sonin.mn

Монголын Эдийн Засгийн форум буюу "Монгол "Давос" уламжлал ёсоор тав дахь жилдээ болж өнгөрлөө. Албан бус мэдээнээс үзэхэд нийт 900 гаруй сая төгрөгийн өртөгтэй зохион байгуулагдсан гэх тус чуулга уулзалтыг өмнөх жилүүдийнхтэй нь харьцуулахад зохион байгуулалтын хувьд хангалтгүй болсон, холбогдох салбарын сайд, дарга нар нь "эзгүй", байгаа нэг нь идэвхигүй оролцсон, тодорхой нэг биш, хэт олон асуудлаар хэлэлцэн ярилцсан, хувийн хэвшлийнхэн буюу баялаг бүтээгчдийн оролцоо бага байсан зэргийг үл харгалзан бизнесийнхэн энэ чуулга уулзалтаас чухам юуг хүсэн хүлээж байв, тэдэнд тулгамдаж буй ямар асуудлыг шийдсэн буюу шийдэхэд нөлөө үзүүлэв, тус форумын гол үр дүн, ач холбогдол юу байв гэдэг нь анхаарал татсан асуудал байсан учир үүн дээр онцолж хэлье.

Энэ удаагийн форумын уриа "Монголдоо бүтээцгээе!" байсан бөгөөд 2040 он хүртэлх уул уурхайн баялагт тулгуурласан Монгол Улсын хөгжлийн хувилбарыг гурван янзаар тооцоолон Дэлхийн Эдийн Засгийн форумтай хамтран бэлтгэснээ танилцуулсан юм. Бид ирээдүйгээ харсан төлөвлөлт, хөгжлийн асуудлыг ярилцах нь зүйтэй боловч одоогийн хүнд хэцүү нөхцөл байдлаас хэрхэн ангижирч хурдан гарах, үйлдвэрлэл, бизнесийг хэрхэн идэвхижүүлэх зэрэг өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэхэд түлхүү анхаарах шаардлагатай байлаа.

Бизнесийн орчинг сайжруулж, идэвхижүүлэхэд тустай зарим нэг асуудлын (жишээ нь, хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгох хоригийг цуцлах, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Өмчийн эрхийг баталгаажуулах хууль гаргах зэрэг) талаар сонссон нааштай мэдээллийг эс тооцвол бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байсан өөр олон асуудал, шийдлийг энэ удаа хөндөж ярьсангүй.

Тэгвэл бизнесийнхэн тус форумаас чухам яг юу хүлээж байв?

Нэгд, Эдийн засаг хямралын байдалд хүрсэн өнөө үед хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих валютын ханшийн өсөлтийн талаар ямар ч албан тушаалтан ам ангайж хөндсөнгүй нь хачирхалтай. Өнөөдөр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан олон компани, ААН их хэмжээний алдагдал хүлээгээд байна.

Энэхүү өсөлт нь төрийн болоод мөнгөний бодлогын алдаа, гажуудлаас үүдэлтэй, гэнэтийн давагдашгүй зүйл байсан болохоос бизнес эрхлэгчдээс огтхон ч хамаараагүй. Хэрэв ханш цаашдаа энэ чигээр өсөөд байвал олон зуун компани дампуурах, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа. Гэтэл энэ нь эрх баригчдад огт хамаагүй зүйл биш байлтай.

Томоохон ААН болох "Мобиком"-оос эхлээд олон компани цомхотгол хийж эхлээд байна. Энэ олон ААН-үүдээ хэрхэн дэмжих, ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг л сонсохыг хүсч байсан юм.

Хоёрт, бизнесийнхний хүсэн хүлээж байсан өөр нэг чухал асуудал бол татварын шинэчлэл байлаа. Манай бодлого боловсруулж шийдвэр гаргагчид татварын хувь хэмжээ бага гэдгээр сайрхдаг хэдий ч татварын бодит ачаалал буюу дарамт өнөөдөр манайд харьцангуй өндөр байгаа. Эдийн засаг хямралын ирмэгт тулаад байгаа өнөө үед татварын зөв, уян хатан бодлогоор бизнесийг эрчимжүүлэх шаардлагатай.

Иймээс татварын шинэчлэл хийнэ гэж амлах бус бодитойгоор хийж хэрэгжүүлж эхлэх, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Татварын тогтолцоог өөрчлөх, татвар хураалтын механизмыг боловсронгуй болгох, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштэй реформ хэрэгтэй.

Ялангуяа, Татварын ерөнхий болон НӨАТ-ын зэрэг хуулийг яаралтай шинэчлэн гаргахыг бизнесийнхэн хүсч, хүлээж байна. Гэтэл форум дээр энэ тапаар огт дурьдсангүй.

Гуравт, зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох үүрэгтэй төрийн байгууллага нь харин ч бизнесийнхнийг айлган сүрдүүлдэг, дарамталдаг газар болж хувираад байна. Бизнесийн орчинг сайжруулж өрсөлдөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх үүрэгтэй төр нь өөрөө бизнест хутгалдан орж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж эхэллээ.

Ямар ч ААН, хичнээн том байгаа ч төртэй өрсөлдөж чадахгүй нь тодорхой. Гэтэл бизнес дэхь төрийн оролцоог хязгаарлах талаар нааштай үг, амлалт ямар ч албан тушаалтны амнаас унасангүй.

Дөрөвт, гадаадын хөрөнгө оруулалт ус цас шиг хэрэгтэй байгаа одоо үед хөрөнгө оруулагчдыг татах, тэдний алдарсан итгэлийг хэрхэн сэргээх талаар төрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар сонсох, санал бодлоо хуваалцахыг олон бизнесийнхэн, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээж байлаа.

Ялангуяа манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх "Оюутолгой"-н төслийг хэрхэн урагшлуулах, энэ талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн бодит үр дүн ямар байгааг мэдэхийг чуулга уулзалтад оролцогчид хүсэн хүлээж байсан ч ганц ч үг олж сонссонгүй.

Тавд, ЖДҮ буюу экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл шалгаруулсан талаар хэвлэл мэдээллээр сүртэй мэдэгдэж 4.5 их наяд төгрөг зарцуулна гэж зарлаж байгаа хэдий ч тэдгээрийг хэрхэн санхүүжүүлэх, эх үүсвэрийг яаж бүрдүүлэх, төслүүдийг шалгаруулах буюу санхүүжүүлэх шалгуур үзүүлэлтүүд тодорхой бус, түүхий байгааг олон бизнес эрхлэгчид шүүмжилж байлаа.

Энэ их мөнгийг ийм олон жижиг төсөлд тарааж зарцуулснаас хэдэн томоохон төсөлд оруулсан бол илүү үр дүнтэй байх байсан гэж зарим эдийн засагч, бизнесийнхэн үзэж байсныг буруутгах аргагүй.

Зургаад, "Чингис" болон. "Самурай" бондын хөрөнгийн зарцуулалт, тэдгээрийн үр дүн, явцын талаар бизнесийнхэн сонирхож байсан ч энэ талаар хэн ч тодорхой хариулт өгсөнгүй. Үр ашгаа богино хугацаанд өгөх, эдийн засаг, бизнесийн идэвхижлийг эрчимжүүлэх чиглэлийн төслүүдийг түлхүү дэмжихийн оронд дэд бүтцийн хөрөнгө оруулалтад бүгдийг зарцууллаа гэсэн шүүмжлэлд оролцогчид хариу хүлээж байсан юм.

Дэд бүтэц хэрэгтэй нь тодорхой хэдий ч ирээдүйд өрийн дарамтад орохгүйн тулд бондуудын хөрөнгийн зарцуулалтад анхаарах, хяналттай байх нь зайлшгүй хэрэгтэйг бизнесийнхэн сануулж байна.

Долоод, бизнест хамгийн их хүндрэл чирэгдэл учруулж буй төрийн хүнд суртал, авлигыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа болон авахаар төлөвлөж буйг бизнесийнхэн ихээхэн сонирхож байсан.

Харамсалтай нь төрийн ямар ч албан тушаалтны амнаас хүнд суртлаа арилгана, төрийн үйл ажиллагааг чанаржуулж шуурхай, мэргэжлийн болгох талаарх амлалт, алдаа оноог сонссонгүй.

Авлига буурч байгаа, цахим худалдан авалт нэмэгдэж байгаа гэх хэдий ч бодит амьдралд харин ч нэмэгдэж, улам хүндрэлтэй болж буйг хэрхэн багасгах талаар төрийн бодитой алхам, үйл ажиллагааны талаар бизнес эрхлэгчид хариу хүлээж байлаа.

Энэ мэтчилэн шийдвэрлэвэл зохих олон асуудлын талаар бодитой, ажил хэрэгч шийдвэр, санал санаачлагыг бизнесийнхэн энэ удаагийн чуулга уулзалтаас хүлээж байлаа. Гэвч "Их санасан газар хоосон хононо" гэдэгчлэн хүлээж байсан зүйлүүддээ тодорхой хариу, тайлбар авч чадсангүй.

"Монголын Эдийн засгийн форум" гэсэн том нэртэй энэ арга хэмжээ цааш энэ хэвээр үргэлжилвэл оролцох хүнгүй, хэлэлцэх асуудалгүй, хайран цаг үрсэн юм болох төлөвтэйг зохион байгуулагчид анхаарах биз ээ.

Түүнчлэн өмнөх форумаас гарсан санал шүүмжлэл, зөвлөмжүүдийн дагуу ямар арга хэмжээ авсан, үр дүнд хүрсэн, юу хийсэн талаар тодорхой тайлан, мэдээлэл өгч байх шаардлагатай байна.

Цаг хугацааны хувьд ч гэсэн форумыг төсөв батлахаас өмнө хийж оролцогчдын гаргасан үнэтэй санал, зөвлөмжүүдийг төсөвт тусгах замаар бодитойгоор хэрэгжүүлж явбал илүү үр дүнтэй болох. Түүнчлэн эдийн засгийн тэргүүлэгч хүч-баялаг бүтээгчид болох хувийн хэвшлийн оролцоог түлхүү хангахад анхаарахад илүүдэхгүй байх.

МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй