sonin.mn
Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан чөлөөт хэвлэлийн анхдагчдын яриаг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа “Хань” сониныг үүсгэн байгуулагч, “Согоонцэцэг, “Үнэнч хайрын золиос” романуудаараа уншигчдын танил болсон зохиолч, сэтгүүлч Д.Батсүхийг урин оролцуулж чөлөөт хэвлэлтэй холбогдсон сонирхолтой түүхийг нь уншигч тантай 
хуваалцаж байна.
 
-Уншигчид “Хань” сониныг  Д.Батсүх гэдэг хүн эрхлэн гаргадаг юм байна гэдгийг дуулсанаас биш өөрийн тань тухай  бараг л мэдэхгүй. Та ер нь ингэхэд хэвлэл мэдээллийн салбартай  амьдрал, хувь заяагаа хэрхэн холбосон хүн бэ дээ?
 
-Бүгдийг нь  яривал  сонины  нэг  нүүр хүрэл­цэхгүй.Би Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн хүн. Хялганатын ойн техникумыг ойжуулалтын мэргэжлээр 1986 онд төгссөн. Сурч байхдаа дунд нь цэрэгт яваад долоон жилийн дараа төгссөн. Төгсөөд ЗХУ-ын Минск хотод сурахаар явсан. Ойжуулалтын мэр­гэжилтэй хүнийг мод боловсруулах үйлдвэрийн суурь машины засварын инженер, механикийн ангид явуулчихаар яаж ч дуртай байх вэ дээ.
 
 Ер нь социализмын үед чинь хүний авьяас билгэ, хүсэл сонирхол, ур чадварыг огт анхаарч үзэлгүй  шууд тулгаад л сургуульд явуулдаг байснаас маш олон хүний амьдралыг үрэн таран хийсэн дээ. Сурч байгаа мэргэжилдээ дургүй хүн чинь ирээдүйд яаж амжилт гаргах вэ дээ. Ингээд 1990 он хүртэл хэсэг хугацаанд гудамж метрлэсэн. Тэгээд Монголд Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэнгүүт жинхэнэ утгаар нь дэмжин тэмцэлдэж эхэлсэн гэж байгаа. Гэхдээ хэн нэгний заавар зөвлөлгөө, ятгалга огтхон ч байгаагүй юм шүү. Би ер нь төдийгөөс өдий хүртэл хэн нэгнийг дагаж юм уу, бусдын үгээр ажил, амьдралаа зохицуулж үзээгүй хүн. Өөртөө л зөв гэснээ хийсээр өнөөдөртэй золгосон. Ардчилсан хүчний хамгийн анхны цуглааныг мэдээгүй учраас очиж чадаагүй. Бусад бүх цуглаанд нь оролцсон. Жагсаал цуглааны эхний эгнээнд нь явдаг хамгийн идэвхтэй оролцогч, тэмцэгч нь байлаа. Тэр үеийн цэл залуухан Батсүхийн зургууд Ардчилсан хөдөлгөөний он дарааллын түүхэн гэрэл зурагнуудад ямагт эхний эгнээнд зогсож байгаагаар үлдсэн. 
 
- Таныг тэр үеийн “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан гэдэг...
 
- Энэ тухай ярьвал их урт түүх болно. Хамгийн анх “Нэрийн тухай бодол” гэдэг сонины нэг нүүр нийтлэл бичээд “Залуучуудын үнэн” сонинд өгчихсөн байсан юм. Хэвлэгдэхгүй сар гаруй болж байгаад 1990 оны хоёрдугаар сард жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр хэвлэгдэж байлаа. Би тэр нийтлэлдээ Оросоос хуулбарласан Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нэрийг дөрвөн хайрханыхаа нэрээр солих, түүнчлэн тэр үед Сэлэнгэ нэртэй байсан одоогийн Чингис зочид буудлын нэрийг солих нь зүйтэй гэх мэтээр их л зоригтой шүүмжлэн бичсэн юм. Нийтлэл гарсаны дараахан тэр үеийн Улаанбаатар хотын дарга байсан Л.Энэбиш гуайн шууд оролцоотойгоор дүүргүүдийн дөрвөн хайрханаар нь, хорололуудыг Өнөр, Сэлбэ, Сансар, Нарлаг гэх мэтээр нэрлэсэн түүхтэй. Түүгээр ч зогсохгүй “Спортын гавьяат мастер” гэдэг байсныг “Монгол улсын гавьяат тамирчин” хэмээн нэрийдье гэсэн миний санал дэмжигдэж тэр үеэс хойш ингэж нэрлэдэг болсон. 
 
- Сэтгүүлч биш атлаа “Залуучуудын үнэн” сонинд ажилд орсон чинь сонин санагдлаа. Тэр үед мэргэжлийн дипломгүй хүнийг ажилд авдаггүй байсан гэдэг. Ингэхэд та яаж сэтгүүлч болсон юм бэ? 
 
- Ер нь бол их сонин түүхтэй. Минскт оюутан байхад өвлийн амралтаар манай сургуулийн хэдэн охид Монголд амрахаад явж байхдаа онгоцон дотор Төрийн шагналт, зохиолч Д.Мягмар гуайтай зэрэгцээ суудалд таарсан юм билээ. Тэгээд тэр охидууд зохиолч гэдгийг нь мэдмэгц яриа өрнүүлж “Манай сургуулийн Батсүх гэдэг хүүхэд зохиол бичдэг” гэж л дээ. Би Минскт сургуульд явахдаа “Хөдөлмөр” сонины нэг дугаарыг аваад явсан юм. Тэр сонины арын хуудсанд МҮЭ-ийн 60 жилийн ойд зориулсан уран бүтээлийн томоохон уралдааны зарласан байсан. Тэгээд бараг таван жил нухсан нэг өгүүллэгээ арай чуу гэж нэг юм дуусаад Монгол руу явсан нэг оюутанд дайж өгөөд бүр марчихсан байж. Тэгтэл жилийн дараа уралдаанд байр эзлэсэн мундаг зохиолч болсон. 
 
- Нөгөө онгоцон доторх яриа юу болсон бэ?
 
-Аа тэнд ийм яриа өрнөсөн юм билээ. Д.Мягмар гуай, “Тэр уралдаанд хоёрдугаар байр эзлэсэн “Гэрэлт-Од өгүүллийг бичсэн хүүхэд танай сургуулийнх юм уу. Би тэр уралдааны шүүгчийн хувьд яваандаа юм дуулгаж мэдэх, жинхэнэ зохиолч болох хүүхэд байна гэж ихэд дэмжиж Үйлдвэрчний Эвлэлийнхэнтэй үзэлцэж байж хоёрдугаар байранд оруулсан юм. Уг нь нэгдүгээр байранд оруулах гэсэн чинь Үйлдвэрчний эвлэлийн тухай огт тусгагдаагүй зохиолыг байр эзлүүлэхгүй” гээд халгаадаггүй. Тэнд орсон зохиолууд бүгд л Үйлдвэрчний  эвлэлийг хуурай хоосон магтсан, сүржиндүү юмнууд байсан юм. 
 
Тэгэхээр нь энэ хүүхдийн бүтээлийг байр эзлүүлэхгүй бол би энэ уралдааныг чинь шүүхгүй гэж байж хоёрдугаар байранд оруулсан” гэж хэлсэн гэдэг. Би 1982 оноос өнөөг хүртэл уран бүтээл оролдохдоо тавхан өгүүлэг л бичсэн хүн. Тэр таван өгүүллэгээрээ “Сэтгэлийн үнэр” гэдэг нэртэй ном гаргсан. МҮЭ-ийн 60 жилийн ойн уралдаанд хоёрдугаар байр эзлэсэн “Гэрэлт”Од” өгүүллэг маань миний хамгийн анхны өгүүлэг байсан. Тэр өгүүллэг маань намайг, урьд өмнө уулзаж байгаагүй, огт танихгүй Д.Мягмар гэдэг гайхалтай сайхан хүнтэй танилцуулж өнөөдрийн амьдралын минь зүг чигийг тодорхойлж өгсөн дөө. 
 
 
- Ганц өгүүллэгээр амьдралынхаа замыг шийдсэн гэхээр сонирхолтой санагдаж байна шүү?
 
- Яах аргагүй тийм л юм болсон юм. Д.Мягмар гуай манай охидүүдад, “Тэр хүүг зун амралтаараа Монголдоо ирвэл Зохиолчдын хороон дээр намайг сураад очоорой” гэж хэлүүлсэн байсан. Би тэр ч захиасаар нь 1989 оны намар сураад очсон. Д.Мягмар гуай, “Чамд өөр өгүүллэг байна уу” гэсэн. Байна гээд “Сүүлчийн өдөр” өгүүллэгээ өгтөл намайг С.Дашдооров гуай дээр дагуулж ороод “Дооров оо хө чи энэ хүүхдийн юмыг нэг хар даа. Би их тоогоод байгаа юм” гэж хэлчихээд л гараад явчихсан. Д.Мягмар гуай бол хачин нямбай, илүү дутуу зангүй, хэн нэгнийг зусардах, бялдуучлах гэдгийг мэддэггүй онцгой хүн байсан. Дашдооров гуайд өгсөн “Сүүлчийн өдөр” өгүүллэг маань нэлээд удсаны эцэст “Цог” сэтгүүлийн 1990 зургаадугаарт нийтлэгдэж байлаа. Тэр л үед Д.Мягмар гуай “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байсан, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Нямаа гуайд хэлж захиснаар би гэдэг хүн сонин хэвлэлтэй холбогдож өнөөдрийг хүртэл бичиж, туурвиж явна. 1989 оны намар болсон Зохиолчдын хороон дээр болдог “Залуу зохиолчдын гурав хоног”-ийн үеэр нэрт сэтгүүлч  “Алмас” Батбаяр, “Сэрүүлэг”-ийн Баярмөнх, Ч.Энхээ, Н.Сүхбат гээд олон залуустай нартай танилцаж байлаа. 
 
- “Алмас” Батбаяр гэхээр Дамбадаржаагаас алмас барьсан гайхалтай эрийн түүх нүдний өмнүүр жирэлжээд өнгөрч байх чинь. Энэ тухай жаахан тодруулж ярихгүй юу?
 
- 1990 оны дөрөвдүгээр сард болсон МХЗЭ-ийн онц их хурлаар сонины коллеги тэр аяараа өөрчлөгдөж “Залуучуудын үнэн” сонин маань “Монголын залуучууд” нэртэй болж эрхлэгчээр нь яруу найрагч С.Батмөнх томилогдож ирсэн юм. С.Батмөнх эрхлэгч шижигнэсэн сайхан залуучуудаар редакциа бүрдүүлсний дотор “Алмас” хэмээх Ц,Батбаяр, Х.Бүрэнтогтох бид хэдийг “Ардын хүүхэд ардын хүүхдэдээ хайртай. Би та нартай л адилхан ардын хүүхэд. Долоон буудалд төрж өссөн хүн” гэж хэлээд авч “Монголын Залуучууд” сониндоо сурвалжлагчаар авч байлаа. “Алмас” Ц.Батбаяр маань үнэхээр багтаж ядсан авъяастай хүн байлаа шүү дээ. Хачин цэгцтэй, богинохон бас их донжтой нийтлэл бичнэ. 1991 оны дөрөвдүгээр сарын нэгний дугаарт “Дамбадаржаагаас алмас баригдав” гэж бичээд ёстой жинхэнэ “од” болж  байлаа. Жинхэнэ шуугиан, сенсаци гэдэг л тэр байсан. “Залуучуудын үнэн” сонины захиалга тэр үед 120 мянга гараад явчихлаа гэж яригдаж байсан юм шүү. “Шохоорхлоос цаашхи ганц алхам буюу асуултыг тэмдэг” гэдэг нийтлэлээрээ тэр үед нийгэмд дөнгөж дэлгэрч эхэлж байсан биеэ үнэлэлтийн талаар гайхамшигтай бичсэн.
 
- Анхны хувийн сонингоо хэзээ гаргасан бэ. Сонирхолтой нэртэй сонин байсан санагдах юм. Би андуурч байна уу?
 
-“Монголын Залуучууд” сонинд 1993 он хүртэл ажиллаад бүх хүн наймаанд шогшиж, хувийн юм хийж эхлэнгүүт ерөөсөө бие даагаад сэтгүүл гаргая гэж зориглоод хамгийн анх 1993 оны өвөл “Цонх” гээд сэтгүүл гаргасан. Тэр сэтгүүлээ 15 мянган хувь хэвлүүлээд 50 төгрөгөөр зарахад пижигнээд л алга болж байлаа. Тэгээд хоёр дахь дугаараа хийх гэсэн чинь Улсын хэвлэх үйлдвэр цаасгүй болчихоод бүтээгүй. Үүнээс хойш  арай хямд цаас ордогоор нь сонин хийе гэж шийдсэн. Тэгээд “Ы” нэртэй хамгийн эхний сонингоо гаргасан. Хүмүүс “Жаран нэгийг И” сонин л гэдэг юм. Нэг хэсэг “Жаран нэгийн И”-ийн Батсүх нэртэй байлаа. Одоо ч “Ханийн Батсүх” нэртэй болж дээ. 
 
- Ер нь өнөөдрийг хүртэл сониноо өөрийн гараар редакторлаж засдаг, өөрийн биеэр хэвлэх үйлдвэрт хүргэж өгдөг, шөнө дөл хүртэл ажилладаг ерөнхий эрхлэгч гэвэл та л байгаа байх шүү?
 
- Нээрээ би л байгаа байх. Би хийх ажилгүйдээ юмуу, сониныхондоо итгэд­эггүй болоод энэ бүхнийг өөрөө хийдэг юм биш. Сэтгүүлч хүн ажилдаа сэтгэл зүрхээ зориулахгүй бол сонин нь хүмүүст хүрэхгүй, хүмүүс ч уншихгүй. Би “Хань” сониноо сэтгэлээ гаргаж хийдэг болоод л өнөөг хүртэл өөрийн гэсэн тодорхой тооны уншигчидтай яваа гэж ойлгодог. Би улсын хэвлэх үйлдвэрийн хашаан дотор 10 гаруй жил зогсож сониноо тарааж хуваарилах ажлыг хийсэн. Сонины эрхлэгч нараас хамгийн сүүлд би л хэвлэхийн хашаанд үлдсэн байх. Гэхдээ сонины бизнес надад хэрэгтэй бүхнийг маань хангалттай өгсөн. Би 16 настай гэрээсээ гараад 20 жил тэнэж гучин зургаатайдаа, “Жаран нэгийг И” сониныхоо орлогоор гурван өрөө байр худалдаж авч анх удаа өөрийн гэсэн орох оронтой болж билээ.  Тавих тавилгагүй хоосон гурван өрөөнд ганц гудас хаяад унтана. Гэхдээ тэр хоосон өрөөнүүдээс хэн ч намайг хөөж гаргаж чадахгүй  гэж бодохоор үнэхээр амьдралын минь хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байсан шүү. Одоо ч би сониноо хэвлэл үйлдвэрт өөрөө аваачиж өгдөг. Сониныхоо бүх нийтлэлийг ёстой л үг үсэггүй засаж хянасаар 23 жил болж байна. Өнгөрсөн бүх хугацаанд миний гар хүрээгүй хэвлэгдсэн сонины ганц ч дугаар байхгүй. Сонины бизнесээр л амьдрал минь өөдлөн дэвжиж, өнөөдөр хүн шиг амьдарч яваа болохоор би ажилдаа бүх сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулдаг. Хийж байгаа ажилдаа чин  үнэнч сэтгэлээ зориулж, өдөр шөнийг умартан зүтгэсэн хүн заавал амжилтанд хүрдэг гэдгийг биеэрээ амссан хүн шүү би. 
 
- Тэр үед нийгмийн шилжилтийн үе байсан болохоор ард түмэн шинэ соргог, дуулиантай мэдээллээр үнэхээр цангаж, өлсөж байсан байх тийм үү?
 
- Ёстой л “шар” сонины алтан үе байлаа шүү дээ. Миний гаргасан “Ы” сонин голдуу сенсацитай орчуулгын материал нийтэлж байсан ч шууд амжилт олсон юм. Сонины нэрийн талаар одоо ч зарим нэгэнд нь тайлбарласаар л яваа. Би бол улиг болтлоо хэвшиж тогтсон ойлголтыг эвдэхийн төлөө явдаг хүн. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа монголчууд жинхэнэ утгаараа мэдээллийн өлсгөлөнд автсан байлаа. Тэр үед ямар ч сонин гарсан шуураад л алга болдог байсан. Энэ зах зээлийг анх олж харсан хүмүүс өнөөдөр их сайн яваа. Би тэдний л нэг нь би. Анх чөлөөт хэвлэлийн салбарт олон хүн идэвхтэй гарч ирсэн. Одоо шигшигдсээр цөөхөн болж дээ. Тэр тусмаа, өнөөдөр ч сонингоо гаргасаар л байгаа анхны шар хэвлэлийн партизанууд гэвэл надаас гадна, гарын таван хуруунд багтах тооны хүн үлдэж дээ. Тэр үед сонин гаргах зөвшөөрлийг Хууль зүйн яаман дээр ороод нэг түшмэлээр гарын үсэг зуруулаад л авчихдаг байлаа. Гарч эхлээд удаагүй байсан Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эхний нүүрний “Хоёр нарны хооронд” гэдэг мэдээллийн булан дээр “Монголд анх удаа “Ы” буюу, нэг үсгээр нэрлэгдсэн сонины анхны дугаар хэвлэгдэн гарлаа” гэсэн мэдээ гарч байсан. Манай сонин гаж нэртэй болоод ч тэрүү гарангуутаа үнэхээр гайхалтай түргэн борлогддог байлаа. 
 
-Тэр үед сониноо, сонин борлуулах цэгээр  худалддаг байсан уу?
 
-Үгүй. Тэр үед сонин борлуулдаг цэг гэж байгаагүй. Сониноо цүнхэнд хийж үүрээд автобусаар Улаанбаатарыг өдөртөө гурав тойроод энд тэнд булан тохойд юм зарж байгаа хүмүүс дээр очоод “Манай сонинг зараад өгөөч, хувь өгье” гэдэг байлаа. Тэр үед ямар ч сонин сайн зарагддаг байсан болохоор хүмүүс дуртай авч зардаг байсан. 
 
-Таныг “Хань” сониноос салгаж ойлгох боломжгүй. Энэ сонинг хийх санаа анх хэзээ бүрэлдэж ажил хэрэг болсон бэ?
 
- “Хань” сонинг гаргахаас  өмнө  “Супер үгийн сүлжээ” гэдэг сонин хүртэл гаргасан. Энэ сонины бүх сүлжээг амжилттай бөглөсөн таван хүнд 100 мянган төгрөгийг хувааж өгдөг байаа. Түүний дараа “Тэнгэрлэг бөхчүүд” гэдэг сонин гаргасан ч сүйдтэй амжилтанд хүрээгүй. Бөхчүүд чинь яг тулаад ирэхээр ихэнх нь ярилцлага өгөх дургүй, зарим нэг нь ерөөсөө ойлгодоггүй юм билээ. Тэгээд удалгүй тэр сониноо больсон. 
 
- Тэгэхээр ороо бусгаа нийгмийн амьдралыг өөрч¬лөхөд “Хань” сонин их үүрэг гүйцэтгэсэн байх, тийм үү?
 
- 90-ээд онд хачин жигтэй явдал, элдэв гэмт хэргийн тухай, сенсаци хөөцөлдсөн сонинууд их сайн борлогддог байсан. Энэ үед гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан гэгээлэг сонин гаргавал амжилтанд хүрнэ гэсэн санаа 1990-ээд оны дундуураас л толгойд орж ирсэн юм. Тэгээд бодож явсаар 1998 онд “Хань” сониныхоо анхны дугаарыг  гаргасан. Тэр өдрөөс хойш “Хань” сонин маань 17 дахь жилдээ гарч байна даа.  
 
-Сүүлийн үед Хань” сонины танин мэдэхүйн талын мэдээлэл нь ихдээд уншууртай материал нь бага болсон гэх хүмүүс байдаг. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
 
-Нийгмийн хөгжил, хотжилт за тэгээд янз бүрийн шалтгааныг дагаад монголчуудын гэр бүлийн талаарх уламжлалт ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байна. Одоо аль ч салбарын амжилттай яваа нэг хүнтэй уулзаад гэр бүлийн чинь талаар ярилцлага авъя гэхээр ихэнх нь хоёр дахь, гурав дахь амьдралтай болчихсон байдаг. Зарим нь, “Би ханьгүй юм чинь юу гэж “Хань” сонинд ярилцлага өгөх юм бэ” гээд дургүйцдэг. Тэр хүмүүс чинь нуух юмаа нуух ёстой биз дээ. Одоо ч гэсэн хүмүүс хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх дургүй байдаг. Ихэнх сайн сайхан яваа хүмүүс гэр бүлийн талаар ямар нэг асуудалтай болчихсон байх юм. Гэтэл уншигчид маань олны танил хүмүүсийн тухай унших гээд байдаг. Хаа хамаагүй Дорж, Долгор хоёрын ярилцлагыг тавихаар сонин борлогдохгүй. Хэдийгээр нийгмийн асуудал хөндсөн гэгээлэг сонин ч гэлээ орлого олж түүгээрээ амьдрах ёстой биз дээ. Тэгээд ч арван зургаа долоон жилийн турш сайн сайхан амьдарч яваа гэр бүлийн гишүүдтэй ярилцаж ярилцлага нийтлэсээр байгаад үнэндээ дууссан. Монгол маань жаахан шүү дээ. Таны асуултын хариу ийм л учиртай юм. 
 
- “Хань” сонин нийтлэлийн бодлогоо өөрчилсөн гэсэн үг үү?
 
- Өөрчлөөгүй. Харин, дотроо зөрчил маргаантай гэр бүлийг, аз жаргалтай сайн сайхан яваа мэтээр худлаа хөөрөгдсөн ярилцлага нийтлэхээ больсон. Нэг удаа, олны танил нэг хүн “Хань” сонинд ярилцлага өгөхдөө эхнэртэйгээ маргалдаж ч үзээгүй гэж ярьсан байсан. Гэтэл байрных нь оршин суугчид манай сонин руу утасдаад “Яагаад худлаа юм нийтлээд байгаа юм бэ. Наад хоёр чинь шөнөжин зодолдоод унтуулдаггүй юм. Ярилцлага авчихаар өөр аятайхан хүн олддоггүй юм уу?” гэж загнасан. Ингээд л “аз жаргалтай” амьдарч байгаа хуурамч хосуудын ярилцлага нийтлэхээ больсон. Энэ мэт шалтгаанаар “Хань” сонины нийтлэлийн бодлого жаахан өөрчлөгдсөн. Одоо манай сонин “Гэр бүл, эмэгтэйчүүд. эрүүл мэндийн сонин” гэсэн тодотголтой. Гэхдээ гэр бүлийн болоод эрүүл мэндийн зөвлөлгөөтэй нүүрүүдийг хэрэг болгож уншдаг хүмүүс маш их байдаг. Тэр байтугай нэг гэр бүлийн эр эм хоёрын сексийн харилцааны талаар нийтэлж өгөхийг хүсч олон хүн манай сонинд ханддаг. Тэр дагуу “Гэр бүл, амьдрал, секс” буланг нээгээд арав гаруй жил ажиллуулж байна. Тэгэхээр хүмүүст хэрэгтэй, уншигчдад хүсч байгаа болоод л “Хань” сонин маань өнөөдрийг хүртэл тогтмол хэвлэгдсээр байна. Захиалгад орсон анхны жилдээ 10 мянган захиалагчтай болж шилдэг сониноор шалгарч байлаа. “Хань” сонин маань оргил үедээ 23 мянган захиалагчтай байлаа. 
 
- Сонины бизнест ийнхүү амжилттай ажиллах завсараа “Согоонцэцэг”, “Нүгэлт орчлонгийн хяслан”, “Үнэнч хайрын золиос”, “Торгуудай” зэрэг нийгмийг байлдан дагуулсан романуудаа хэдийд нь бичиж амжуулав аа?
 
- Би ер нь шөнө их бага унтсаар байгаад хэвшил болжээ. Би таван өгүүллэгтэй нэг өгүүллэгийн ном, тус бүр нь хоёр дэвтрээс бүрддэг дөрвөн роман бичсэн хүн. 2005 онд “Нүгэлт орчлонгийн хяслан”, 2007 онд “Согоонцэцэг” тэгээд 2009 онд “Үнэнч хайрын золиос” хамгийн сүүлд нь “Торгуудай” романуудаа хэвлүүлсэн. “Согоонцэцэг” роман маань уншигчдын зүгээс дахин хэвлээч гэсэн удаа дараагийн хүсэлт ирж хоёр дэвтрийг нь гурав гурван удаа хэвлүүлж байсан. Ойролцоогоор долоо найман мянган ширхэг хэвлэгдсэн байх аа. “Согоонцэцэг”, “Торгуудай”  романууд маань надад 2013 оны Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал шагнал авч ирсэн шүү. 
 
-Ингэхэд танд улсаас авсан ямар гавъяа шагнал байгаа вэ?
 
-Хувийн хэвшилд, тэр дундаа чөлөөт хэвлэлд амьдралынхаа 23 жилийг зориулсан надад төр засаг маань өндөр дээд шагналуудаа харамгүй хайрласанд баярладаг. Зөндөө л шагнуулсан. 2008 онд Алтангадас одонгоор шагнуулж байсан. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардаж авсан. Бас, “Алтан үзэг” сэтгүүл зүйн дээд шагнал авсан хүн шүү. 
 
- Таны романуудыг яг л бодит амьдрал өрнөөд байгаа юм шиг их үнэмшилтэй бичигддэг гэж хүмүүс ярьдаг. Энд ямар нэгэн нууц байгаа юу. Аль эсвэл дандаа бодит түүхээс ургуулан бичдэг үү?
 
- Би ерөөсөө зохиож үзээгүй. Зохиож бичвэл худлаа болно биз дээ. Амьдралаас тасарна. Зохиол гэдэг зохиолч хүний үзсэн харсан, дуулсан, уншсан бүх юмны цуглуулга. “Согоонцэцэг” гэдэг роман гэхэд л тийм амьдралтай хэд хэд бүсгүйн амьдралыгн түүхийг судалж бичсэн.
 
- Бид хоёрын 25 жилийнх нь ойн тухай ярилцаж суугаа Монголын сонины холбооны талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-1996 оноос өмнө хуучны МАХН-ынхан төр засгийн эрх барьж байхдаа чөлөөт хэвлэлүүдийг их шалгадаг, торгодог байсан. Гэхдээ хэмжээ хязгаартай байсан юм билээ. Гэтэл 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гарч ирээд чөлөөт хэвлэлүүдийг шалгаж эротик голдуу олон сонинг хаасан. Тэгээд ганц нэгээрээ яваад байвал увайгүй улстөрчдийн хоол болоод дуусах юм байна гэж харицан ярилцаад 1998 онд Монголын сонины холбоог байгуулсан түүхтэй. С.Баярмөнх, Р.Хадбаатар зэрэг хүмүүс төдийгөөс өдий хүртэл энэ холбоог маш амжилттай авч яваад миний хувьд үнэхээр их талархаж явдаг. Ийм л байна даа.
 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: