sonin.mn



Зүрх судасны өвчлөл дэлхий даяар зогсолтгүй нэмэгдэж байна. Монголд хүний амь насанд ноцтой халгаатай шинжээрээ 1990-ээд онд дээрээсээ гуравт жагсаж байсан энэ өвчин арав гаруйхан жилийн дотор бүр тэргүүн байрт гараад ирлээ. Зүрх судасны өвчлөл хүмүүсийн эндэх нас барах анхдагч шалтгаан болоод явчихлаа. Дэлхийн цаашдын хандлага чиглэлийг ажваас бас л ийм дүр зураг харагдаж байна. Үүний цаад учир шалтгаан юунд байна вэ, гэхээр байгаль орчин, хот суурин газрын бохирдол, хүний хоол ундны замбараагүй хэрэглээ, стресс дарамтаас болоод судас хатуурах өвчин газар авах нөхцөл бүрэлдсэн байна.

Зүрх судасны өвчин хэмээх энэхүү хам нэршилд зүрхний өвчин, судасны өвчин аль аль нь багтана. Сүүлийн үед судасны эмгэг өвчнүүд тухайлбал, судас хатуурах, судас үрэвсэх зэрэг өвчин ихсээд байна. Жишээ нь, ихэд элбэгшиж байгаа чихрийн шижин өвчний үед хүний судас ихэд гэмтдэг. Тухайн хүн бөөрөө өвдөхөөр бөөр, хөл өвдөхөөр хөл гээд яваад байгаа боловч энэ нь чухамдаа судасны өвчлөл. Судасны өвчлөл аль судсыг барьж туссан байна, тэр эрхтнээ гэмтээдэг, тархины судас гэмтвэл тархиа, бөөрний судас гэмтвэл бөөрөө муутгадаг, зүрхнийх болохоор зүрхээ бариад гэмтээж байдаг. Хамгийн гол нь судасны өвчлөл даамжирч буй нь үнэхээр аюул.

Зүрх судасны өвчлөлтэй зэрэгцээд үе мөчний эмгэг сүүлийн үед ихсэх боллоо. Энэ нь үе мөчний үрэвсэлт өвчин юм. Үе мөчний системийн өвчнүүд нь мөн л нийгэм ахуй орчны өөрчлөлт, экологийн бус хүнс, хөдөлгөөний хомстол, эрүүл аж төрөх ёсны нөхцөлөөс эхтэй, заавал нас ахисан хүмүүст гэлтгүй, идэр залуу үеийнхэнд ч тусч байна. Үүнд буруу зуршлууд ихэд нөлөөлж байгаа юм. Эмийн замбараагүй сурталчилгаа энэ таагүй зуршилд шууд хамаарна. Сурталчилсан эм болгоныг сайн зүйл гэж үздэг ойлголт нийгэмд газар авч архагшжээ. Жишээ нь, кальцын бэлдмэл чухал гэдэг сурталчилгаа телевизийн дэлгэцнээс салахаа байж, хүмүүсийн тархи толгойд түүнийг их сайн зүйл гэж бат нот суулгаж байна. Чихний чийр болсон ийм үг яриа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байгаа юм. Кальцын бэлдмэлээр үе мөчний өвчин, ясны сийрэгжилтийг эмчилнэ гэж огт байхгүй, шал худлаа яриа. Дэлхийн нэлээд улс оронд сүүлийн хоёр гурван жилийн дотор явуулсан өргөн цараатай судалгаанаас үзвэл, кальцын бэлдмэлийг нэлэнхүйдээ хэрэглэх болсноор зүрх судасны өвчлөл, судасны хатууралд түлхэц нэрмээс болж, харин ч нөгөө кальц нь хүний үе, судсанд очиж шохойжин суучихаад, хэрэг дээрээ сийрэгжихээс хамгаалах ёстой ясандаа нэвчиж ордоггүй байна. Ингэхлээр кальцын бэлдмэл хэрэглэх нь ихээхэн буруу үр дагавартай юм. Яс сийрэгжих өвчинд нэрвэгдэхгүй гэхдээ манай хүмүүс кальцын бэлдмэлийг ус цас шиг уудаг, телевиз, радио нь кальцыг чих дүлийрч, нүд чилтэл сурталчилдаг нь энэхүү зуршлыг газар авахуулж байна.

Яс сийрэгжих нь насжилтын л өвчин. Харин витамин Д гэдэг бол нэн олон сайн нөлөөтэй. Сийрэгжилт маш олон булчирхай, дайвар гормоны зохицуулга зэргээс үүдэл хам нөлөөтэйгээр гарч ирдэг юм. Ийм байтал хүнд дан ганц кальц дутагдсан мэтээр ойлгуулаад байгаа юм. Кальцын илүүдэл шохойжилт л үүсгэнэ. Эмч хүн кальцаас аль болох зайлс хийдэг юм. Дээхнэ үед ужиг ханиад хүрэхээр кальцыг судсаар хийлгэдэг байсныг хүмүүс санаж байгаа. Одоо үүнээс анагаах ухаан бүрмөсөн татгалзсан. Яагаад гэвэл кальц илүүдвээс шохойжих эрсдэл элбэгших юм байна. Тэгтэл манай хүмүүс бүр урвуугаар зүтгэж, нэг л их кальц шүтсэн улс байх юм. Ингэх нь даанч буруу. Идэр залуухан бүсгүй эмчид очоод хөлөө үеэр нь нугалахад дуугардаг болчихлоо, энэ юуных вэ гэхэд, эмч өөдөөс нь шуудхан л ясны сийрэгжилт, үе мөчний шингэн дутагдаж байна, кальц уу гэж зөвлөсөн байна. Энэ бол ерөнхийдөө мэдлэгийн дутагдал, мэргэжлийн нэгдсэн ойлголт хомсынх юм. Эмч нарын маань зарим хэсэг нь ердийн хүмүүсээс дээрдэхгүй ойлголттой байна. Өөрөө кальцын бэлдмэлд сохроор шүтээд, цай шиг уугаад явж буй эмч ч байгаа юм. Өөрийгөө буруу эмчилж буй эмч хүн үйлчлүүлэгчдээ ямар зөвлөгөө өгөх нь ойлгомжтой.

Өрнөдийн улс орнуудад аль 1960-аад оны үед нэн их дэлгэрээд, явсаар явсаар эцсийн бүлэгт ер нь тодорхой хүндээ хэрэгтэй болохоос биш, нийтлэг хэрэглэж болохгүйг бүгд баталсан нэгэн бизнес Монголд өнөөдөр ид цэцэглэж байна. Гадаад орнуудад зах зээлээс аль хэдийнэ шахагдсан, манайхан нэлээд мэдэх Herbalife, өөр юу юу ч билээ, дандааны сүлжээний бизнес. Сүлжээ гэдэг бол цэвэр бизнес л дээ. Би л ашиг олж байвал бусад нь үхсэн ч хамаагүй гэдэг хуультай. Моод Монголоор дуусдаг гэцгээдэг шиг хамгийн сүүлд сул тал нь илэрсэн аливаа юм манайх руу чиглэж байна л даа. Сүлжээний бизнес их буруу үр дүнд хүргэдэг. Хүмүүсийн эрүүл мэндэд харш нөлөөлж байхад засаг төрийн байгууллага, яам байгууллага, мэргэжилтнүүд огт анхаарахгүй дүлий дүмбэ оргиод, түүний эсрэг ерөөсөө ажиллахгүй байна. Сүлжээний эм бэлдмэл, тураах бэлдмэл хэрэглэснээс болоод ухаан алдаж унадаг оёгтой болж, элэг бөөрний дутагдалд орсон гэх мэтээр хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байхад хүн амын эрүүл мэндийг манаж байх ёстой төрийн төв байгууллага Эрүүл мэндийн яам яагаад энэ бүхнийг олон нийтэд зарлахгүй, дуугарахгүй байна вэ гэж хүмүүс их асуудаг. Энэ бол зүй ёсны шаардлага.

Энэ нь манай эрүүл мэндийн систем чинь ерөөсөө коммунист дэглэмээсээ салаагүй, сэтгэлгээний хувьд коммунист маягийн хэвээр байна. Өнөөдөр зах зээлийн дэглэмээр бид нар 20 гаруй жил явчихлаа. Гэтэл энэ салбарт салхи нэвчээгүй битүү бөглүү эвгүй үнэр танартай хэвээр байна. Бүх арга барил, сэтгэлгээний хувьд аль хэдийнэ өөрчлөгдчихсөн байх ёстой, Монголын ард түмний эрүүл мэндийн бодлого гэдгийг хийж байх ёстой газар чинь зөвхөн засаг захиргааны ажил хийгээд эмнэлгийн даргыг хальж солих, эсвэл хүн хэвтүүлэх, өргөдөл гомдол хүлээж аваад, энэ хүнийг энд тэнд хэвтүүл гэх мэт аар саархан, тэгж яривал өөрт бараг хүртээлгүй ажил хийгээд хүний дургүй хүргээд сууж байна. Яг үнэндээ бол дээр хэлсэн кальц гэдэг бэлдмэл хэрэгтэй юмуу үгүй юу, эрүүл мэндэд тустай юу, тэр тураадаг бэлдмэл ямар байх ёстойг мэргэжилтнүүдээ цуглуулж авчраад, ерөөс ашиг тусгүй дэмий юм байна гэдгийг ард түмэнд хэлж өгч байх ёстой. Телевизэд цаг аваад тэртэй тэргүй ард түмний татварын мөнгөөр хөдөлдөг эрүүл мэндийн салбар уг мөнгийг нь тэр хүмүүст нь зориулж телевизийн буруу сурталчилгааны эсрэг эрс хатуу үг хэлэх ёстой. Гэтэл тийм юм хийж байгаа юм огт алга.

Харин тэгэхийн оронд энэ эмнэлэгт MRI аппарат тавина, энд Эхо аппарат тавина гээд зурагтаар гарч, тууз хайчлаад яваад байдаг. Энэ бол системийн гажуудал. Гэтэл яс тооцоогоор үзэх юм бол гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай манай улсад MRI хэмээх аппарат хоёр, гуравхан байхад л хангалттай юм билээ. Харин манайхан болохоор аймаг сум болгонд ийм аппарат тавина, бүсийн төвүүдэд тавина гэж байна, сум болгоныг Эхо-той болгоно гэж байна, түүнээс өмнө болохоор зүрхний бичлэгийн аппараттай болгоно гэж баахан ярьсан, болгосон ч байх.

Сонсоход сайхан санагдана. Гэтэл зүрхний бичлэгийн аппаратыг зөв ажиллуулаад, зөв оношилчихдог эмч суманд байтугай улсын нийслэлд ховор байна. Сумын эмнэлэгт очиход таван жил болсон зүрхний бичлэгийн аппаратын утас нь нугаларч хөшиж хатаад тэнийхээ больчихсон байх жишээний. Эхо аппаратыг ажиллуулах тухайд гэхэд, сумын эмнэлэг битгий хэл манай Нэгдсэн эмнэлэгт таван эмчийн гурав нь шаардлага хангаад, нөгөө хоёр нь дөнгөж суралцах шатандаа, мэргэших төвшиндөө явж байгаа. Гэтэл сумын эмч тэрүүгээр өвчтөн оношлоно, хэргийг нь гаргана, мэргэшнэ гэдэг үлгэр л дээ.   Үүнийг батлах жишээ бэлхнээ байна, хөдөө орон нутагт эхо-рентген гэх зэрэг бүх юм бий болоод байхад хүмүүс яагаад наашаа цуваад, бид ачааллаа дийлэхгүй, хүнээ багтаахгүй байна вэ. Эмчийн мэргэжлийн төвшин, дадлагажилтын хэмжээ, техникийн ашигтай ажиллагаа бүх юм алга байна шүү дээ. Хөдөө орон нутагт эмнэлэг өдрийн 12 цаг хүртэл ажиллаад үдээс хойш эмнэлгийн нь хаалга дэлгээстэй, эмч нь зүгээр сууж байна. Яагаад гэвэл ирэх хүн алга. Аппарат хэрэгсэл өндөр үнэтэй байна, шаардлага бага байна. Гарч ирсэн зургийг уншдаг мэргэжилтэн ч ховор байна. Тэр байтугай манай төвд уншдаг мэргэжилтэн ховор гэдгийг дээр хэлсэн. Тэр ч байтугай авсан зарим зургийг Солонгос улс руу илгээдэг. Аппарат өөрөө нарийн мэргэжилтэн шаарддаг. Сонгдо эмнэлэг хүртэл зарим зургаа уншчихаад, Солонгос руу илгээдэг, тэр хоёрын хооронд ямар зөрөө гарч ирж байгааг шалгадаг, зөрөө ч гардаг. Ингэхээр маш өндөр нарийн мэргэжил байдаг нь тодорхой байгаа биздээ. Маш нарийн бодож нягталж байж техник тоног төхөөрөмжөө авах ёстой. Хүн болгон цүнх барьдаг шиг юм биш шүү дээ.

Гучин гурван жил ажиллаж байгаа эмч, мэргэжлийн хүний хувьд надад хэлэх үг байна. Давын өмнө манай эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин дэндүү хуучин байна. Салбарын яам нь эмч нарыг та нар ажиллах ёстой, та нар хийх ёстой, та нар хүний төлөө явах ёстой гээд буруу сурталчлаад, ард түмэн болохоор энэ нэг хэдэн юм ажиллахгүй байна, бидний төлөө л явах ёстой гэдэг бат хатуу үзэл бодолтой болчихсон юм. Гэтэл эрүүл мэндийн салбарын зах зээлийн сэтгэхүй нь тэс ондоо шүү дээ. Хүн өөрийн эрүүл мэндийн төлөө явж, итгэсэн эмчдээ хандаж эмнэлгийн үйлчилгээ авах ёстой байтал манайхан албан хүчээр, шаардлагаар явдаг. Ингэхээр үйлчлүүлэгч. эмч хоёрын аль аль нь ямар ч өөриймсөг сэтгэл байхгүй.

Ер нь хүн төрөлхтний эрүүл мэнддээ ханддаг хандлага, лам багшдаа ханддаг хандлага хоёр яг адилхан. Хүн эмчид итгэсэн, өөрийн хүн тусална даа гэх итгэлээр очдог юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эмч, үйлчлүүлэгчийн итгэлцэл дээр тогтох ёстой. Юмыг буруу хуулиар, хүчээр хийгээд ирэхээр буруудчихдаг ажээ. Эх болсон зургаан зүйл, хамаг амыны тусын тулд гэж лам хэлдгийн адил эмч хүн хүний сайхан сайхны төлөө ажиллана гэсэн сайхан итгэл үнэмшлээр тангараг өргөдөг болохоос биш би заавал чамайг эмчлэх ёстой, би өөр дээрээ хариуцлага үүрнэ гэж тангараг өргөдөггүй. Хүчээр түрээ барьсан сэтгэлгээнд тулгуурлан эмчийн тангараг өргүүлдэг явдал заншил болоод тогтчихож. Тангараг гэдгийг буруу ойлгочихсон. "Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын төлөө" гэсэн нь Бурханы сургаал даган баримтлагч лам нарын тангараг, "Хүний сайхан сайхны төлөө" гэсэн нь эмчийн тангараг юм. Эмч хүний ёс зүй ерөөсөө л энэ.

Хүн гэдэг амьтан сэтгэлээрээ явдаг, ялангуяа эмч, өвчтөний харилцан итгэлцэл сэтгэл дээр тогтдог. Хэрвээ чамайг сайн эмч гэж бодоод чам дээр ирвэл би тэр итгэлээрээ л явна. Үнэхээр сэтгэлд чинь нэг л хүрэхгүй, надад итгэхгүй байна гэвэл Солонгос руугаа, Америк руугаа явж болно. Ерөөсөө ийм учиртай. Түүнээс биш заавал Батболд чи эмчил, 33 жил ажилласан, чи анагаахын дээд төгссөн, чи тангараг өргөсөн гээд шахаад байх нь хэн хэндээ ямар ч ашиг авчрахгүй. Эмчийн тангараг бол сэтгэл юм. Тангараг гэдгийг төр засаг нь ч буруу ойлгуулаад байна. Саяхан гэмтлийн эмнэлэг дээр тангараг өргөсөн эмч нар яахаараа ажил хаяж байгаа юм гэж зэмлэж байна. Бид ажил хаяхгүй гэж тангараг өргөөгүй, бид хүний эрүүл мэндийн төлөө ажиллана гэж энэ сэтгэлээрээ тангараг өргөсөн улс. Бид чинь хүн шүү дээ, цалин бага, амьдрал дорой, ажлын нөхцөл муу байгаагаа илэрхийлж энэ бүхнийг сайжруулахын төлөө ажил хаях нь хүний эрхийн асуудал.

Энэ намайг эмчлэх ёстой байтал яагаад намайг үзэхгүй байна, энэ ер нь нэг л хааш яйш хандаад буруу оношлочихлоо гэж хардаж сэжиглээд байдаг. Гэтэл лам, бөөд ёстой сүжгээр очоод жигнүүлж түлэгдээд зөндөө хохирсон тухай сонин хэвлэлд гарч л байгаа хэрнээ нэг нь ч шүүхээр явлаа, энэ бөө, тэр лам буруудлаа гэдэггүй юм билээ. Гэтэл эмч бид нар хүний эрүүл мэнд, амь насны төлөө зүтгэсээр байгаад бурууддаг. Ингээд ирэхээр эмч хүний сэтгэл хөрч, мэргэжилдээ дурладаг хүн ховордоод ирдэг юм байна. Миний сурагч үед онц сурлагатан нь анагаах руу явдаг, математик, физик, олон улсын харилцаа руу явдаг байлаа. Одоо анагаах руу сайн онц сурлагатан ирэхээ больчихоод байна. Яагаад гэвэл, эрүүл мэндийн систем угаасаа муудаад ирэхээр олон жил суралцаж дадлагаждаг, бага цалинтай, тэгээд амьдралын баталгаа үгүй учир эмч болох хүсэлтэй онц, сайн сурлагатан, чадварлаг ухаантан хаа байх вэ. Ийм болохоор шинэ үеийн ухаантнууд, чадварлаг бодьгалууд наашаа орохгүй, сайн хүмүүс анагаахын сургуульд орох нь цөөрөөд байгаа юм. Ингээд ирэхээр сууриараа, бүтэн үеэрээ эрүүл мэндийн салбар боловсон хүчнээр муудах гээд байна. Арван жилийн дараа гэхэд эрүүл мэнд салбараараа муудаад ирэхээр энэ ард түмэн минь яах болж байна. Энэ л хамгийн аюултай бөгөөд харамсалтай.

Социалист нийгмийн үед, бүх хүн ижил тэгш амьдарч байх үед болж байсан тогтолцоо зах зээлийн нийгэмд ороод ирэхээр огт таарахаа больчихсон. Ерөөсөө хүн болгон өөрийн төлөө явах ёстой, мэргэжил бүхэн өөрөө бизнес байх ёстой юм, тэгж байж амьдарна. Гэтэл эмч болохоороо бизнесгүй байдаг, эмч болохоороо үр хүүхдийнхээ ирээдүйг харж бодож болохгүй, зүгээр л ажиллаж байх ёстой юм шиг ойлгоод байх шиг байна. Үгүй шүү дээ, эмч бид нар хүмүүсийн амьдралын нэг эс. Эмч ч үр хүүхэдтэй, ар гэртэй, машинтай болохыг хүснэ, ар гэр үр хүүхдээ өндөр боловсролтой болгохын тулд сургуульд суралцуулахыг хүснэ. Гэтэл хуульч шүүгч нарыг авилга авахуулахгүй гэж цалинг нь нэмж байна. Эмч нарын сэтгэлийг амар байлгаж, ар гэрийг нь тайван ажиллуулахын тулд цалинг нь нэмье гэж хэн ч ярьдаггүй. Ингэхлээр эрүүл мэндийн тогтолцоо систем нь унтралын байдалд, эрүүл мэндийн салбарынхан сэтгэлийн асар их гутралд орж байна.

Бид нарын цалин 500 мянга. Би тасралтгүй 33 жил ажиллаад одоо 600 мянган төгрөгийн цалин авдаг. Ингээд бодохоор бид нар цаашдаа яаж сайхан ажиллаж, амьдрах вэ дээ. Үнэндээ сурсан мэргэжил, дуртай мэргэжил, өдий насанд өөр ажил хийгээд ч амжилтад хүрэхгүй учир аргагүй тогоогоо сахиад л сууж байна. Дээр нь нөгөө эмч хүн хүний төлөө гэсэн сэтгэл дотроос минь чангааж байна. Эрүүл мэндийн тогтолцооны бурууг ил тод, илэн далангүй ярихгүй байна. Ярихгүй хав дараад байхаар улам бугшаад яваад байгаа юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт дэлбэ үсэрнэ гэдгийг мартаж болохгүй. Эмнэлгийн өнөөгийн байдал ийм байхад хүмүүс хэдэн бор төгрөгөө бариад гадагшаа цувсаар байна. Гадагшаа эмчилгээнд дор хаяж 10-20 сая, хоёр, гурван зуун саяар нь зарж байна. Тайландын, Солонгосын, Хятадын эмчид энэ их мөнгөө төлөхдөө ерөөс сэтгэл хотойхгүй байгаа мөртлөө монгол эмч, эмнэлэгт тав арван цаасны төлбөр төлөхдөө маш их дургүй. Энэ бол Монголын эмнэлгийн системийн буруу. Энэ чинь эмч бид нарыг, энэ системийг ихээхэн дор ортол муутгасны шинж. Энэ нь цаашдаа хөгжилд ихэд сөрөг нөлөөлнө.

Тэгвэл эрүүл мэндийн салбарын хандлагыг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ гэж асуух байх. Энд тэндээс ухаантан залж авчраад, хаа газрын онол туршлага гээд байх явдалгүй, энэ салбар ердөө л зах зээлийн голдирлоороо яваг. Ерөөсөө нэг их ухаантан мэргэд онол туршлага гээд нэг их олон юм ярьдаг юм байна лээ. Тэгэх хэрэг байхгүй.  Яг зах зээлийн голдиролд нь оруулах ёстой. Тодорхой ганц хоёр эмнэлгийг төрийн, халамжийн, энэрлийн эмнэлэг, халдварт гэх мэт тодорхой албуудыг үлдээгээд улсын том эмнэлэг болох улсын клиникийн I, II, III эмнэлэг, төрийн тусгай хамгаалалтын эмнэлэг гээд системийг бүгдийг нь зах зээлийн журмаар ажиллуулбал өрсөлдөөн үүснэ, мэргэжлийн өсөлт үүснэ. Та төлбөргүй энэрэл эмнэлэгт очиж болно, үнэгүй эмчлүүлж болно, хамаа байхгүй.

Одоо голчлон орц хонгилд байгаа хувийн жижиг эмнэлгүүдийг хувийн эмнэлэг гэж хэлэхгүй. Орвонгоороо, системээрээ өөрчлөгдох ёстой. Түүнээс биш байшингийн орцонд 2-3 эмч гаргачихаад, ганц нэг эмнэлэг "Ачтан", "Сонгдо" эмнэлгийг эс тооцвол, үндсэн гол масс, үндсэн бүтэц нь яг хуучин хэвээрээ байгаад байгаа юм. Одоо"Сонгдо"мэт эмнэлэгт манай эмнэлгийн сайн эмч нар, бид нарын түшиг тулгуур болдог байсан 10 гаруй мундаг, сайн боловсорсон ирээдүйтэй эмч шилжээд байна. Эрх биш цалинг нь бодож очоод байгаа хэрэг. Ингэхээр бүх эмнэлгийг зах зээлийн тогтолцоонд оруулах хэрэгтэй байна.

Ерөөсөө эрүүл мэндийн салбарын чөлөөт тогтолцоо бол худалдан авах үйлчилгээ, эрүүл мэнд бол бизнес. Бүгдийг жам ёсоор нь тавиад, зөвхөн халамж хэрэгтэй, эмзэг бүлгээ хамгаалаад эмчлээд явах ганц хоёр эмнэлгийг жишээ нь Халамжийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, өндөр настны эмнэлэг төлбөргүй үлдэг. Бусад нь хаана ч, хэзээ ч, хэдэн төгрөгөөр ч очиж болно, та аль ТҮЦ-ээс гурил будаагаа авдаг вэ, яг ийм тогтолцоонд оруулж өгөх хэрэгтэй.

Манай даатгалын тогтолцоо их хачин. Зүрх судасны өвчтэй хүнд ямар ч даатгал байхгүй, сахарын өвчтэй хүнд үнэгүй эм өгдөг даатгалтай, зүрх судасны өвчтэй хүнд эм өгөхгүй, тэгэхээр өвчнөөр нь гадуурхаж байгаа хэрэг.  Зүрхний өвчтэй хүн бол хохь чинь бөөрний өвчтэй болсон чинь аз. Ингээд бөөр, элэг солино гээд нэг хүнд 100-200 саяар нь аваад явчихдаг.

Манай эмнэлгийн төсвийи 60 хувийг боор, элэг солиулсны дараахь үнэгүй эмийн эмчилгээ эзэлдэг. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа нэг хүнд эмэнд нь даатгалаас жилдээ 5-10 саяыг төлж байна. Гэтэл зүрх судасны өвчтэй хүнд нэг төгрөгийн ч хөнгөлөлт байдаггүй юм. Даатгалын систем ийм тэгш бус. Даатгалаар зөвхөн тодорхой хэдхэн төрлийн өвчлөл, эмэнд хөнгөлөлт өгч байгаа юм. Гэтэл даралттай хүнд сард 20 мянган, жилд 200 мянган төгрөгийн эм өгч болно, уг нь. Хэрэв 200 мянган төгрөгийн эм жилдээ өгчихдог болбол энэ их харвалт болгоод байгаа даралтыг бүрэн эмчилнэ. Ингээд ярихаар бөөрний эмгэгтэй улс, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс гомдох байх. Гэхдээ амьдрал тэгш байх ёстой. Зүрхний өвчтэй хүмүүсийн өмнөөс би ярьж байна. Энийг төр засаг яагаад харахгүй байна. Яагаад ч ингэж тэгш бус хандаж болохгүй шүү дээ.

Энэ чинь та нарын тогоон дотроо ярьж шийдэж байх асуудал байна, яагаад дуугүй байгаад байдаг юм бэ гэж асуух нь зүйн хэрэг. Эмч бид нар бишгүй хэлж ярьдаг юм. Эрүүл мэндийг улс төрийн тоглоом болгоод, намууд нь та нарыг үнэгүй эмчилнэ гэж ам булаалдан яриад, гарч ирсэн яам байгууллага нь ерөөсөө айхтар буянлаг амьтад харагдах гэдэг араншинг дагасаар байгаад л ийм болчихож байгаа юм. Жаахан дорвитой өөрчлөлт хийчихээр нам, зүрх зориг, сэтгэлтэй хүн гарч ирэхгүй байна. Энэ гурван жилд ингэнэ, бүсээ чангална, дараачийн таван жилд нь ийм юм хийнэ, тэгээд бүүр сайжраад ирэхээр Скандиновын орнууд шиг төлбөргүй эрүүл мэндийн системд шилжинэ гэх мэт эрс өөрчлөлт хэрэгтэй. Энэ таван жилдээ төлбөртэй байлгад, ийм өвчнүүд даатгалтай баймаар байна, манай төрийн бодлогын хувьд зүрх судасны өвчлөл анхаарал татлаа, залуучуудын эмгэг өвчлөл ийм байна, энэ нь анхаарал татлаа, ийм юман дээр төр бодлогоо боловсруулаад, бусад юмаа зах зээлийн голдирлоор нь явуулаад, харж ханддаг нийгмийн халамж үйлчилгээ, эмзэг бүлгээ тодорхой хэмжээнд нь хийчихмээр байгаа юм. Яагаад хийхгүй байгааг би их гайхдаг. Эрүүл мэндийм тогтолцооны талаар ярьж байгаа хүн их ховор. Ярьсан хүнээ өнтөглөнө. Тэгэхээр яаж ажил бүтэх вэ.

Өөдөөс таныг бас өөнтөглөнө шүү дээ гэх байх. Би яаж ч өөнтөглөхөөс эмээхгүй. Хийх ёстой ажлаа хийчихсэн сууж байна. Надад нэмж шунах юм байхгүй. Эмнэлгийн дарга надад дургүй боллоо, энээ тэрээ юм боллоо гэхэд намайг өөр олон эмнэлэг бушуу хүрээд ир гэнэ. Яагаад гэвэл миний дадлага туршлагыг үнэлээд авчихна. Залуу эмч нарын хувьд хэцүү. Манай орон тооны систем нь их буруу. Нэг хүн ороод ирвэл нэг суудлыг 30 жил эзэлнэ, би л гэхэд одоо нэг суудлыг 30 жил өмчлөөд сууж байна. Намайг гаргаж чадахгүй, Төрийн албаны, Хөдөлмөрийн гээд олон хууль намайг хамгаалж байдаг. Би муу хүн байг, чадваргүй хүн байг, над мэтийг солих, өөрчлөх арга тун бага. Ингээд ирэхээр энэ системд маш их өөрчлөлт хэрэгтэй. Ядаж том том эмнэлэг 4-5 жилд, гол гол албан тушаалд уралдаант шалгаруулалт хийж, сорьж шалгаж байх хэрэгтэй, хүн өөрөө хөгжинө, хоёр жилийн дараа би аттестатчилалд орно, гурван жилийн дараа миний энэ местэд конкурс зарлагдана гээд биеэ өөд татаж, ядаж шар хэвлэлээс арай өөр юм уншиж байх хэрэгтэй болно.

Энэ өгүүллийг би яагаад бичсэн бэ гэхээр, та бүгдийг зөв ойлгоосой гэсэн юм. Миний хэлж байгаа сэтгэл бол ард түмний төлөө эрүүл мэндийн системийн төлөө юм. Зарим талдаа өнцөгтэй сонсогдож, зарим талдаа жаахан буруу ойлгогдох магад. Энэ тал дээр сэтгэл эмзэглэх зүйл огт байхгүй.

 

Улсын Клиникийн I эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Батсүхийн Батболд