sonin.mn

 

М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа. Хачирхалтай юм шүү. АН-ынхан албан тушаалтай, гэдэс цатгалан яваа он цаг бүрт М.Энхсайхан "гудамж метр"-лэж, хоосон ходоодтой хорвоог тольдож алхдаг. Энэ бүхнийг өнгөрсөн түүх гэрчилнэ. Бас өнөөдрийн үйл явдал ч баталгаажуулна.
 
 
Түүний илтгэлд дурьдагдсанаар 2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өглөө. Гэвч угшил нэгт М.Энхсайхандаа талхны үүрмэг ч үзүүлсэнгүй. Бялууны хэлтэрхий амсуулаад авчихсаныг нь эс тооцвол АН-ынхан түүнийг мартчихсан.
 
 
Шуудхан хэлэхэд, М.Энхсайханыг хэрэгтэй үедээ хэрэглэчихээд, хэрэгцээ нь дуусахаар хаячихдаг зуршил АН-ынханд бий болжээ. Хэдхэн хоногийн өмнө МҮАН-ын Удирдах зөвлөлийн 11 гишүүн намын дарга М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, өнгөрөгч баасан гаригт хуралдахаар товлосон Их хурлаараа эцсийн шийдвэр гаргахаар болсон юм. 
 
 
Ганц лидертэй тус намынхан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшүүлнэ гэх мессежийг эртнээс нисгэсэн. АН-ынхныг айлгах гэсэн тактик уу, эсвэл аз нь таарвал ёозгүйгээр гэгчээр боломж олгоод үзэхийг хүссэн үү гэх асуулт дээрх мэдээлэлтэй зэрэгцэн хариулт нэхэж эхэлсэн.
 
 
Гэвч угшил нэгт намынхнаа шантаажилж, албан тушаал авах гэсэн арчаагүй үйлдэл байсан бололтой. Их хурлын өмнөх өдөр М.Энхсайхан Төрийн ордноор эргэлдэж, өнжсөн. Гэтэл мань хүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж тохироо хийсэн гэх явган яриа баталгаажлаа.
 
 
Учир нь их хурлын төлөөлөгчид ганц лидерийнхээ үгийг үг дуугүй дагахаар болж энэ удаагийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдэв. Тэр ч бүү хэл, улс төрийн тогтвортой байдлын талаар гишүүддээ номлож, Эбэ-г энхийн цагаан тагтаа шиг магтан сайшаасан байгаа юм.  М.Энхсайханыг юу гэж өөрчлөв. Хачирхалтай юм шүү. 
 
 
Харин МАХН-ынхан бага чуулганаа хуралдуулах гэж багагүй зүдрэв. Хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж, нэр дэвшүүлэх магадлалтай хүмүүс өөрийн хүсэлтээр татгалзсан гээд хөшигний ард сонирхолтой үйл явдал өрнөв.
 
 
Хуралдаан хойшилсон шалтгааны талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба шинэчлэлийн Засгийн газартай хийсэн гэрээ зэргийг нягталж үзэх шаардлагатай байсан хэмээн тайлбарлалаа.
 
 
Эрх баригчид гэрээний заалтаа баримталж, ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллах нь зүйтэй гэх саналыг МАХН-ынханд хүргүүлсэн бололтой юм. Иймээс гэрээгээ баримтлах, эсвэл угшлаа бодож МАН-ыг дэмжих хоёр замын алийг нь сонгохоо мэдэхгүй мунгинасан аж.
 
 
Хэрэв гэрээгээ мөрдөж ажиллана гэвэл Н.Энхбаярын ялыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй эвслийн нөгөө тал болох МҮАН-ынхантай санал нэг харагдана. Иймээс энэ бүхнээс зайлсхийж нам бие даан оролцох нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн ч нэр дэвшигчээс болж асуудал дахин гацаанд оржээ.
 
 
Уг нь Д.Тэрбишдагвыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай яригдсан ч тэрбээр нэрээ татаж, их сунгаанд үзэхээс татгалзсан байна. Иймээс Л.Цог, О.Цолмон хоёрын нэр дээр тунажээ. Хэрэв Л.Цогийг нэр дэвшүүлбэл АН-ынхны саналыг хуваана.
 
 
Харин эксийн эхнэрийг түлхүүрдвэл ах намынхан ялагдах магадлалтай гэж МАХН-ынхан хувилбаруудаа жагсаачээ. Гэвч энэ хоёр эрхмийн аль алийг нь гишүүд шүүмжилж, эцэст нь Н.Удвал дээр тогтох нь тэр.
 
 
Монголын түүхэнд анх удаа эмэгтэй нэр дэвшигч гарч ирж байгаа ч ялах найдваргүй. Ганц тойргийн иргэдийн саналыг авч чадаагүй хүн улс даяар санал цуглуулж дөнгөх үү гэх асуулт зарим гишүүдийнх нь амнаас цухалзаж, авхайг аашлуулсан мэдээлэл чих дэлссэн.
 
 
Эрүүл мэндийн салбарыг элгээр нь мөлхүүлэх шахсан, ганц хүний төлөө ажилладаг гээд эрхэм авхайг тойрсон элдэв хэл ам тасрахгүй байхад энэ хүнийг их сунгаанд сойхоор шийдвэрлэж байгаа нь улс төрийн хүрээнийхний хачирхлыг төрүүлээд байна.
 
 
Магадгүй эрх баригчдыг ил дэмжиж ажиллахгүйн тулд Н.Удвалаар хаалт хийв үү гэх хардлага ч цухалзаж буй юм. Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшихээр боллоо.
 
 
Д.Дорж
 
Эх сурвалж: