sonin.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Тус байгууллага нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм.
 
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь  энэ оны 4 дүгээр сараас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлжээ.

Програмыг үйлчилгээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс таван толгой” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Тус програмын гүйцэтгэгчээр “Тider solution” хэмээх үндэсний үйлвэрлэгч компани ажиллаж байгаа бөгөөд энэхүү програм нь монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээл аж.
 
Гашуунсухайт боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 1600, жирийн үед 800-900 орчим нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг бөгөөд жолооч нар штамп даруулахаар дараалалд зогсч багагүй цаг хугацаа алддаг байсан.

Програм ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шалгагч орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягталж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих юм байна.