sonin.mn

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Япон Улсын Батлан хамгаалахын сайд Итсунори Онодерагийн урилгаар 2013 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Та бүхэндээ Монгол-Японы Батлан Хамгаалах салбарын харилцааны товч түүхээс хүргэе.

Монгол Улс нь Япон улстай 1972 оны хоёрдугаар сард дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2000 оны зургаадугаар сараас цэргийн дипломат харилцаагаа эхэлжээ. Монголын талаас анх удаа 1995 онд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байсан бол Японы талаас 1997 онд Японы ҮБХГ-ын орлогч дарга, ноён Ёшиаки Хооцуки тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байжээ.

Хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард Японы Батлан хамгаалахын сайд Ясуо Ичикава манай улсад айлчилсан бөгөөд Монголын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн хувьд Япон улсад ийнхүү анхны ажлын айлчлалаа хийж байна.

2013 онд Монгол Улс, Япон улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, болон Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар уулзалтыг Токио хотноо зохион байгуулж байсан.

1999 оноос хойш Японы үндэсний Батлан хамгаалахын академид манай 40 гаруй цэргийн алба хаагч суралцан төгссөн төдийгүй энэ хичээлийн жилд ч тус улсын цэргийн сургуулиудад манай сонсогчид амжилттай суралцаж байна. Мөн АРФ-ын орнуудын аюулгүй байдлын болон гамшигтай тэмцэх чиглэлээр сургалт семинаруудад манай офицер, цэргийн алба хаагчид байнга оролцдог.

2012 оны нэгдүгээр сард “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хооронд хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан болно.