Тэнд дэлхийн нийт нөөцийн гуравны нэг байгаа гэх. Ийм болоод дэлхийн бараг бүх том улс Хойт мөсөн далайд болох болзошгүй дайнд бэлтгээд байгаа юм. Мөн Орос Агнуурын тэнгисийг гартаа оруулав. Мөн дэлхийн хойт мөсөн хучлага хайлж байгаагаас шалтгаалж Хойт мөсөн далайн тээврийн шинэ зам нээгдэв. Энэ нь өмнийн аюул ихтэй, уламжлалт замаас 4000-5000 км орчим татуу, тээвэрлэх хугацааг 10-17 хоног хэмнэх юм. (Миний “Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүллийг ganaa.mn блогоос үз.) Энэ стратегийн замыг бараг бүхэлд нь Орос хянаж байгаа. Иймээс Оросууд саяхан Умардын цэрэг гэсэн холимог цэргийн шинэ командлал байгуулж, Арктикийн асар хүнд нөхцөлд десант буулгаж сургууль хийж байна. Эрдэм шинжилгээний асар их ажил хийж, дээд зэргийн нууцлалтай “Лоширак” шумбагч онгоцоор далайн хэт гүний өрөмдлөг хийж байна.
Мөн Оросуууд Каспийн тэнгисийн эрэгт аварга том нефтийн орд олов. Бас олон шинэ орд нээв. Энэ нь АНУ ОПЕК-ийн орнуудтай нийлээд дуртай үедээ нефтийн үнийг унагааж Оросыг сөгдүүлдэг механизм алга боллоо гэсэн үг юм. Одоо бол Оросууд бүх улсуудад “түүхий эдээ” болон түүний үнийг тулган хүлээлгэх болов. Зүйрлэн хэлбэл автомашин, гар утас гэх мэтийг түүхий эдтэй бол хийж болно, харин түүхий эдгүй бол юу ч хийж болохгүй.


Цэвэр эдийн засгийн утгаараа түүхий эдийн хавсарга гэх нэр томъёо харьцангүй юм. Орчин үед шинжлэх ухаан, техник, технологи ихээхэн хөгжиж, асар өндөр түвшинд хүрсэн хэдий ч нефть, хий, нүүрс зэрэг уламжлалт түүхий эдийг орлуулах зүйл хүн төрөлтөн одоохондоо олоогүй байна. Олсон бол лабораторийн түвшинд, жижиг туршилтын түвшинд өчүүхэн бага хэмжээгээр л байгаа.
Ингэхээр түүхий эдтэй орон юмтай гэсэн үг, эзэн гэсэн хэрэг юм. Үүнд манай Монгол ч гэсэн хамаарна. Оросын нэг эдийн засагчийн хэлсэн лут үг байдаг юм: “Барууныхан тийм сүрхий юм бол тэр гар утас, телевиз, компьютер, машинаа түлээд амьдрана биз.” Энэ ч үнэхээр бодууштай үг юм шүү…


Одоо Оросын нефть, хийн хоолойноос бараг бүх Европ хамаарч байна. Оросоос Европ руу явах хийн хоолой Украиныг дамжсан Умард, Хар далайн ёроолоор явах Өмнөдийн гэсэн хоёр том салаатай. Одоо Украйн томроод байгаа болохоор түүнийг тойрсон Өмнөд хоолойн үүрэг их чухал болж байна. Ингээд Украин “хоосон” үлдэж байгаа юм. Уг нь тэд хийн хоолой “сааж” амьдарч байсан улс шүү дээ…
Одоо бараг улс болгон манай нутаг дээгүүр хийн хоолойгоо тавиад өгөөч гэж Оросыг гуйж байна. Жишээлбэл, Болгар, Румын. Тэгвэл тэд НАТО-гийн пуужинг хөөж гаргах хэрэгтэй ш дээ. Оростой Украинаас болж бараг дайсагнаж баймаар Турк саяхан Оросын хийн хоолой тавихад татгалзахгүй гэсэн саналаа хэлэв. Бүгдээрээ л Оросоос нефть, хий гуйж байна. Оросуудын дээрээс Хятад, Энэтхэг, Бразиль гэх БРИКС-ийн орнууд, түүнчлэн Венесуэл зэрэг Латин Америкийн орнууд, Иран гэх мэт нэмэгдээд өмнө нь хаа ч байгаагүй том хүч болж байгаа юм.
Монголчууд барууны суртал нэвтрүүлгийг дагаж Оросыг түүхий эдийн хавсарга гэж шоолох бөлгөө. Жинхэнэ түүхий эдийн хавсарга чинь Монгол өөрөө билээ.
Бид ер нь хэн болчихоод Оросыг голоод байгаа юм ?! Энэ утгагүй зангаа хаяхгүй бол бид яагаад ч өөдлөхгүй гэдгийг би баттай хэлж чадна.


Хоёр хөршийн түншлэл


Дэлхийн геополитикийн хүчний харьцаанд өөрчлөлт орж байна. Энэ нь валют-санхүүгийн даяар систем дэх нефть-долларын ноёрхолд ан цав орж, эвдрэлд орж байгаатай холбоотой юм.
Хэн ч, түүний дотор би АНУ-ыг сөнөлөө, сөнөж байгаа гэж ерөөсөө хэлээгүй. АНУ цэргийн, эдийн засгийн хүчирхэг гүрэн байсан, одоо ч байгаа. Мөн ойрын хэдэн жил АНУ хүчирхэг гүрэн хэвээрээ үлдэнэ. Гагцхүү нефть долларт үндэслэсэн түүний санхүү-мөнгөний систем гацаанд орж, дэлхийн дарга ганцаараа хийдэг үе өнгөрч байна гэж л хэлж байна. Монголын либерал гэх зүрхний хийтэй нөхдүүд үүнийг хэлсний төлөө намайг АНУ-ын дайсан мэт зарлаж байгаа нь утгагүй бөгөөд өрөвдөлтэй. Би судлаач хүн бодит хандлагыг олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэх ёстой.


Нөгөө талаас АНУ “сулраад” ирэхээр Орос, Хятад хоёр “хүчирхэгжих” нь хэнд ч гэсэн ойлгомжтой. Энэ ерөнхий дэвсгэр дээр хоёр хөршийн түншлэл сэргэж байгаа нь бараг жам ёсны хандлага юм. Харин дунд нь байгаа Монгол ганцаараа тун олон, их ч олон юм ярих бөгөөд үйлдэх бөлгөө. Ярьж бол болно, гэхдээ бодож байж, хэмжээгээ мэдэж байж ярих, үйлдэх хэрэгтэй гэж санана.


Алдаж болохгүй боломж


Хоёр хөрш харсаар байтал түншилж эхлэв. Энэ нь сайн уу, муу юу гэсэн асуулт үүснэ. Энэ асуултад манай саяхны түүх өөрөө хариулдаг. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр хоёр хөрш сайн байхад манай бүтээн байгуулалт гайхалтай хурдан өрнөсөн юм. Хятадуудын барьсан Налайхын засмал зам хамгийн сайн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Одоо 60 жил болоод аргагүй л муудаж эхэлж байна. Оросын хэдэн цахилгаан станцын хүчээр л бид амьдарч байна. Чанар гэж үүнийг хэлдэг юм. Энэ үеийн бүтээн байгуулалт дээр Улаанбаатар хот одоо болтол оршин тогтнодог юм. Жишээлбэл, 40, 50, 120 мянгат, III, IY, X хороолол гэх мэт. Тэр үед Монгол Улс ёстой цэцэглэн хөгжиж байсан юм. Үүнийг манай залуус надтай онол ярьж хэрэлдэхээсээ өмнө ахмадуудаасаа асуугаарай…
Сүүлийн үед Оросууд зүүн тийш нүүж, хамаг гол гол яам тамгын газар, том том компаниудаа Сибирь, Алс Дорнод руугаа татаж байгаа нь үүний нотолгоо болно. Өөрөөр хэлбэл яваандаа Оросын Засгийн Газар, том компаниудын толгой офис манай ард ирэх нь байна гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй.
Хоёр хөршийн түншийн харилцаа сэргэж байгааг би тун сайн хэрэг гэж бодож байна. Эдгээр олон асуудлын дотор нэг асуудал одоо бол онцгой байр суурь эзлэх болов. Украины асуудал, барууны хориг арга хэмжээ 30 жил шийдэж чадаагүй байсан хийн хоолойн шийдлийг хурдасгаж өгөв. Энэ 5 дугаар сард В.Путин Хятадад айлчлах үед Оросоос Хятад руу хийн хоолой тавихаас гадна Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ 3-4 дахин нэмж болзошгүй байгаа. Нэг нь сайн, нөгөө нь муу мэдээ юм.


Хий хоолойн тухай


Хийн хоолойг манайхан сайн мэдэхгүй. Монгол хүн хийн хоолойгоор хий урсана гэхээс цаашгүй, сайндаа л хэдэн зураг харсан байх. Эрхүүд сурсан ганц нэг нь БАМ-д ажиллахдаа үзсэн байх.
Хийн хоолойн үзүүрт хийгээ оруулдаг хийн орд газрууд байх. Их том юм билээ. Энэ удаад Якутын Ленскийн районд байх Чаяндинскийн орд газраас хийгээ татах юм. Энэхүү Чаяндинскийн орд газар 1,24 триллион куб метр хий, 68,4 сая тонн нефть болон конденсатын нөөцтэй. Энэ хүний ухаан санаанд багтамгүй асар их нөөц манай яг ард Якутын нутаг дээр байна даа. Энэ мангар их хийг Хятад руу хэд хэдэн салаа магистрал хоолойгоор манай зүүн талаар зөөх гэж байна. Энэ бол дэлхийн хэмжээний аварга том төсөл юм.


Дашрамд дурдахад монголын технологийн авантюристууд намайг хийн хоолой гэж буруу ярилаа гэж шүүмжилдэг юм. Битгий хуцаад бай. Хоолой нэгэнт барьчихвал дотуур нь нефть, хий юугаа ч урсгаж болно, бас хоёуланг нь холиод явуулж ч болно. Хүсвэл нүүрсийг нефтээр зуураад хийтэй холиод явуулж ч болно. Энэ бол технологийн жижиг сажиг асуудал юм. Шал дэмий юман дээр олон юм мэдэмхийрч солиорч байхаа татвал таарна шүү, хийх ажилгүй муусайн нусан буунууд…
Хийн хоолойн бүдүүвчийг авч үзье. Манай зүүн талаар “Сибирийн хүч” (Сила Сибирии) хийн магистрал хоолой байгаа. Магистрал гэж ялгадаг нь том зам шиг олон жижиг салаатай гэсэн үг. Баруун талаар “Шинэ торгоны зам” хийн магистрал хоолой байгаа. Эдийн засгийн асар их ашигтай ч аюул ихтэй. Хоёр Солонгосын байдал, мөн Хятад Япон хоёр муудалцвал зүүн хоолой аюултай байдалд орно. Мөн АНУ Афганаас гарч, Дундад Азид байдал хурцадвал баруун хоолой аюултай байдалд орно. Харин Монголоор дайрсан хийн хоолой хамгийн аюул багатай нь мэдээж хэрэг. Гэхдээ голдуу “хоосон газраар” явах учраас эдийн засгийн талаасаа ашиг багатай.


Яг үнэндээ бол манай Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг эрчим хүчээр хангахад л Монгол Улс болоод явчих ба энэ хэдийн маань хэрэгцээ, хэрэглээ бол том улсуудын нүдээр бол ёстой хүүхдийн тоглоом юм. Гачлантай нь манайх хүүхэд шиг байтугай хүн шиг байж чаддаггүй л байхгүй юу…


Монголын хоолойн асуудал цоо шинэ юм биш л дээ. В.Путин 2006 онд Хятадад айлчлахдаа энэ асуудлыг хөндөж Оросын Уулын Алтайгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих санал гаргаж байсан юм. Гэтэл тодорхой шалтгааны улмаас 2030 он хүртэл Оросыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс хассан юм.
Одоо энэ хийн хоолойг Монголын нутгаар тавиад өгөөч гэж хоёр хөршөөсөө гуйх л үлдэж байна. Манайхаас ямар ч хөрөнгө оруулалт, мөнгө хөрөнгө орохгүй, зүгээр л татвараа аваад сууж байх юм л даа. Дээрээс нь хий гэж нэг сайхан юмтай болно.


Оросууд уур нь хүрээд Украинаас 1000 м куб хийнээс 485 ногоон нэхэж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Оросын “Газпромын” дарга Алексей Борисович Мюллерийн Хятадад хийсэн хагас нууц урьдач хэлэлцээрээр оросууд хийгээ 350-400 ногооноор нийлүүлэх гэж байна гэж экспертүүд таамаглаж байна. Ийм хямд юм гэж байх уу даа…


Хэрэв Монголд хийн хоолой тавьбал орос, хятад, барууны 3 тоолуур авч тавьчихаад тэрийгээ хараад гаалийн татвар аваад зүгээр л сууж байна ш дээ. Авилга гэж ёстой нэг байхгүй дээ. Бас сэлбэг шахна гэсэн монгол ойлголт ёстой байхгүй. Ингэнгүүт л манай аваргуудын уур нь хүрээд эсэргүүцээд эхэлж магадгүй л юм.
Нүүрсээ заавал өнөөдөр зарах гэж зүтгэх хэрэг юун. Үнс болоогүй байж л байгаа юм чинь үнэ нэмэгдэхийг нь хүлээж болно биз дээ. Үгүй ядаж бидний үр хүүхэд яахыгаа мэдэж л таараа…
Манайхны хувьд хоолой тавьж өг гэж загнана. Эдийн засгийн тооцоогоо өг гэхээр өгөхгүй, бид нүүрсээ зараад Та нартай Та наргүй амьдарна гэнэ. Тэг тэг гэхээр бид танай нутаг дээгүүр төмөр зам барьж байгаад нүүрсээ зөвхөн баруунд зарна гэнэ. Нүүрс байтугай зэс гэх мэт бүх юмаа баруунд зарна гэнэ. Гэтэл “баруун” нь хятадад зарна. Төмөр зам барьж өгье гэхээр Та нараар ёстой бариулахгүй гэнэ. Тэгээд юу ч байхгүй хоосон үлдчихээд буруугаа дандаа хоёр хөрш рүүгээ чихнэ. Манайхыг тойруулаад хийн хоолой тавихаар хоёр хөрш манайхыг эдийн засгийн ваакумд оруулж хавчин боож байна гэж орилно. Тэгвэл хоолой тавиад өгье гэхээр Та нар манайхыг колони болгож эзлэх гэж байна гэнэ. Тэгээд одоо яахийм болж байна ?! Ингэхээр чинь манайд хэн дуртай байхийм ?! Хойт хөрш европ болохоороо хааяа нэг зөөлөн хэлнэ, тэхээр нь уурлаж загнана. Урд хөрш ази болохоороо баахан хоол өгч, инээж байгаад явуулна. “Хоол идүүлсэн” ч загнуулна.


Ер нь бол хоёулаа манайханд загнуулж хулхидуулсаар байгаад бүр дөжирчихсөн сүүлдээ “хүн байна” гэж тоохоо ч больчихсон юм шиг байгаам…
Та нар газрын зургаа нэг хар даа. Хоёр хөршгүй хаашаа явмаар байгаа юм ?! Харин хамгаалах ёстой салбар, хүрээ чинь соёл, оюун ухаан, үзэл санаанд байгаа болохоос эдийн засагт байгаа юм огт биш.


Хийн хоолойн хэлэлцээрт Орос Хятад хоёр гарыг үсэг зурахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хооронд Монгол Улс амжиж хийн хоолойн саналаа хоёр хөршдөө тавих л хэрэгтэй дээ. Ийм боломж ахиж олддоггүй юм. Үүнийг ашиглаж чадахгүй бол заяа нь хаяна гэдэг юм…


Үгүй бол яахав дээ, Монголын Улсын нутаг дэвсгэр дээр юу ч барьж болохгүй, юу ч бүтээн байгуулахыг хориглоно гээд тунхаглахгүй юу…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?