sonin.mn
...Жараад жилийн тэртээд биднийг багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж байх үед "Сургуулийн ариун цэвэр" (школьная гигиена гэдгийг тэж орчуулдаг асан) хэмээх тусгай хичээл заадаг. Түүнийг Шаравжалсан багш гэж сүрлэг бөгөөд царайлаг багш заадаг байлаа. Дөнгөж долдугаар анги төгсгөөд, бага ангийн багш болохоор багш нарыг бэлтгэх сургуульд элссэн бид мэтийн "бацаануудад" бол тэр хичээлийн мөн чанар, хэрэгцээг бас утга агуулгыг бүрэн дүүрэн хүлээн авч ухаарах "тэнхээ" суугаагүй байсан.
 
Гэхдээ ор мөргүй үлдсэнгүй. Багш болох улмаар бага, дунд сургууль удирдаж ч мэдэх ирээдүйтэй хүүхдүүдэд тийм хичээл заах зайлшгүй шаардлагатай нь тэр үеийн нийгмийн байдлаас тодорхой болсон учир тийм хичээл хэрэгтэй байжээ. Тэр үеийн хөдөөний хүүхдүүдэд нусны алчуур (тэгж нэрлэдэг нь хүртэл нэг юм хэлээд буй) шүдний сойз, 00, саван мэт нь үзээгүй шинэ юм байсан хэрэг. "Уруулын будаг" гэдгийг ч хөдөөний охид мэддэггүй байлаа.
 
Шувууны өндгөнд сүүдрээ ч хүргэж болохгүй гэж эцэг эхээс сургамж авсан хөдөөний хүүхэд өндөг идэхийг ч гайхдаг байв. Тэр ч байтугай нэг хүүхдийн аав нь хотын гуанзанд ороод загасны махтай хоол хармагц "усны хорхой иддэггүй ээ" гэж хамраа ханцуйгаар дараад ухасхийн гадагш гарч билээ. Иймэрхүү нөхцөлд "сургуулийн эрүүл ахуй" /гигиена/ гэдэг хичээл ирээдүйн багш болох хүмүүст их хэрэг болж билээ. Харин сүүлийн үед иймэрхүү хичээлийг багш болох хүмүүст заахаа больсон мэт дуулддаг.
 
Өнөөдөр, хорин нэгдүгээр зуун учраас "школьная гигиена" (сургуулийн эрүүл ахуй) гэдэг хичээл бус "социальная гигиена" гэх хичээл багш, сурган хүмүүжүүлэгчдэд нэн хэрэгтэй болсон цаг. Хүмүүсийн хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн сэтгэлгээ, хүмүүжил их өндөр түвшинд нэгэнт хүрчээ. Харин өөр нэгэн бохирдол, эмгэг, архаг өвчин нэг хэсэг хүнийг биш бүхэл бүтэн нийгмийг доройтуулсаар байна. Тэр нь "социальная гигиена" (нийгмийн эрүүл ахуй буюу ариусал) гэдэг сэдэвт бүрэн хамрагдах асуудал юм.
 
Эрин цагийн совесть буюу нинжин сэтгэл, дотоод сэтгэл нь ариусал шаардах болсоор уджээ. Өмнөх нийгэмийн тогтолцоонууд ч "ариусах" хандлагаар явсаар ирсэн боловч архаг өвчин, шинэ өвчин хоёр аль аль нь "үлдэцтэй" байсаар барахгүй санаанд оромгүй "шинэ" өрөвсөл гарсаар байна. Хоёр мянган жилийн тэртээд дэлхийн хүн ам 300 сая байснаа 2000 оны босгоор давахад 21 дахин өсч 6.3 тэрбум болж, хуурай газрын 26 хувийг малын бэлчээр, 11 хувийг тариалан, 3 хувийг нь хот тосгон, үйлдвэр, зам болгон хувиргав.
 
1700 оноос эхлэн ой модыг тайрч, бэлчээр, ногооны газар болгох "ажил" зургаа дахин нэмэгдэж хүнс тэжээлээ залгуулаад зогсоогүй ан амьтдыг, шувуу жигүүртэнг хүртэл хядаж идсээр 1130 сүүн тэжээлтний дөрөвний нэгийг бүрмөсөн үгүй болгож (484 төрлийн амьтан), 1183 төрлийн шувууны наймны нэг нь, 654 төрлийн ургамал бүрмөсөн үгүй болжээ. Хүний хийсэн нүгэл үүгээр дууссангүй үргэлжилсээр л байна.
 
Хүн тэгээд зөвхөн сүүлийн хагас зууны хугацаанд гэхэд л дэлхийн гол мөрнүүд дээр 8001 мянган далай хаалт барьж босгон ус хаасны 45 мянга нь 15 метрээс өндөр бөгөөд 277 усан "судасны" жаран хувь нь далан хаалтанд боогдож, турбин эргүүлэхэд хэрэглэгдэх болжээ. Монголчууд сүүлийн үед тэртээ тэргүй "сульдаж" байгаа хэдэн гол дээрээ / Завхан зэрэг/ бас улс орны "усан судас" болсон Сэлэнгэ мөрөн, Орхон голыг далангаар боймлохоор завдах болжээ. Модыг хяргаж, усыг нь "самарснаар" дэлхийн уур амьсгал "бачимдаж" "халуурах" өвчний шинж тэмдэг илэрхий болж хэргийн эзэн хүмүүст ч өөрсдөд нь гай зовлон үүсгэх боллоо.:
 
"Эх дэлхий" гэж хичнээн зуунд магтаж ирсэн газар дэлхийгээ төнхөж нүүрс, алт, мөнгө, зэс мэтийн юмны шуналд автагдах болсноор хүн төрлөхтөн төрж өссөн хорвоогоо шархдуулсаар байна. Түүнээ "байгалийн баялаг" ашиглах гэж авгайлан ухаж төнхсөөр боловч авч хэрэглэдэг тэр юмныхаа дөнгөж 10 хувийг нь ашиглаж бусдыг нь хог болгон хаясаар байна. Шунал нь өссөөр боловч технилоги (арга) нь хоцрогдсоор байгаагийн харгай юм.
 
Хүн тэгээд нөгөөх ухаж авсан нүүрс, сэлтээн гол төлөв шатааж, амьсгалах агаараа бохирдуулан нүүрс төрөгчийн давхар исэл (СО2) цацсаар хүлэмжийн нөхцөл бүрдүүлэх хийг 60 хувиар ихэсгэж түүнд нь метан хориод хувь, нүүрс төрөгчийн бусад нэгдэл 14 хувь, азотын исэл 7 хувь эзэлдэг болж тэр нь жил ирэх тусам нэмэгдсээр байна.
 
1750 онд хүн төрлөхтөн тэнгэр өөд 11 сая тонн СО2 (нүүрс төрөгчийн давхар исэл) цацаж байсан бол зуун жилийн дараа тэр нь 18 дахин нэмэгдэж 198 сая тоннд хүрч дараах зуунд нь түүнээ 30 дахин ихэсгэж 6 тэрбум тоннд хүргэчихжээ. 1995 он гэхэд энэ дөрөв дахин өсч 24 тэрбум тоннд хүрэхэд дэлхийн дундаж дулааралт 6 хэмээр(цельсийн) нэмэгджээ. Нийгмийн эрүүл ахуйн мэдлэггүй хүмүүс "зургаахан хэм гэнээ, юу ч биш" гэж ханхалзахажээ.
 
Гэтэл энэнээс болоод агаарын хөдөлгөөний урсгал хямарч, хур тунадас хуваарилалт замбараагүйтэж хар салхи, үер ус, ган гачиг, ойн түймэр нэмэгдсээр буйг Европ, Америк, Ази, Африкт биеэрээ мэдэрч эхлэв. "Юу ч биш" гэсэн юмнаас нь болоод хорьдугаар зуунд 10 сая хүн үрэгдсэн бөгөөд нурж сүйрсэн барилга, шатсан газар нутаг усанд үйсэн хүмүүс гарз хохирол санаанд багтамгүйгээр ихэслээ.
 
Байгалын томоохон аюул 1950-аад онд 20 удаа, 1970-аад онд 47 удаа, 1990-ээд онд 86 удаа, шинэ зууны эхний арван жилд бараг жил дутам хэд хэд дахин тохиолддог болжээ. Дэлхийн цас, мөсөн бүрхүүл 1960-аад оноос хойш 10 хувиар шуугдаж, хойт мөсөн далайн мөсөн бүрхүүл нь нэг метр гаруй нимгэрч, түүнээс урссан уснаас гадаад далайнуудын усны түвшин дээшилсээр түрүүчийн зарим арлууд живэх тийшээ хандаж байгаа ажээ.
 
Одоогийн зууны дунд үе болоход Япон, Энэтхэг, Бангладеш, Индонези, Шри Ланк, Вьетнам, Малдивулсууд болон Африк тив, Зүүн өмнөд Азийн эрэг орчмын усны түвшин эрс нэмэгдэж ихээхэн хүндрэл учрахаар байдал түгшүүр зарлаад байна. Умардын орнуудын мөнх цэвдэг гэсч, Канад, Гренланд, Сибирийн хойт хэсэгт цаг уур дулааран, мөнх цэвдэг дээр барьсан барилгууд нурах аюул тохиолдохоор ажээ.
 
Бөмбөрцөг дэлхийн маань "зан хувирч" бие нь бүлээрч "хүндээр өвчлөх" аюул нүүрлэх болсны гол гэмтэн нь хүн өөрөө юм. (Дээр дурдсан тоо баримтыг дэлхийн эрдэмтдийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны дүнгээс авлаа).
 
Хүн ийнхүү өөрийнхөө буй болгосон соёл иргэншлийнхээ барьцаанд орж байна. Үүнээс сэрэмжлэх, гарах гарц хайх нь "нийгмийн эрүүл ахуйн" (социальная гигиена) ухааны гол шаардлага боллоо. Ухаан эрдэм дутсандаа иймд хүрсэн бус бөгөөд ухаанаа жолоодох эр зориг дутсаны гай иймд хүргэж байна.
 
Хүн төрлөхтөн өнөө үед эрдэм дутахааргүй болжээ. Дэлхийн хэмжээнд бүрэн бус тоогоор одоо таван сая том эрдэмтэд ажиллаж байна. Мэдээлэл дутлаа гэх үндэс бас байхгүй болсон. 19 дүгээр зууны эхээр бүх дэлхиин хэмжээнд орчим тогтмол болон эрдэм шилжилгээний хэвлэл гарч байсан бол хорьдугаар зууны сүүлч гэхэд мэдээлэл, эрдэм шинжилгээний тогтмол хэвлэл нь 100 мянгын тоонд хүрчээ.
 
Тэгээд жил дутам 3 сая өгүүлэл нийтлэгдэж байна. Сүүлийн гучаадхан жилд тэртээ 500 жилийн турш хэвлэгдэж байсан бүх номны тоотой тэнцэх тийм олон ном хэвлэгдэн гарчээ. Үүн дээр "интернэт" гэдэг цоо шинэ мэдээллийн суваг буй болж аль ч улс орны ямар ч хүнд ялгалгүй мэдээлэл дамжуулах цоо шинэ боломжийн орчлонтой боллоо.
 
Ийм нөхцөлд дэлхийн хаана юу болж байгааг хэнбугай ч бараг гэртээ сууж байгаад л мэдээд авдаг боллоо. Кибернетчилэгдэх, компьютерчлэгдэх, роботчилогдох глобаль (дэлхийшсэн) ололт одоо ердийн юм болон хувирлаа. Гэвч хүн төрлөхтөн өлгий болсон дэлхийнхээ тухайд түрэмхийлэгч (агрессор) хэвээрээ шахам байж байна. Үүнийг өөрчлөх, шинэчлэх арга зам бол бараг "заагчгүй дурайж" байгаа билээ.
 
Нэгд: Техникийн гарвалтай соёл иргэншлийн хямралаас гарах нь чухал. Юуны урьд технологийн хоцрогдлоос чөлөөлөгдөх ёстой. Наад захын баримт гэхэд л газрын тосны гаралтай шатахуунаар хөдөлдөг автомашинуудыг нарны эрчим хүчээр явдаг, ус төрөгчөөр ажилладаг, хүчил төрөгч эсвэл өөр хийгээр ажилладаг, цахилгаан хөдөлгүүртэй зэрэг утаа униар, дуу шуугианаас чөлөөтэй болгон шинэчлэх нь зайлшгүй шаардлага.
 
Эс тэгвэл дөрвөн хүн дутмын нэг нь агаар хордуулж, хөрс бузарладаг, аюул ослын болзошгүй этгээд болсон автомашин барьдаг, түүнийхээ эрхшээлд автагдсан хүн төрлөхтөн болж хувирахад нэг хуруу дутуу байна. 
 
"Мерседес-бенз", "Фольксваген" гэдэг төмөр үхэр бэлтгэдэг Герман улс, "женерал моторс", "крайслер"-ийн ээж АНУ, бас хожуу "жирэмсэлсэн", "хондагийн" эцэг Япон, одоо дээр нь нэмэн төлжиж буй үйлдвэрүүдийг дэлхий дахины эрх ашгийн үүднээс шинэчлэн, хор хөнөөлгүй технологит шилжихийг шаардаж, хэрэгжүүлэх ёстой байна. Химийн болон металургийн том бөгөөд хоцрогдсон үйлдвэрүүдийг хаах, эсвэл технологийг боловсронгуй болгох нь бүх нийтийн шаардлага юм.
 
Шинэ технологийг нэвтрүүлэх юм бол, жишээ нь, нунтаг төмөрлөгийн үйлдвэр мянган тонн эдлэхүүн хийхэд 190 ажилчин хэмнэж, төмөрлөг зорох 80 суурь машин суларч, 2 мянган тонн хар ба өнгөт төмөрлөг, 1.5 сая рубль хэмнэх боломж гардсаар байх ажээ.
 
Европын зарим орны (Герман зэрэг) нүсэр хүнд, бүдүүлэг технологитой үйлдвэрүүдээ өөрчлөх санаачлага гаргаж байгаа нь сайшаалтай ч тэр шахагдсан гангийн үйлдвэрийг нь хятадууд "мах эвдэх шиг" аргаар хэсэгчлэн салгаж далайн онгоцоор зөөж ирээд угсарч мөн л Ази тивд бас нэг "утаа тавигч" буй болгох гэх мэт сэлгээ явагдсаар байна. Хоцрогдсон технологитой, экологид хор хөнөөлтэй үйлдвэр шинээр барьж байгуулах, хуучныг зөөвөрлөн байрлуулах үйл ажиллагаанд хориг тавих нь чухал юм.
 
Хориг тавих, ер нь нийт хүн төрлөхтөн, түүний өлгий дэлхийн байдал хор хөнөөлтэй үйлдэлд Хориг тавих дээд байгууллага бол НҮБ буюу Нэгдсэн Үндсэтний байгууллага байх ёстой. Гэтэл тийм эрх мэдлээр хангагдаагүйн дээр гишүүн орнуудынхаа хүчирхэг, нөлөө ихтэй гүрнүүдийн дуу хоолой болох, зохисгүй үйлдлийг нь "нүд анин" өнгөрөөх шинжтэй бараг л "илүүдэл эрхтэн" мэт санагдахаар болсон энэ байгууллагыг буй болгоснооо хойших бараг жаран жил болох гэж буй урт хугацаанд дэлхий дээр буун дуу тасралгүй олон удаагийн бүс нутгийн хэмжээнд дайн гарахаар барахгүй НҮБ-ын гишүүн орнууд ч "бүлэглэн" Арабын орнууд руу бөмбөгдөгч онгоц, цэрэг зэвсэг илгээсээр сүүлийн үед бүр эрээ цээргүй болж эхэлсэн ч НҮБ таг чиг байх бололтой.
 
Хэлсэн ярьсан зүйл нь ч хэрэгждэггүй мэт. Тэгвэл энэ олон улсын чанартай байгууллагыг ядаж ямарваа "дайн" гаргуулахгүй байх эрх дархтай болгомоор юм. Дэлхийн бараг бүх томоохон орон гишүүнчлэлтэй болсон ийм байгууллага л дэлхийг, хүн төрлөхтнийг "өмөөрч" чадахгүй бол ер нь утгагүй хэрэг.
 
"Дэлхий мөхнө" гэхчилэн яриа гараад байгаа нь ямар нэг үнэний талтай юм бол НҮБ "ноосфера" гэдэг олон улсын хэмжээний байнгын стратеги, практикийн удирдамж боловсруулан улс бүрд (гишүүн) тэр улсын Үндсэн хуультай тэнцүү хэмжээнд хэрэгжүүлмээр юм. Дэлхийн хүн нийгмийн (мировой социум) сэтгэл зүйн болон амьдрах арга ухаан, нийгэм сэтгэлгээг нь ахин үнэлгээжүүлж одоогоор ганц болоод буй "хөрөнгөт" (капиталист) нийгмийг "нийгмийн ариусалд" (социальная гигиена) оруулахаар байна.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв