“Сингапурын гайхамшиг”-ийг бүтээгч, 89 настай Ли Кван Югийн “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Өнөө үеийн хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг тэрбээр улс орноо амжилтад хүргэсэн нууцаа хуваалцаж, авлигыг хэрхэн даван туулсан талаар ярьжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Таны амьдралд хэн хамгийн том нөлөө үзүүлэв?
-Анхандаа би сайн хуульч болохыг хүсдэг байлаа. Гэтэл британичууд удирддаг, шүүх, прокурор нь британичуудтай улс оронд хуульч болохын тулд яг л британи хүн шиг болж, британийн англи хэлийг төгс сурах хэрэгтэй болсон.
Тиймээс би хамгийн шилдэг гэсэн хуулийн сургууль, их сургуульд суралцсан. Ингээд эх орондоо ирээд Британийн хуулийн сургуульд ажилд орсон. Хэсэг хугацаанд мэргэжлийн холбоодтой ажиллаж байгаад сонгуульд ялалт байгуулж, боссоо ялагдалд хүргэсэн.
Харин тэр намайг ажлаас минь гаргаснаар би бяцхан түншээс ажилгүй этгээд болон хувирч билээ. Үүний дараа би нэг найзтайгаа хамтарч хувийн фирмээ байгуулсан. Би ажилдаа илүү анхаарч, шинэ технологийг судалж эхэлсэн. Дараа нь улстөрд орсон.
-Та бол авлигатай хамгийн амжилттай тэмцсэн хүмүүсийн нэг. Энэ ажлыг хийхэд хэцүү юу?
-Манайх бол өвөрмөц улс орон. Биднийг засагт гарахаас өмнө энэ улс авлига ихтэй байлаа. Биднээс өмнө британичууд нутгийн сайдуудтай засгийг хувааж, шилжилтийн үед бүгдийг нь эрх мэдэлдээ авсан.
Үүнээс болж авлига буюу бэлэг, дахиад бэлэг, тэгээд мөнгө цэцэглэж эхэлсэн. Харин бид засгийн эрхэнд гараад үүнд цэг тавихаар шийдсэн. Ингэхгүй бол бид цаашид оршин тогтнож чадахгүй шүү дээ. Манай хөршүүд нефть, хий, ой мод, гол ус, усан цахилгаан станц гээд асар их нөөцтэй.
Гэтэл бидэнд өчүүхэн арлаас өөр юу ч үгүй. Тэгэхээр яаж оршин тогтнох вэ. Ингээд л бид өөр зарчмаар амьдрах ёстой болсон. Та авлигач, харин би тийм биш байхад эдийн засаг үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.
Тиймээс хэрвээ бид өөрсдийнхөө замаар явахгүй бол оршин тогтнож чадахгүй гэдгийг ард иргэддээ юуны түрүүнд ойлгуулсан. Манайд нефть, хий алга. Гэхдээ бид нефть боловсруулах, нефть хийн цогцолборуудтай. Манайд томоохон бүх компани ажилладаг. Яагаад гээч. Би жишээ дурдъя.
1973 онд Арабын орнууд АНУ Израилийг дэмжлээ гэж эсэргүүцэн, нефть гаргахыг эсэргүүцсэн. Эдгээр орнууд бүх нефтиэ нефтийн агуулах болон хүмүүстээ хадгалуулсан гэсэн. Үнэн хэрэгтээ энэ нефть тэднийх учраас зарж болохгүй.
Тиймээс бид хөгжиж цэцэглэхийг хүсвэл энэ зөрчилдөөнд хутгалдан орох хэрэгтэй гэж үзсэн. Би нефть эзэмшигчид рүү залгаж, өмнөх шигээ ажлаа явуулах гэж байгаа бол, бас алдагдлыг бүгдэд тэнцүү хуваая гэж байгаа бол өмнө нь авч байсан хэсгээ авах болно шүү гэж хэлсэн.
Тиймээс энэ байр суурийг нь хуваалцахад бэлэн гэдгээ ярьсан. Тэд ч үүнийг мартаагүй. Өнөөдөр хямралтай байхад л “ExxonMobil”-ын хөрөнгө оруулалт Сингапурт 12 тэрбум ам.долларт хүрээд байна.
“Exxon” “Mobil”-ыг авахаас өмнө зургаан тэрбум ам.доллар байсан. Тэд дахиад 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байна. Ингээд үзэхэд нийт хөрөнгө оруулалт 16.5 тэрбум ам.доллар болно.
Яагаад гээч. Яагаад гэвэл тэд биднийг үүрэг хариуцлагаасаа зугтахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Оросууд барууны нефтийн компаниудтай ийм үйл ажиллагаа явуулахын тулд асар их цаг хугацаа зарцуулсан.
Харин бидний хувьд гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө нөхцөлийг нь сайтар судалж үздэг. Тэгээд зурах үгүйгээ шийддэг. Гэвч бид зурлаа л бол хэчнээн алдагдалтай байсан ч заавал биелүүлэх үүрэгтэй.
Хамгийн гол нь итгэлцэл хэрэгтэй. Бас гэрээний үр дүнд алдагдал амсаж болзошгүй гэдгээ ч хүлээх ёстой. Гэхдээ эцсийн дүнд бид ялагчид болно.
-Та хүүгээ Ерөнхий сайдын суудалд суулгахын тулд эрх мэдлээ ашигласан гэдэг нь үнэн үү?
-Энэ асуултыг надад 1001 удаа тавьж байна. Би хүүгээ томилоогүй. Ерөнхий сайд 14 жил хашсан албан тушаалдаа дараагийн үеэ томилсон шүү дээ. Харин тэр миний хүүг өөрийн орлогчоор томилсон. Би үүнд оролцоогүй.
Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад миний хүү шуурхай удирдлагын дарга байсан. Тэр үед л миний хүүгийн хийж буй ажлыг үнэлдэг байсан юм билээ. Түүнийг ажлаасаа гарч, улстөрд орохыг сайд гуйж байсан.
Би хүүгийнхээ амжилтыг магтахыг хүссэнгүй. Гэхдээ тэр математикаар гүнзгийрэхийн тулд Кембрижид сурсан. Энэ бол Исаак Ньютоны таталцлын онолоо баталсан газар. Би түүнд энэ сургуулийг өндөр стандарттай учраас элсэлтийн шалгалт өгөх ёстой гэж хэлж байснаа санаж байна.
Тэр ч шалгалтаа өгөөд шууд хоёрдугаар курст орсон. Бусад оюутнуудын гурван жилийн хугацаанд суралцдаг зүйлийг хоёрхон жилийн дотор гүйцсэн. Төгсөх шалгалтын дараа багш нь Сингапурын оюутны холбоонд шилдэг оюутанд олгодог шагналыг олгох захидал хүргүүлсэн байдаг.
Учир нь тэр бусад оюутнуудаас 16 баллаар илүү оноо авсан. Кембрижид ийм зүйл тохиолдож байгаагүй гэдэг. Миний хүү тийм л авьяастай даа. Тэр англи, хятад, малай, орос хэлтэй. Бас энэ шуурхай удирдлагад таван жил ажилласан болохоор энэ албанд тохирно гэдэгт хэн ч эргэлзээгүй.
-Та хүмүүсийг яаж өөртөө чиглүүлж, татаж чаддаг байна аа. Нууц нь юу вэ?
-Би бичсэн зүйл огт уншдаггүй, харин сонсогчдынхоо нүд рүү үргэлж хардаг. Сонин, бэлтгэсэн текстэн дээр байгаа бүхнийг засч янзалсан байдаг. Гэтэл хамгийн чухал зүйл бол танхимд байгаа хүмүүс тань руу анхаарлаа хандуулахаа зогсоохгүй байх ёстой.
Хэрвээ хэн нэгэн таны хэлсэн санааг ойлгохгүй байвал би дахин давтах буюу өөрөөр тайлбарладаг. Ленин гээд алдарт уран илтгэгчид ч ийм л байсан. Харин би алдарт уран илтгэгч бус, үүнд суралцаж байна. Олны өмнө бичсэн текст унших нь хэлж буй үгийг тань ямар ч үнэ цэнгүй болгодог.
1952 онд анх ажилд орж байхдаа би хэд хэдэн хэлээр ярих хэрэг гардаг байсан. Би Их Британиас ирээд мэргэжлийн холбоодод цалингүй ажилладаг байлаа. Ингээд малай, хялбаршуулсан англи хэл гээд энгийн хүмүүсийн ярьдаг хэлийг сурсан. ВВС-гийн хэл биш шүү. Энэ хэл нь ямар ч дүрэмгүй. Дараа нь хятад хэлээр ярьж сурсан.
Боловсролын салбар дахь миний бодлого бол хүмүүсийг англи хэлийг үндсэн хэлээ болгох юм. Ингэхгүй бол та яаж хоолоо олж идэх билээ. Яаж олон улсын компаниудтай үг хэлээ ололцох вэ.
Би зөвхөн малай хэлээр яриад эхэлбэл дэлхий ертөнцөд гарч чадахгүй. Ер нь бүгд англи хэл сурч, төрөлх хэлээ хоёр дахь хэл болгох хэрэгтэй. Хятад хэлийг хоёр дахь хэлээ болговол бүр ч сайн.
Миний ажлын арга барил бол ирээдүйд гаргах амжилтаа үргэлж чамлаж, өөртөө амласнаасаа ч илүү зүйлд хүрэх явдал юм. Ингэж л би хүмүүсийн итгэл найдварыг хүлээж чадсан. Ийм байдлаар би 30 жил явсан.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0