sonin.mn


Байнгын хороо Элчин сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцэв

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол болон Ажлын хэсгийн удирдамжийн төслийг хаалттай хэлэлцэв.

  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зарим улсад суух Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ. Энэ тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хийж, нэр дэвшигчдийн талаар танилцуулав.



            Нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.

 Индонез, Бразил Улсад Монгол Улсаа төлөөлөн Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нар нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад олон жил идэвхтэй ажиллаж ирсэн, олон улсын харилцааны туршлагатай хүмүүс гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.

  Нэр дэвшигч Ч.Сосормаа сэтгэл зүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа бол Ш.Батцэцэг жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.



                                                    Элчин сайдад нэр дэвшигч /зүүнээс/ Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нар.

 Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд, Д.Ганбат нар асуулт асууж тодруулсан юм. Элчин сайдад нэр дэвшигч Ч.Сосормаа гишүүдийн асуултад хариулахдаа, Монгол, Бразил Улсын улс төрийн зөвлөлдөх уулзалт гурван удаа болоод байна. Мөн өнгөрсөн онд манай Засгийн газраас хоёр орны хооронд иргэдийг харилцан визгүй зорчуулах хүсэлтээ гаргаад байгаа. Энэ бүгдийг үргэлжлүүлж ажил хэрэг болгохын төлөө санаачлагатай ажиллана гэдгээ хэлэв. Нэр дэвшигч Ш.Батцэцэг хүн амын тоогоор дэлхийд дөрөвт, эдийн засгийн хөгжлөөрөө 20-д багтдаг Индонез Улстай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн өмнөд Азийн бүс нутагт чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.

  Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлээд эдийн засгийн хувьд асар хурдацтай хөгжиж байгаа энэ хоёр улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг эмэгтэй гишүүд Элчин сайдад нэр дэвшиж буйд олзуурхаж буйгаа хэлээд Зүүн өмнөд Ази, Латин Америкийн бүс нутагт шинээр Дипломат төлөөлөгчдийн газар нээж байгаа нь энэ бүс нутагт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чухал алхам юм гэдгийг онцоллоо.

  Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилохыг дэмжлээ.

  Жакарта, Бразилиа хотуудад Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг Улсын Их Хурлын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, 43 дугаар тогтоол баталсан. Энэ шийдвэрийн дагуу Засгийн газраас Жакарта, Бразилиа дахь Элчин сайдын яамыг 2014 онд байгуулахаар төлөвлөж, орон тоо, төсвийг нь баталсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.