sonin.mn

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2014.04.16/ үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гадаадын зарим оронд суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

 Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

 Тус байнгын хорооны өмнөх хуралдаан дээр зарим гишүүдээс гаргасан саналын дагуу гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Ажлын хэсгийн удирдамжийн төслийн хамт боловсруулжээ.

 Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн удирдамжийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд Л.Болд болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.