sonin.mn

Сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут “ уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргасан байна.

Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляц өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны 3 дугаар улирлаас эхэлсэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцын нөлөө юм. Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ.

Энэ оны эхний улиралд эрдэс бүтээгдэхүүний гол нэрийн 5 бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2,2 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25, үүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багасчээ.

Ерөнхий сайд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, инфляц, улсын төсөв, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаар товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.