sonin.mn

 

Иргэдийн эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зогсохоо тангарагласан цагаан нөмрөгтэй баатруудын нэр хүнд сүүлийн хэдэн жилд шалдаа буутлаа доройтов. Үүнийг Авлигатай тэмцэх газрын хоёр жил тутамд гаргадаг “Монголын төрийн байгууллагын шударга байдлын төвшинг үнэлэх 2012 оны тайлан”-гаас ч тод харж болохоор байна.
 
 
Учир нь эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын үнэлгээ нь бусад төрийн байгууллагын дундаж төвшнөөс доогуур гарчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2010 онд гаргасан шудрага байдлын үнэлгээгээр эрүүл мэндийн байгууллага 2.70 оноотой байсан бол өнгөрсөн онд 3.24 болж өсчээ.
 
 
Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь өмнөхөөсөө сайжирсан гэсэн үг. Гэхдээ төрийн байгууллагуудын шударга байдлын дундаж нь 3.38 гарсан бол эрүүл мэндийн салбарынх 3.24 гарсан нь эхний амжилтыг нь доош татчихаж байгаа юм.
 
 
Энэ судалгаанд боловсрол, хөдөлмөр халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татварын байгууллага, улсын бүртгэл, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг иргэдийн гомдлоос салдаггүй муу нэр луу данстай төрийн байгууллагууд хамрагджээ.
 
 
Судалгаанд оролцогчид иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг төрийн байгууллагаар цагдаа, газрын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагыг нэрлэсэн байна. Харин үйл ажиллагаа нь сайжирсан байгууллагаар Гааль, Нийгмийн даатгалын газар шалгарсан ажээ.
 
 
Уг судалгаанд Дундговь, Дорнод, Төв, Дархан-Уул аймгийн иргэдийг хамруулсан бөгөөд ихэвчлэн түүврийн аргаар авсан юм байна. Эрүүл мэндийн салбар энэ жагсаалтанд сүүл мушгихад эмч нар хахууль авдаг, соёлтой боловсон үйлчилж чаддаггүй, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг гэх мэт шалтгаанууд нөлөөлсөн байна.
 
 
Дараагийн тайлан нь ирэх онд гарна. Энэ удаагийн тайлангаас дордоно уу гэхээс дээрдэхгүй гэсэн хандлага түгээмэл байна. Учир нь өнгөрсөн онд Эрүүл мэндийн сайд Н.Удвалын намын даргынхаа төлөө гаргасан “мэргэн” шийдвэрүүд салбарынхаа нэр хүндийг шороотой хутгах бололтой.
 
 
Улсын эмнэлгийн захын нэг сувилагчаас авахуулаад бодлого боловсруулдаг түшээд нь хүртэл “бодлогогүй” шийдвэр гаргасны балгаар цагаан нөмрөгтэй баатруудыг цадахаа мэддэггүй хахуульчид гэж харах хүн ихсэв. Эрүүл мэндийн салбарынхан улс төрчидтэй найзалж эхэлсэн цагаас бохир намагт хөлөө улам гүн шигдүүлэв.
 
 
Иргэд ч тэднийг эрүүл энхийн манаанд зүйрмэглэхгүй зогсож чадах эсэхэд эргэлзэхэд хүрсэн. Сүүлийн үед цагаан захтнуудын хэрэг шилээ даран илрэх болсон. Үүн шиг цагаан нөмрөгтнүүдийн хэрэг гэх шинэ нэршил бий болоход энүүхэнд байх шиг.
 
 
Учир нь Шастины нэрэмжит III эмнэлгийн дарга Л.Баярцэцэг хүчингийн хэргээр ял эдэлж байсан ах Л.Батмөнхийгөө ялаас чөлөөлөхийн тулд хуурамч дүгнэлт үйлдсэн нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэсэн.
 
 
Удаа ч үгүй Н.Энхбаярын биеийн байдал муудсан учраас ялаас чөлөөлнө үү гэсэн агуулагатай хүсэлт прокурорын байгууллагад ирсэн. Хуулийн дагуу прокурорын байгууллагаас тусгай комисс гаргаад шалгахад онош нь бас л зүйд нийцэхгүй болох нь илэрчээ.
 
 
Иймэрхүү захын жишээнээс харахад эмч нар хуйвалдаан зохиож, хахууль авдгаараа улс төрчидтэй үзүүр түрүү булаалдаж мэдэхээр харагдаж байна. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг дэнсэлж байдаг цагаан нөмрөгтнүүд ажилдаа ийм хариуцлагүй хандахаар иргэд хэнд итгэх билээ.
 
 
Нэгэнт л иргэдийн эрх ашгийг хохироосон буруу зүйл хийсэн цагаан нөмрөгтөнгүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Ингэхгүй бол нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр ёс зүйгүй нэгийнх нь балгаар таагүй цол гуншинд дарагдсаар байгаад эрүүл мэндийн салбар маань хэвтэрт орох нь байна.
 
 
Гар харах гэдэг ужиг өвчин нь даамжирсаар өнөөдрийн байдалд хүрчихсэн эрүүл мэндийн салбарынхныг хэн эмчлэх вэ.
 
 
Ц.Оюунтунгалаг
 
Эх сурвалж: