sonin.mn

 

Өнгөрсөн нэгдүгээр сард хууль бусаар авсан гэдэг шалтгаанаар зарим лицензүүдийг цуцалсан. Эдгээр байгууллагын төлөөлөл болох "Алтраг-Ахас" ХХК-ийн захирал Б.Сарангуатай ярилцлаа.
 
 
-Нэлээд хэдэн байгууллагыг лицензээ хууль бусаар авсан гэсэн. Яг ямар замаар авсан юм бэ?
 
-Хууль бусаар авсан гэх үндэслэл байхгүй. Тухайн үед Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуулын лиценз авах өргөдөл гээд шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлж авсан. Хууль бусаар авсан гээд байгаа 107 лицензүүдийг 2009 онд авсан байгаа юм.
 
 
Тэр үед лиценз өгөх талбайг нэгд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийх шаардлагатай талбай, хоёрт тендер буюу сонгон шалгаруулалт зарлах талбай, гуравт дотоодын болон гадаадын компаниуд өргөдөл өгч хайгуулын лиценз авах боломжтой талбай гэж гурав хуваадаг байсан.
 
 
Тэгэхээр бид гурав дахь вариантад нь хамрагдаж таарна. Гэхдээ бид энэ газарт лиценз авъя гээд сайн дураараа авчихдаг юм биш. Эхлээд ийм газарт хайгуул хиймээр байна гэсний дагуу кадастрын хэлтсээс зурагны шүүлт хийдэг.
 
 
Тэгээд "Бусдын газартай давхцаагүй хуулинд нийцсэн байна, орон нутгаас ой, ус гэх мэт хуулинд хориглосон газарт хамаарагдаагүй гэсэн байна. Тиймээс хайгуул хийх өргөдөл өгч болно" гэсний дагуу зөвшөөрөед кб буюу хайгуулын лиценз авахад бүрдүүлэх маягт өгдөг.
 
 
Энэ маягтын дагуу нь арав гаруй материал бүрдүүлдэг. Эдгээр нь компанийг татварын өртэй эсэхээс эхлээд бүх талаар нь шалгасан материал байдаг юм. Бүх материал 100 хувь бүрдсэний дараа хайгуул өгөх шалгалт шүүлтийн ажиллагаа эхэлдэг.
 
 
Энэ ажиллагаа бас 15 шат дамжлагатай явагдана. Нэг үгээр энэ хүнд лиценз олгохгүй байх хууль зүйн ямар үндэслэл байна гэдгийг л шат дамжлагаар шүүдэг юм. Тэгээд бүх шат дамжлагаар шүүлгэсний дараа хамгийн сүүлд ажил үүргийнхээ хуваарийн дагуу Д.Батхуяг дарга гарын үсэг зурдаг байсан.
 
 
Тийм учраас энэ хүний асуудалтай холбон биднийг хохироож байна. Бид 15 шүлтийн дараа лиценз олгох боломжтой гэсний дараа мэдэгдлээ аваад төлбөр төлсний үндсэн дээр лиценз бичигдэж гардаг. Яг энэ хуулийн дагуу л лицензээ авсан.
 
 
-Шүүх ямар учраас хүчингүй гэж үзсэн юм бол?
 
-Харин Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг уншиж байхад хууль бусаар, авлига өгч лиценз авсан мэт байгаа юм. Гэтэл Авлигын хуульд авлига өгсөн, авсан хоёр
хүнийг хоёуланг нь шалгах ёстой гэж заасан байдаг шүү дээ.
 
 
Харин мөрдөн байцаалт явагдсан хоёр жилийн хугацаанд нэг ч хүнийг дуудаж байцаалт авсан удаа байхгүй. Ерөөсөө гурав дахь ч этгээд байдлаар хөндлөнгөес хараад дүгнэчихэж байгаа юм. Ашигт малтмалын газар гэдэг чинь хуулийг хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ.
 
 
Тийм учраас бид төр засгийн байгууллагын төлөөлөлд итгээд тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу лицензээ авсан. Тэр хууль бусаар авсан гээд байгаа учир нь их сонин. Бид 2009 онд лицензээ авсан.
 
 
Харин үүний дараагаар 2010 оны зургадугаар сарын 23-нд Ерөнхийлөгч шинээр хайгуулын талбайд өргөдөл өгөхийг хориглосон байдаг. Бас үүн дээр шүүгчид төлбөр төлөөгүй, цуцлагдсан талбайнуудад Тендир Зарлах ёстой гэдгээр буруу шийдвэр гаргаад, хуулийн заалтыг буруу тайлбарласан байгаа юм.
 
 
Учир нь шүүгчид хуулийг буцаан хэрэгжүүлэх гэдэг заалтыг ашигласан мэт ойлгогдохоор байна. Яг энэ 107 дотор биднийг оруулан хохироож байгаа гол үндэслэл нь шинжээчдийн дүгнэлт юм.
 
 
Тухайлбал, Н.Жалхаажав гуай, Н.Энхжаргал гэх мэт геологийн хэлтэст байсан мэргэжилтнүүдийн өөрсдөө ажлаа мэдэхгүй, дутуу ойлгосноос болоод буруу дүгнэлт гаргасан байна. Тэрийг нь шүүгч нар мэдэхгүй, тэр дүгнэлтийг нь үндэслээд ийм шийдвэр гаргачихсан.
 
 
Бид нар анхан шатны шүүх, Нийслэлийн шүүх, хяналтын шат зэрэгт оролцох эрхгүй байгаа. Тэгэхээр шударга эзэмшигчийг хохироочихоод байгаа юм. Мөн Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг уншиж байхад Д.Батхуяг мэдүүлэгтээ "Энэ 107 лиценз надтай ямар ч холбоо байхгүй.
 
 
Энэ хүмүүсийг хэлмэгдүүлж байна" гэж хэлсэн байсан. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд тэр хүн юу учир байдлыг мэднэ шүү дээ. Харин шүүх дээр зөвшөөрлийг цуцлахдаа бид нарыг оролцуулаагүй. Бид нар энэ тухай интернэтээс уншсан.
 
 
-Шүүхээс авлига өгсөн талаархи баримт нотолгоо гаргасан юм уу?
 
-Ямар ч баримт нотолгоо байхгүй байгаа. Авлигатай тэмцэх газар, мөрдөн байцаах газар, шинжээчид юу хийсэн нь тодорхойгүй байна. Үнэхээр авлига авсан эсэхийг шалгаад өгөөч, бид нар бэлэн байна гэхээр хэрэг шалгагдаад дуусчихсан гэдэг. Хяналтын шатны Шүүхээс дахиж хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн.
 
 
-Холбогдох газруудад хандаж байгаа юу?
 
-2013 оны хоёрдугаар сарын 25-нд кадастрын түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар дарга энэ 107 лицензний тайланг хүлээж авахгүй, сунгалт хийхгүй гэсэн журам гаргачихсан байгаа. Харин энэ түтгэлзүүлсэн журмаа одоо хүртэл бид нарт өгөөгүй байна.
 
 
Энэ шийдвэрийг мэдсэнээс хойш бид нар хандаж болох 20-иод байгууллагад хандсан. Төр бидний шударга эзэмшигч байх эрхийг нь зөрчсөн төдийгүй, эдгээр байгууллагад ажиллаж байгаа олон хүний эрхийг давхар зөрчсөн.
 
 
Үйл ажиллагааг нь зогсоочихсон хэрнээ одоо хохирлыг нь хэн төлөх нь тодорхойгүй биш. Жишээлбэл Баянгол дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх зэрэг газрууд боломжгүй гэсэн. Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэдий ч хариу ирээгүй.
 
 
Мөн хяналтын албаны гурван шүүгчид тайлбараар хандсан. Харин тэднээс "Болоогүй. Хэрэг нь ирээгүй байна" гэсэн хариу ирсэн. Ер нь ямар ч байгууллагад хандсан тэд өөрсдөө зайлуулсан хариулт өгсөөр байгаа.
 
 
Бид нар Д.Батхуягийг сайн мэдэхгүй. Ямар ч байгууллагад хандсан дээрээс өгсөн шийдвэр, дээрээс юу ч битгий хэлээрэй гэсэн. Дээрээс гэж хаанаас юм гэдгийг ойлгохгүй байгаа.
 
 
-Хөндлөнгийн шалтгаан байна гэсэн үг үү?
 
-Бид одоо Улсын ерөнхий прокурор н.Дорлигжавт албан бичиг егөхөөр бэлтгэж байна. Эдгээр 107 лицензэд буруу-тай лиценз байж болно щүү дээ. Сайн шалгах л ёстой. Тэгээд авлига өгсөн чинь нотлогдлоо, лицензийг чинь цуцаллаа гэх ёстой.
 
 
Харин сүүлийн үед хэсэг лицензийг хүчээр цуцалчихаад, өөрсдөө дараагаар нь тендер сонгон шалгаруулалт гэх нэрээр булааж авах гэсэн хандлага явагдаад байгаа нь ажиглагдаад байгаа. Учир нь Д.Батхуяг ажлаа авснаасаа хойш 600 гаруй лиценз олгосон байдаг.
 
 
Гэтэл манайхаас хойш олгогдсон лицензүүд яагаад энэ 107-оод ороогүй нь хачирхалтай санагддаг. Бид нар нотлох баримтуудыг ч цуглуулж байгаа. Эдгээр лицензүүдийг цуцлахаасаа өмнө групп гаргаад судалсан байгаа юм.
 
 
Тэгээд 600 гаруй лицензнээс хоосонг нь орхиод, ихэвчлэн хайгуул хийгээд нөөц нь тогтоогдсон жижиг орд болчихсон талбайн лицензийг хоморголон цуцалсан байсан. Нэлээд хэдэн хүмүүс энэ талаар ярьж байгаа.
 
 
-Цуцлагдсан талбайнууд ихэвчлэн хаана байрлаж байна?
 
-Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв аймаг гэх мэт дэд бүтэц нь сайтай газарт хайгуулын ажлаа хийчихсэн талбайнууд байгаа юм. Яг үнэндээ энэ хэрэг төрийн дээрмийн шинж чанартай болчихоод байна.
 
 
-Хичнээн төгрөгний хохирол учраад байгааг тооцоолсон уу?
 
-Хохирогчдийн түр зөвлөл дээр анх 37 компани бүртгэгдэж байсан. Одоо энэ хэргийн араас байнгын хөөцөлдөлгөөтэй 24 компани байна. Түүнээс 15 компанийн санхүүгийн баримттай тооцоонуудыг нягталж үзэхэд тэд хайгуулын зардалд 17. 8 тэрбум төгрөг зарцуулсан байсан.
 
 
Манай компани л гэхэд банкнаас зээл авч 6.5 тэрбум төгрөгийг хайгуулын ажил, үйлдвэрийн объект барих зэрэгт зарцуулсан. Сарын хүүнд нь 100 гаруй сая төгрөгний хүү төлөөд л явж байна. Цаашлаад одоо ажилчдаа сул зогсоогоод цалинжуулж байна.
 
 
Манай компани Дорноговь аймгийн Айраг суманд 333.4 га хэмжээтэй хайгуулын талбайг эзэмшдэг. Ашигт малтмалын мангани хайж байсан. Нөөц нь 600-гаад мянган металлын нөөцтэй гэж тогтоогдсон. Одоо тэнд 67 ажилчин маань ажилгүй, ажлаа эхлэхийг хүлээгээд хоёр cap болж байна.
 
 
Харин бид тэр ажилчдадаа цалинг нь өгч байгаа. Мөн анх зөвшөөрөл авах гэж их зардал гаргасан. Улсдаа ч их татвар төлсөн. Уул уурхайн ажил зуны хэдхэн сард л үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ жилийн ажиллах хугацаа дууслаа.
 
 
Удах тусмаа л илүү хохирол гарах болно. Харин шүүхийн шийдвэр дээр хохирогч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ашигт малтмалын газар гэсэн байгаа юм. Энэ хоёр байгууллага яаж хохирсон юм. Ашигт малтмалын газар хохирох нь битгий хэл биднээс авсан өргөдлийн мөнгөөр цалинжиж, харин ч орлого олсон байх.
 
 
-Учирсан хохирлыг яах ёстой вэ?
 
-Хуулиараа бол Төр хохирлыг нь барагдуулах ёстой хэдий ч одоо болтол хариу өгөөгүй байна. Яг үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод нөөцөө батлуулах шатанд л ингээд гацчихаж Гэхдээ олборлолтын үйлдвэрийн бэлтгэл ажил гээд боловсруулах жижиг дунд үйлдвэрээ бариад дуусах шатандаа орчихсон байгаа. Гэтэл төр та нарын хөрөнгө бидэнд хамаагүй гэсэн шиг үйлдэл үзүүлж байна.
 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"