sonin.mn



Украйны ард түмэн өнгөрсөн оны 11-р сараас эхлэн ирээдүйгээ тодорхойлохын төлөө тэмцсээр байна. Энэ явцад тэд дэлхий даяар эр зориг, тайван өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болсон юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Украйны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, эх орноо яаж удирдах, ямар сонголт хийхээ тодорхойлоход нь тус болохуйц эрх чөлөө, дэмжлэгийг иргэдэд нь үзүүлж, Украйны төлөө нэгдмэл хэвээр байна.

Өнгөрсөн оны 11-р сард Киевт хэсэг хүмүүс цугларч дуу хоолойгоо Ерөнхийлөгчдөө сонсгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч нь Европын Холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах улс төрийн шийдвэр гаргачихсан байлаа. Тэдгээр хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байгаагаа ил тод хэлсэн.

Тэрхүү олон нийтийн эсэргүүцэл хэдэн арван мянган хүнийг хамарч эхэллээ. Тэдний дуу хоолой зөвхөн тэр улстөрийн шийдвэрээс гадна олон зүйлийг эсэргүүцэн дуугарч эхэлсэн.

Өвлийн тэсгим хүйтэнд тус орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд Майданы талбай дээр цугларч, улсдаа нүүрлэсэн авлига, хээл хахуулийг эцэс болгож, нууцлаг далд бизнесцйн хэлцлүүд бус шаргуу хөдөлмөрч иргэдийн эдийн засгийн оролцоог илүү дэмжиж, Үндсэн хуулиар хамгаалуулахыг шаардсан юм.

Энэ бол зөвхөн Украйны тухай асуудал биш. Энэ бол 21-р зуунд улс үндэстнүүдийн харилцааг зохицуулж байгаа үндсэн зарчмуудын тухай юм. 3-р сарын 26-нд Ерөнхийлөгч Обама Бельгид хэлсэнчлэн, энэ бол "Европ болон АНУ-ыг, мөн бидний хэдэн үе дамжин бүтээж бий болгосон олон улсын дэг горимыг сорьж буй мөч" юм.

Энэхүү дэг горим бол тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэргийг багтаасан багц, цөм зарчмууд дээр тулгуурладаг. Орос Улс Украйнтай түүхийн хувьд гүн гүнзгий холбоотой байх нь Украйны ирээдүйг зааж зааварлах эрхтэй гэсэн үг биш.

3-р сарын 7-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейд 100 орон санал нэгтэйгээр НҮБ-ын Дүрмийн тулгуур зарчмууд болон Украйны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, Оросын хууль бус үйлдлийг эсэргүүцсэн билээ.

Өөр нэг чухал зүйл бол өнгөрсөн өвөлжин Майданы талбай дээр болсон үйл явдлуудын нэгэн адил өнөөдөр өрнөж буй улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа нь Украйныг бүрдүүлж буй бүхий л үндэстэн ястан, шашин шүтлэгийг хамарч байна. Украйны ард түмэн буюу Украйн, Орос болон Татар хэлтэй хэн боловч тусгаар тогтносон, ардчилсан үндэстний хувьд ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Нийгмийн мэдээллийн хэрэгслүүд тэдний үзэл бодлыг сонсож, ойлгох боломжийг бидэнд олгож байна. Амьд эрчимлэг бөгөөд нээлттэй нийгмийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан дэлхий даяар түгж байгаа бичлэг, фото зургуудыг нь үзэж, блогийг нь уншаад үзэх хэрэгтэй.

Интернэтийн чөлөөт орчин Украйны дуу хоолойг дэлхий нийтэд хүргэж байгаагийн жишээ нь энд, Монголд ч бид Украйны ард түмэн юуны төлөө тэмцэж байгаа тухай үзэж, сонсож, унших боломжтой байна.

Анхны бага хэмжээний эсэргүүцлийн бай болж байсан Ерөнхийлөгч 7 хоног сураггүй байж байгаад дараа нь улс орноо орхин гарсан. Украйны ард түмнээс ардчилсан замаар сонгогдсон төлөөлөгчид Януковичийн хулчгар байдлаас болж үүссэн хоосон зайг нөхөн, түр хугацааны, завсрын Засгийн газрыг байгуулж, хариуцлагатай зохион байгуулалт бүхий сонгуулийг нэн тэргүүнд явуулахаар болж байна.

Украйны иргэн бүр дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх эдийг засаг, улс төрийн шинэчлэлийн саналыг 4-р сард түр Засгийн газраас өргөн барина. 5-р сард Украйны ард түмэн өөрсдийн хүсч эрмэлзэж буй ирээдүйг цогцлоон бүтээх мандат бүхий шинэ ерөнхийлөгчөө сонгоно.

Энэ хооронд Крымд оросууд олон улсын хууль журмыг үл тоомсорлон, хууль дээдлэх зарчмыг хөсөр хаясан явдал болов. Хүчээр, яаран сандран, хууль бусаар зохион байгуулсан "бүх нийтийн санал асуулга"-ыг цэргийн түрэмгийллийн өнгөн дээр хөршийнхөө газрыг ил тодоор булаан авснаа зөвтгөх хэрэгсэл болгон ашиглав.

Энэ бол байж боломгүй зүйл. Крым бол Украйных. Украйны Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хил бол тусгаар тогтносон Украйны хил мөн. Оросын зохион байгуулсан санал асуулга хүчээр газар нутгийг булааж авсныг нь ямар нэг байдлаар зөвтгөнө гэдэгт дэлхийн олон нийт итгэхгүй.

Бид Оросыг хязгаарлах гэж ингээд байгаа бус, харин Европ болон дэлхий нийтийн хувьд асар их утга учир бүхий зарчмуудыг баримтлах ёстой учраас ингэж байгаа юм. Сул дорой бус хүчирхэг, хариуцлагатай Орос Улс байх нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс болон дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцнэ.

Ирэх cap өдрүүдэд Киевээс Вашингтон Улаанбаатар хүртэл дэлхий даяараа нэгдэн, авлигад идэгдсэн, дарангуйлагч удирдагч нараа эсэргүүцэн боссон эр зоригт хүмүүсийн эрхийн төлөө дуугарсаар байх ёстой. Украйны иргэд хамтран нэгдэж, шинэчлэг өөрчлөлтөө тодорхойлж сонгуулиа явуулахаар бидний дэмжлэгийг хүссэн. Нэгдмэл, чөлөөт, амар тайван Европын төлөө, Украйны төлөө бид бүгдээрээ хамтран нэгдэх хэрэгтэй байна.

 

 

АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл