sonin.mn
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн рейтингийг зарлах хуулийн хугацаа дуусч байна. Тиймээс намууд нэр дэвшигчийнхээ рейтингийн судалгааны дүнг өнөөдөр албан ёсоор сүүлийн удаа мэдээлж байгаа юм.
 
МАХН-аас ч мөн хэвлэлийн хурал зарлаж нэр дэвшигчийнхээ рейтингийн судалгааны дүнг танилцуулсан юм. Хэвлэлийн хуралд Сангийн сайд, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, Нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн нар оролцсон юм.
 
 
            МАХН-аас анх удаа эмэгтэй нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойгоод байгаа. Ерөнхийлөгчид анхдагч болон нэр дэвшиж байгаа Н.Удвалын хувьд хүн амын дийлэнх хувийг эзлээд байгаа эмэгтэйчүүдийн дэмжлэгийг нэлээдгүй аваад байгаа судалгаа гарчээ.
 
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш Н.Удвалын рейтинг жигд хурдаар өсч байгаа бөгөөд сүүлийн судалгаагаар 27 хувьтай байгааг Сангийн сайд, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан мэдээллээ. Тэрбээр “МАХН нь өөрөө байнгын тогтвортой 16-17 хувийн рейтингтэй явдаг нам.
 
Манай эмэгтэй нэр дэвшигчийн маань рейтинг ч мөн маш тогтвортой, жигд хурдаар өссөөр байна. Сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөхөн хоног үлдээд байгаа хэдий ч Н.Удвалын рейтинг энэ эрчээрээ өссөөр байна гэдэгт итгэлтэй байна.
 
Учир нь төр ганхахад хатан ухаант бүсгүйчүүд түшиж тогтворжуулдагийн адилаар ард түмэн ч эмэгтэй төрийн тэргүүнд итгэл хүлээлгэн саналаа өгөхөө бидэнд илэрхийлсээр байгаа” хэмээн ярьсан.
 
 
             Хэдийгээр МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Удвал сурталчилгаагаа хийж, монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа ард түмэндээ хүрч ажиллахад  нөгөө хоёр нэр дэвшигчээ бодоход хөрөнгө санхүүгээс эхлээд дутуу, хүч сулдсан асуудал олон гарч байгаа.
 
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл шударга үнэнийг чиг болгон, гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэг тусламжтайгаар уулзалт сурталчилгаагаа амжилттай явуулж байгааг Ч.Улаан ярилаа.
 
Мөн хэдэн арван тэрбум төгрөг дэмий цацаж сурталчилгаа хийхийн оронд байгалиа хамгаалах үйлсэд нэмэр хандив болгохыг өрсөлдөгч хоёртоо уриалаад байгааг онцолсон юм.  
 
Анхнаасаа шударга үнэний төлөө тэмцэж чадсан хүчтэй эмэгтэй хүн ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг дэлхийн бусад орнууд ч мөн анхааралтай ажигллаж байгааг тэрбээр ярьсан юм.
 
Хүчирхэг эмэгтэйчүүдийг төрийн тэргүүнээрээ сонгож байгаа улс орнууд олон болж байгаа учир Н.Удвалыг ч мөн Монгол Улсын төрийн тэргүүн болох өндөр магадлалтай байгааг гадаадын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа юм.
 
            Н.Удвалын мөрийн хөтөлбөр, орон нутгийн иргэдтэй хийж буй уулзалтууд, сонгуулийн ажлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, хамтран ажиллах саналыг тавиад байгаа аж.
 
Саяхан гэхэд Германы Ройтерс агентлаг, Катарын Аль жазера телевизээс хамтран ажиллах санал тавиад байгаа бөгөөд өнөөдөр гэхэд ОХУ-ын телевиз, мэдээллийн агентлаг ирээд байна.
 
            Дашрамд дурьдахад, Н.Удвал баруун аймгийн иргэдтэй уулзалт хийж яваа бөгөөд маргааш Увс аймагт очиж ажиллах юм байна.
 
Э.Майцэцэг