sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг өнөөдөр / 2014.04.17 / хүлээн авч уулзлаа.

Хатагтай Сезин Синаноглу уулзалтын эхэнд байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Хүн амын сангийн Улс орныг дэмжих 5 дахь удаагийн тайланг гардуулан өглөө.

Түүнчлэн энэ удаагийн тайлан маш сайн болсныг тэмдэглээд, НҮБ-ын албан ёсны тайланд бичигдэхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн байнгын хорооны даргыг  эдгээр тайлан мэдээтэй нэг бүрчлэн танилцахыг хүсэв.

Байнгын хорооны дарга Д.Батцогт Хатагтай Сезин Синаноглуг хүрэлцэн ирж мэдээлэл өгч байгаад талархаад, тус байнгын хороог даргалаад удаагүй байгаа учраас Хүн амын сан, Мянганы хөгжлийн зорилт, Хөгжлийн хөтөлбөрийн талаар хийгдсэн судалгаа тайлантай сайтар танилцана гэдгээ хэллээ.

Тэрээр уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхоо ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.