sonin.mn
Өөдлөх айлын үүднээсээ гэдэг. Нисэх буудлаас онгоцоор ирсэн хол ойрын зорчигчид зам дагуу тарьсан модны өнгөөр Ховдын өнгийг хэмжиж хардаг. Ямар гоё модтой аймаг вэ гээд л. Цөлжилтийг Сааруулах төсөл дөрвөн жилийн өмнө Ховдын үүд хаалга нь болсон Нисэх буудлын зам дагуу гоёлын мод тарьж, өнгө үзэмж нэмж өгсөн юм.
 
Тэр бүү хэл тус төслөөс 2009 онд 13-14 сая тегрөгийн зардлаар 3 га газар дөрвөн төрлийн мод битүү тарьж, тор шонг нь татаж, хамгаалж, дуслын усалгааны асуудлыг ч шийдэж өгсөн юм.
 
Ингэж хөрөнгө хүч зарж, дуслын усалгааг цахилгаантай холбон иж бүрэн шийдэж өгөөд тэр үед Ойн ангийн даргаар ажиллаж байсан Р.Энхсүрэнд хүлээлгэж өгсөн байдаг.
 
Бид өөрсдөө дуслын усалгааг шийдэх байтугай, арай гэж тарьсан хэдэн модоо Буянт голынхоо усыг замбараагүй салаалж, хар зам дагуу ус урсгаж шуудуу татаж зовдог л байсан.  Ер нь хэн ч тарьсан бай, хэний хөрөнгө ч бай хамаагүй тарьж ургуулсан, хөдөлмөр, хөрөнгө хүч зарцуулсан модыг арчлаад тордоод явбал бидэнд л хэрэгтэй.
 
Тэгээд ч усны зохистой хэрэглээг мод тарихад туршсан шинэ технологи нэвтрүүлсэн байгааг олж харах мэргэжлийн хүмүүс" ойн мэргэжилтэн" мэргэжлийн байгууллага "Байгаль орчны газар"-ын нүд сохор байгаа нь харамсал төрүүлж байна.
 
2009 оноос хойш хайран хөрөнгө зарж тарьсан эдгээр мод дөрвөн жилийн турш хоёр төрийн нүүр үзэж, харах эзэнгүй, хатаж хорчийж байгаад хайхрах эзэн алга. Харин ч дуслын усалгааны шланкыг хуга татаж, цахилгаанаар ажилладаг худагнаас ус авсан зардал гээд 800,0 мянган төгрөгийн өрний хүлээсэнд орчихож.
 
Төслийн хөрөнгөөр тарьсан модыг улс төржүүлж, эзэнгүйдүүлж, ад шоо үзлээ гээд ургаж цэцэглэсэн модонд ямар гэм буруу байгаа юм бэ?. Ойн газар.Байгаль орчны газар сүржин нэртэй газрууд хүнээ улс төржүүлж, халж сольдог л юм байгаа биз.
 
Ховдын нүүр царай болсон Нисэх буудлын хар зам дагуу тарьсан мод хатаж хорчиж, үхэж гандаж байгааг харах, арчлах сэтгэлгүй, дуслын усалгааны шинэ технологийг харах чадваргүй бол ширээний ард суугаад мянга дахин байгаль хамгаал гэж "хоосон хашгичаад" нэмэргүй.
 
 
Холоос ирсэн зочид "өө ямар гутмаар юм бэ" энэ моднууд нь яачихсан юм бэ гээд гайхаж л байна лээ...
 
Эх сурвалж: "Ховдын мэдээ" сонин