sonin.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормаа нарыг тус тус томилуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Жакарта, Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж, 43 дугаар тогтоол гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Жакарта, Бразилиа дахь элчин сайдын яамыг нээн ажиллуулахаар боллоо.   Бүгд Найрамдах Индонез Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн элчин сайдын түвшинд идэвх санаачлагатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2014 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо

Тусгай зориулалтаар 2014 онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно 20, бор гөрөөс 10, цагаан зээр 200 толгойг агнуулах, судалгаа шинжилгээний зориулалтаар идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих, 310 толгой тул загас барьж буцаан тавиулахаар тогтлоо. Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн 2013 онд спорт болон олзворын агнуурын чиглэлээр нийт 28 суманд 15  угалз, 32  тэх, 10   халиун буга, 4  саарал чоно, 4 бор гөрөөс, 4 зэрлэг гахай агнаж, агнуурын төлбөр хураамжийн 520,000,000 төгрөг сумын болон улсын төсөвт оржээ. Агнуурын менежментийг орон нутагт шилжүүлсэн бодлогын шинэчлэлийн үр дүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаанд тулгуурласан амьтны нөөцийг хамгаалах эхлэл тавигдаж байна. Орон нутагт байгаль хамгаалах нутгийн иргэдийн 3 холбоо, 6 нөхөрлөл, 4 төрийн бус байгууллага, малчдын 2 хоршоо байгуулагдан ажиллаж байгаа юм.

 

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг энэ хууль бүрэн хамруулах зорилгоор цэргийн дүрэм, алба хаах журмын зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Игнэснээр цэргийн алба хаагчтай холбогдсон захиргааны болон эрх зүйн аливаа асуудлыг төрийн байгууллагын аль ч шатанд зөвхөн энэ хуульд заасан зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой болно.

Товч мэдээ:

 

-      2014 оны хаврын тариалалтанд зориулж улсын нөөцөөс 5,940 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор борлуулалтын орлогоор нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрлөө.

-       Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

-    Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

-       Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

-    “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай” хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган  Улсын Их Хуралд  өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.