sonin.mn

 

Хүүхдийн төлөө үндэсний газар хэмээн том хаяг зүүсэн байгууллага өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус хүүхэд хүчирхийлэлд өртсөн хойно нь арга хэмжээ авдаг болсон бололтой. Учир нь өдөр ирэх тусам хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд шил даран гарч, хэдэн арван хар дэвтэр дүүрэх болоод байна.
 
 
Гэвч энэ байгууллагын удирдлагууд залуучуудын чуулган зохион байгуулаад сууж байдаг нь хачирхалтай. Яахав залууст зориулсан чуулган бүү хэл олон талт ажил зохион байгуулж болно.
 
 
Гэвч цаана нь бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн, согтуу эцэгтээ заазуурдуулсан, хорионд дөрвөн жил гаран болсон, хогийн цэг дээр насаараа амьдарч, ээжтэйгээ шоронд сууж байна. Түүгээр ч зогсохгүй бага насны хүүхэд баячуудын зарц хийж байна гээд балчир үрсийн өмнө тулгамдсан асуудал түм бум байна.
 
 
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хүүхэдтэй холбоотой муу мэдээлэл хэд хэд гарлаа. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хэвлэл, олон нийтттэй харилцах албаны дарга ...Оюунчимэгтэй уулзлаа.
 
 
Тэрбээр өчигдөрхөн л телевизээр сүрхий юм ярьж байсан. Харамсалтай нь энэ бүсгүй ярьж буй шигээ ажлаа явуулж чаддаггүй нэгэн бололтой. Өчигдрийн байдлаар энэ байгууллагад ажлын байрандаа байгаа хүн цөөхөн байв.
 
 
Тиймээс хэвлэлийн төлөөлөгч нь “Өнөөдөр ярилцлага өгөх ямар ч боломж байхгүй. Та нар сөрөг мэдээлэл цацаад байна. Бид хүүхдийн төлөө ажил хийж байгаа” гэсэн хариулт өгөөд сууж байх юм. Хүүхдийн төлөө газар хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байж ямар ажил үүрэг гүйцэтгэдэг нь хачирхалтай.
 
 
Өнөөдрийн байдлаар байгууллагынхаа нэр төрийг магтан дуулсан сурвалжлага, нийтлэл бичүүлэхийг л гол зорилгоо болгодог олон байгууллагуудын нэг болон хувирч гэхэд хилс үл болно. Ер нь энэ байгууллагыг шүүхэд өгвөл яасан юм бэ гэсэн санаа ч төрж байсныг нуух юун.
 
 
Учир нь “Хүүхдийн эрхийг хамгаална” гэж том дуугардаг хэрнээ согтуу эцэгтээ хүйтэн мэсээр сийчүүлсэн хүүхдийн эрхэнд халдаж, зургийг нь олон нийтэд дэлгэн, хэвлэлийн хурал нэрэн дор шоу хийж суухаар тухайн хүүхдийн аюулгүй байдал, нэр нүүрийг нь хамгаалах ёстой баймаар.
 
 
Хамгийн сүүлд л гэхэд 102 дугаар дунд сургуулийн сурагчдыг аав, хүү хоёр нийлж дарамтлан хүчирхийлдэг гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ мэдээллийн мөрөөр тус сургуулийн удирдлагатай холбогдоход “Одоогоор албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэсэн хариулт өгөв.
 
 
Уг хэргийн эзэн Баярсайхан гэгч дунд ангийн 20 гаруй охидыг хүчирхийлжээ. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг, 40 гаруй настай бөгөөд “Зөв амьдрах ухаан” нэртэй лекц, уншиж, охидод бүжиг зааж өгнө хэмээн хуурч, мэхлэн гэртээ авчирдаг байжээ.
 
 
Ингээд авчирсан охидоо хооллож, хүүхэд тоглох орчин бүрдүүлэн, хоёр давхар цонхгүй байшинд хорьдог байсан аж. Мөн өөрийгөө чөтгөр, ид шидтэн хэмээн таалагдсан охидод хонх өгч “Одоо чиний араас хөвгүүд гүйнэ. Чи хамгийн хөөрхөн нь” хэмээн итгүүлдэг байж.
 
 
Шилжилтийн насны охид Баярсайхан гэгч эрийн уг арганд орж, таалагдсан хөвгүүнтэйгээ найзлахын тулд өгсөн хонхыг нь жингэнүүлэн хий шившлэг хүртэл хийдэг байсан байна. Мөн түүнийг багш хэмээн бодож, хэлсэн үг дарамтаас нь болж хүчирхийлүүлснээ нуудаг байжээ.
 
 
Энэ хэрэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн 102, 33, 48 дугаар сургуулийн таваас долдугаар дугаар ангийн охид хохирсон бөгөөд албан бус мэдээллээр гуравдугаар ангийн охин ч өртсөн гэх яриа байна.
 
 
Тэрбээр охидыг гэртээ саатуулж, хорьж хоносныхоо маргааш нь өөрийгөө цагдаагийн ахмад Баярсайхан хэмээн эцэг эхэд нь танилцуулж “Танай охин өчигдөр оройтчихсон. Та бүхнээс айгаад гэртээ орохгүй байхаар нь би гэртээ аваачаад охинтойгоо унтуулчихсан” гэж хэлээд хүргэж өгдөг байжээ.
 
 
Хохирогч болсон охидыг эцэг, эхдээ хэлбэл ална, гэртэй нь шатаана, багшийг чинь ч ална хэмээн дарамтлан сүрдүүлдэг байсан нь одоогоор тогтоогдоод байна. Тэрбээр өөрийн 17 настай төрсөн хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд эл хэрэгт хүүгээ татан оролцуулсан байна.
 
 
Баярсайхан нь өмнө нь хүчингийн хэргээр гурван жилийн ял сонсон, хоригдож байсан нэгэн ажээ. Одоогоор түүний гарт хохирсон охидын эцэг, эхчүүд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, охидоо Шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийг нь үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийнхээ сэтгэл санааг эмчлэх тал дээр анхаарал тавьж байгаа аж.
 
 
Ийнхүү монголын гэрэлт ирээдүйн сүүн сэтгэлд хар толбо суулгасан гэмт хэрэгтний талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдсон боловч “хэргийг шалгаж байна” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
 
 
Харгис эрийн гарт 20 гаруй хүүхэд өртчихөөд байхад Хүүхдийн төлөө үндэсний газар ямар ажил хийж байгаа нь өнөөдөр ч тодорхой бус байна. Хэвлэл мэдээллийн ажилтных нь хэлснээр бол Нийслэлийн цагдаагийн газартай хамтран тодорхой ажил хийх гэж байгаа гэхээс өөр хариултгүй л үлдэж байна.
 
 
Хүүхдийн эрх хаа сайгүй зөрчигдөж хэн бүхний нүдэн дээр халтайсан царайтай тэрэг түрсэн хүүгээс эхлээд бага насны охид хүчирхийлэлд өртөн, насанд хүрээгүй хүүхдүүд айдас дунд амьдарч байхад улсдаа ганц байдаг хүүхдийн гэсэн тодотголтой төрийн байгууллагууд яг ямар ажил хийж байна вэ.
 
 
Уг байгууллагыг ийн шүүмжилж, сэтгэл дундуур хандан, үндсэн ажлаа хийхгүй, “Хүүхдийн” гэх тодотголоо товойлгон гаргаж, нийгэмд айдас түгшүүр төрүүлэхгүй байж чадахгүй байгааг олон энд маш олон баримтаар дурдаж болохоор байгаа юм.
 
 
Хамгийн сүүлд гарсан төрсэн эцэгтээ заазуурдуулсан хүүгийн талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад эхлүүт дээрх газар юу ч мэдээгүй, ямар нэгэн ажил зохион байгуулаагүйгээ далдалж, уснаас хуурай гарахын тулд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.
 
 
Гэхдээ тухайн хурал дээр хүүхдийг хамгаалалтад авсан хэмээн ярьж байсан. Гэвч үнэн хэрэгтээ хүүг ямар ч хамгаалалтад аваагүй байсныг хүүхдийн төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаж буй төрийн бус байгууллагынхан мэдээлэн, толгой сэгсэрч байсан.
 
 
Ганц энэ жишээнээс л Хүүхдийн төлөө үндэсний газар чухам хэрхэн ажиллаж байгааг харж болно. Энэ бүхнээс харахад хүүхэдтэй холбоотой, хүүхдэд тулгамдсан асуудлыг хөндөх үндсэн үүрэгтэй хүүхдийн байгууллагад хараа хяналт тавих цаг нэгэнтээ болсон бололтой.
 
 
Үнэн чанартаа гэр оронгүй, тэнэмэл, траншейнийн гэгдэж байсан хүүхдүүд гэнэт л алга болсон. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан “асрамж, хараа хяналтад ороод цөөрсөн” хэмээн биеэ өмөөрч байсан.
 
 
Гэтэл Японы нисэх онгоцны буудал дээр гурван ч хүүхэд Монгол хүн хараад “Намайг аваад яваач” хэмээн уйлж байсантай таарсан хүн саяхан телевизээр шууд нэвтрүүлэгт холбогдож байхыг үзлээ. Өнчин эсвэл ядуу айлын хүүхэд л гэж хүчирхийлэл дор байх ёстой биш шүү дээ.
 
 
Үнэн чанартаа дүүрэг, хорооны халамжийн болон хүүхдийн гэх тодотгол дор алба хашиж, төрөөс цалин зулгааж яваа хүмүүс хаана хэнд хүрч үйлчилж, төрийн хайр ивээлийг хүргээд байгаа нь хачирхалтай. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдийн эрхийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн уриалга байдаг.
 
 
Сэтгүүлчид энэхүү үүргээ биелүүлж, хаана ямар хүн хүүхэд хүчирхийлж, дарамталж, дарангуйлж байгааг илрүүлж өгөөд байхад хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд нь биеэ өмөөрч худлаа мэдээлэл хийн, сууж байгаатай эвлэрч үл болмоор санагдана
 
 
В.Нэргүй
 
Эх сурвалж: