sonin.mn

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар АНУ-ын Станфордын их сургуульд болж буй Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадмын үеэр 2014 оны 2 дугаар 28, 3 дугаар сарын 1, 2-нд Монголын урлагийн тоглолтуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Станфордын их сургуультай хамтран зохион байгуулжээ.

Нийт 28 хүнтэй урлагийн багийн бүрэлдэхүүнд УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, Ц.Ариунаа, Ш.Наранчимэг, М.Даваадорж, бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар,  Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг манай улсын  нэрт уран бүтээлчид багтсан байна.

Энэ үеэр Станфордын их сургуулийн 850 хүний суудалтай “Бинг” концертын ордонд  манайхан  урлагийн тоглолтоо 2 удаа толилуулснаас гадна Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реквием” дуурьт манай 4 гоцлон дуучин Станфордын их сургуулийн Симфони найрал хөгжмийн чуулга, Симфони найрал дууны чуулгатай 2 ч удаа хамтран тоглосон. Мөн Станфордын их сургууль, Берклийн их сургуульд монгол тууль, хөөмийн урлагийн сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний бага хурал, лекцид судлаач Б.Цэцэнцолмон, Д.Баянмөнх нар илтгэл тавьж оролцов.

ЕКГ Монголын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын өмнө хүндэт зочдод зориулан хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд  Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр тоглолтыг нээж үг хэлэв. Тус газар мөн Сан Францискогийн Хотын захиргааны байранд Монголын үндэсний урлагийн бэсрэг тоглолт зохион байгуулав.

АНУ-ын Баруун эрэгт манай улсын шилдэг уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүн  ийнхүү анх удаа  ирж  тоглосон нь Монголын соёл урлагийн гайхамшгийг америкчуудад таниулан сурталчлахад үр дүнтэй арга хэмжээ боллоо.