sonin.mn

”Сант Марал”: Ц.Элбэгдорж 54 хувь, Б.Бат-Эрдэнэ 37 хувь, Н.Удвал 9 хувийн саналтай байна

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааг гаргадаг. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө топ улс төрчдийн судалгааг гаргахад одоогийн УИХ-ын гишүүн Н.Энхбаяр тэргүүлж, Ц.Элбэгдорж, С.Батболд нар удаалж байсан юм.

Тэгвэл энэ сангаас ирэх долоо хоногт болох 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тандсан сонирхолтой судалгааны үр дүнг дэлгэж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 6-р сарын 14-өөс 6-р сарын 16-ны хооронд тус судалгааг авсан бөгөөд нийт 1480 иргэн оролцсон байна.

Энэ судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээж судалгаанд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэнд нь саналаа өгөхөөр бэлдэж байна вэ гэсэн тоо юм.

Тэгвэл дээрх 1500 орчим хүнээс “Сонгуульд оролцвол хэнийг сонгох вэ? гэж асуухад 54 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг, 37 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг, 9 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг сонгоно гэжээ.

Харин насны байдлаар ангилж үзвэд 18-24 насны залуучуудын 5,6 хувь нь Н.Удвалд, 32,8 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 61,6 хувь нь Ц.Элбэгдоржийг сонгоно гэжээ. 25-29 насныхан 7,2 хувь нь Н.Удвалд, 37,4 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 55,4 хувь нь Ц.Элбэгдоржид саналаа өгнө гэсэн бол 30-39 насны иргэдийн 8,2 хувь нь Н.Удвал, 32,6 хувь нь Б.Бат-Эрдэнэ, 59,1 хувь нь Ц.Элбэгдорж гэж хариулсан байна.

Харин идэр насны /40-49/ сонгогчид Н.Удвалд 10,7 хувь, Б.Бат-Эрдэнэд 32,1 хувь, Ц.Элбэгдоржид 57,2 хувь нь саналаа өгнө гэсэн байна. 50-59 настай сонгогчдын 11,1 хувь нь Н.Удвал, 42,9 хувь нь Б.Бат-Эрдэнэ, 46 хувь нь Ц.Элбэгдоржийг сонгоно гэсэн бол 60 болн түүнээс дээш настай ахмадуудын 10,9 хувь нь Н.Удвалд, 52,4 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 36,7 хувь нь Ц.Элбэгдоржийг дугуйлна хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл залуучууд АН-аас нэр дэвшигчид саналаа өгөх хандлагатай байгаа бол нас ахих тусам МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа нь энэ судалгаанаас харагдаж байгаа юм.
1
Харин судалгаанд оролцсон эдгээр иргэдийн  70 хувь нь 6-р сарын 26-нд саналаа заавал өгнө гэсэн бол 24 хувь нь “тийм”, 4 хувь нь “магадгүй”, 2 хувь нь саналаа өгөхгүй гэсэн байна. Хэрэв энэ түүвэр судалгаанаас үзвэл ирэх сонгуулийн ирц сайн байх нь.

Мөн "Сант Марал" сангийн судалгаандаа "Та сонголт хийхдээ нам, нэр дэвшигч хоёрын алийг нь чухалчлах вэ?" гэсэн асуулт оруулжээ. Үүнд судалгаанд оролцогчдын 56 хувь нь нэр дэвшигч, 10 хувь нь нам, 34 хувь нь хоёуланг нь чухалчилна гэсэн байна.



1


Тэгвэл улс төрийн намуудын хувьд дараах байдлаар рейтинг нь жагсчээ. АН хамгийн өндөр буюу 42,8 хувь, МАН 16,5 хувь, МАХН 7,3 хувь, ИЗНН 1,1 хувийн санал авсан бол судалгаанд оролцогчдын 31,4 хувь нь ямар ч намыг дэмжихгүй байгаагаа  илэрхийлжээ.
1



1

Эх сурвалж: www.24tsag.mn