sonin.mn

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” 4 дүгээр сарын 19-ны 10.00-15.00 цагийн хооронд Чингисийн талбайд болно.

“Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлэх бөгөөд яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө.

Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг  холбож сонирхсон  асуултдаа хариулт авах боломжоор хангана.

Түүнчлэн энэ үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгнө. Өдөрлөгийг хааж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлнэ. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.