Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Туяа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ХСҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр нар багтсан байна.
Айлчлалын үеэр төлөөлөгчид БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд зочилж, хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хамтран ажиллах тохиролцоонд тусгагдсан “Сөүл Төсөл”-ийн хэрэгжилтийг хэлэлцэх Зөвлөлдөх ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд оролцов.
Хуралдаанаар хэд хэдэн үндсэн асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов. Үүнд: 2013 онд төрөлжсөн мэргэжлийн эмч нарт зориулсан эмнэл зүйн урт хугацааны (6 сар) сургалтад ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ болон Улсын 3-р төв эмнэлгийн нийт 32 эмчийг 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамруулах, зочин профессорын хөтөлбөрийг 2013 ондоо багтааж ЭХЭМҮТ-д нэг сарын хугацаатай туршилтын журмаар хэрэгжүүлэх, цаашид Солонгост сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдэд Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо, хэлний мэдлэг олгох хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тохиролцсон байна.
Хуралдааны төгсгөлд хоёр улсын Дэд сайд нар Зөвлөлдөх ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны Протоколд гарын үсэг зурлаа. Түүнчлэн төлөөлөгчид Ионсей их сургуулийн Эрүүл мэндийн тогтолцоо-Северанс эмнэлэг, Самсунг анагаах ухааны төв,
Вонкванг их сургуулийн дэргэдэх нэгдсэн эмнэлэгт тус тус зочилж, Монголын эмч мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөр, ахуй нөхцөл зэрэгтэй танилцаж, цаашид эмнэл зүйн сургалтын чанарыг сайжруулах талаар эмнэлгийн удирдлага болон удирдагч профессор нартай санал солилцов.

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0