sonin.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Сонгино Хайрхан дүүргийн нөхөн сонгуулиар сонгогдсон Д.Сумьяабазар тангараг өргөх үед шүүх дээр асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байсан Д.Зоригт гэгч гэнэт УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн билээ.
Элдвийн хуурмаг тайлбарынх нь цаана чухамдаа ямар тохироо явсаныг С.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа илчилжээ.


Энэ  Монгол улсын хуулиас давсан наймаа, тохироонд АН, МАН-ын удирдлага аль аль нь оролцсон  бөгөөд мөнөөх "алдарт МАНАН тогтолцоо"  өдгөө ч зарим нэг хэмжээгээр оршсоор буйг энэ үйлдэл нотолж буй юм.


С.Чинзориг энэ тухай :
"-Хоёр нам хоорондоо тохиролцсон. Би өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд хүсэлт тавиад, Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчтэй уулзаад "Арай дэндэж байна. Ардчилсан Ерөнхийлөгч таны үед, АН засаг барьж байгаа, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа үед иргэдийн сонголтыг шүүх цагдаагаар дамжуулан булааж авна гэдэг дэндсэн үйлдэл" гэдгийг хэлсэн. Тэгэхэд Ерөнхийлэгч "За би сонслоо" гэсэн. Би ойлгохдоо АН-ынханд Ерөнхийлөгч чиглэл өгч “Та нар боль, дэндэж байна" гэсэн юм болов уу гэж бодсон. Хоёр хоногийн дараа манай намын дарга Ө.Энхтүвшинг АН-ын дарга Н.Алтанхуяг өрөөндөө дуудаж уулзсан. Тэнд АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хамт байсан юм билээ. Тэгээд Өвөрхангайн тойргийн мандатыг хоёр нам нэг нэгээр нь авъя гэж тохирсон. Түүнийг нуугаад байх зүйлгүй. Мөн манай намын дарга Г.Батхүүтэй уулзаж, хоёр зүйлийг тохирсон. Нэгдүгээрт, Өвөрхангайн мандатыг хоёр намын түвшинд нэг нэгээр нь авъя гэж тохирлоо. Харин Г.Батхүү чи хоёр үүрэг хүлээнэ гэсэн юм билээ. Нэгдүгээрт, С.Чинзоригийг давах эрхгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргуулсан учраас, тэр хүн өөрөө яваад энэ шийдвэр чинь засагдахгүй байна. Тиймээс чи гарын үсэг өгч, С.Чинзоригийг шүүхээс буруугүй гэж тогтоолго гэсэн. Г.Батхүү ч өгнө гэсэн. Хоёрдугаарт, Г.Батхүүгийн нэхэмжлэлтэйгээр архи, чихэр тараасан гэж Н.Төмөрхүү дээр эрүүгийн хэрэг үүсчихсэн байсан. Тэр нэхэмжлэлээ тат гэсэн. Г.Батхүү бас татъя гэсэн. Өөрөөр хэлбэл, намайг буруугүй болгох гарын үсгийг шүүхэд өгөх, Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийн нэхэмжлэлээсээ татгалзана гэсэн хоёр үүрэг хулээсэн юм. Харин Г.Батхүү “Тэгвэл энэ тоглоомноос гарч байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн Н.Төмөрхүүгээр СЕХ-нд өргөдөл өгүүл" гэсэн. Тэр оройдоо Н.Төмөрхүү Г.Батхүүтэй уулзаад, маргааш нь СЕХ-нд өргөдөл гаргасан. Ийм л тохироо болсон" хэмээн өгүүлжээ.

Харамсалтай нь хууль бус тохиролцооны нэг оролцогч болох АН-ын удирдлага бүр ч "хуншгүй зан" гаргаж, МАН-ынхныг "хулхидсан" бололтой.



Э.Мягмар