сонин mn
Сүүлийн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАХН тэргүүтэй “Та Бидний эвсэл”-ээс энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.
 
Сонсогтун!
МАН 2020 оны УИХ-ын сонгуулийг илэрхий луйвардаж нийт сонгогчдын 20 гаруйхан хувийн саналыг авсан ч УИХ-ын суудлын 80 гаруй хувийг эзэгнэх болсон. Тэд энэ сонгуулийг явуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, зөвхөн МАН-д ашигтай Сонгуулийн хууль баталж, Монгол Улсын иргэдээ ангилан ялгаварлан гадуурхаж, заримынх нь сонгуульд оролцож санал өгөх эрхийг хасаж, зарим нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хаан боогдуулж Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн билээ. Харамсалтай нь МАН-тай далд тохиролцоо хийж албан тушаалд очсон ҮХ-ийн Цэцийн гишүүд, шат шатны шүүгчид, СЕХорооны гишүүд МАН-тай үгсэн хуйвалдаж луйвар булхайг нь хаацайлан хамгаалж зөвтгөсөөр ирсэн. Тэд 2016 онд МАН-ын 60 тэрбумын хэргийг ийнхүү хаацайлсаар байгаад замхруулсан, 2020 онд ч мөн адил МАН-ын ЖДҮ-чдийн багийг хамгаалж, ард түмний татварын мөнгийг ил, далд аргаар идэж уухад донтсон хүмүүсийг нэг хүний өнгө үзэмжээр төр засгийн өндөр албан тушаалд томилох үүд хаалгыг нээсэн юм.
 
Ухаарагтун!
Эрх баригчид Монгол Улс бол ардчилсан улс мөн хэмээн ярих дуртай ч Ардчилал сонгох, сонгогдох эрхэн дээр тогтдогийг мэддэггүй. 
Эрх баригчид шударга ёсны тухай цээжээ дэлдэн хөмсөг зангидан ярих нь олонтаа ч Ардчилал шударга шүүхгүйгээр өрөөсөн далавчаа тасдуулсан шувуу шиг болж хөх тэнгэрт эрх чөлөөтэйгээр дүүлэн нисч чадахгүйг ухаардаггүй. 
Эрх баригчид Монгол төр олон мянган жилийн уламжлалтай гэж мэдэмхийрдэг ч Ардчилсан төр юуны түрүүн хариуцлага дээр тогтдогийг ойлгодоггүй.
Эрх баригчид албан тушаалд очихдоо Ардчилал бол Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө оршдогийг мэддэггүй.
Эрх баригчид луйвар булхайгаа нуун далдлах хууль баталж, өөрсдийгөө дархалж, дарангуйллаа бэхжүүлж бусдыг айлгаж, ард түмний дуу хоолойг хаан боодог ч Ардчилал эрх мэдэл нэг гарт төвлөрөхийн эсрэг байдгийг ойлгодоггүй.
 
Бодогтун!
Мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй, өөрсдөө хагартлаа баяжих гэсэн өчүүхэн шуналдаа хөтлөгдсөн хүмүүс Монгол Улсын төр засгийн толгойд гарсны гарз хохирол хэчнээн их байдгийг сүүлийн үед болж байгаа үйл явдлууд бэлхнээ нотлон харуулж байна.
Төр засгийн албан тушаалтнуудын хариуцлагагүйгээс болж Дархан-Уул аймагт 3 хүүхэд тогонд цохиулан нас барлаа, Сэлэнгэ аймгаас ирсэн 10 настай охин амь насаа алдлаа, 58 настай, хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоон дээр хууль бусаар саатуулагдаж байгаад амьсгал хураалаа, олон хүн утаагүй түлшинд хордож байна, Монгол Улсын иргэд эх орондоо буцан ирэх гээд харийн газар орох оронгүй, оочих аягагүй өлсөн цангаж, уйлан гомдож, зарим нь хорвоог орхин одож байна гэсэн аймшигтай мэдээ нийт иргэдийн оюун санаа, зүрх сэтгэлийг тасралтгүй бөмбөгдөн шархлуулж байна.
Ийнхүү Үндсэн хуульд зааж тогтоосон хүн амьд явах, эрүүл саруул байх эрхтэй, төр засаг иргэдийн эх орондоо тав тухтай, сэтгэл санаа амар амгалан амьдрах эрхийг нь баталгаатай хангах улс төр, нийгэм, эдийн засгийн цогц бодлого авч хэрэгжүүлж байх үүрэгтэй гэсэн суурь зарчмууд бүдүүлгээр зөрчигдөж байна.
Өнөөгийн эрх баригчид дээрх эрхэм үүргээ биелүүлэхийн оронд коронавирусын цар тахлын аюулыг өөрсдийнхөө нэр хүндийг дээшлүүлэх шоу болгож ирсэн нь хүнд хэцүү үед ойр дотны хүмүүсийнхээ амь насыг алдсан, ажлын байргүй болсон, орлого нь тасарсан, нэг намын дарангуйлал үүсч байгааг харж ойрын ирээдүйдээ итгэх итгэл алдарсан иргэдийн уур бухимдлыг тэсэртэл нь хуримтлуулсан юм.
 
Мэдэгтүн!
Эрдэмтэд коронавирусын цар тахлын аюулаас иргэдээ вакцинжуулж салахаас өөр арга зам байхгүйг хэлж анхааруулсаар байхад, дэлхийн бусад улс орон иргэдээ вакцинжуулах ажлыг төсөвтөө мөнгө зардлыг нь аль эрт суулган баталж хэрэгжүүлж эхэлчихээд байхад манай өнөөгийн эрх баригчид төсөвт зөвхөн малын вакцинжуулалтын зардлыг суулгаж баталчихаад коронавирусын цар тахлын эсрэг вакциныг гадаадын улс орон, олон улсын байгууллагаас зээл, тусламжаар авна гээд сууж байгааг харахад тэд нар монгол хүнийг малаас доор үздэг, хүнд хэцүү нөхцлөөс хор хохирол багатай гарах тодорхой бодлого төлөвлөгөөгүй, ажилдаа эзэн болж ард иргэддээ үйлчлэх үүргээ мэддэггүй мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй хүмүүс юм байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Тэд мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүйгээ хөмсөг зангидах, ширээ шаах, попрох зэрэг элдвийн арга заль хэрэглэн нуун далдалдаг ч иргэд тэдний үнэн нүүр царайг аль хэдийн танин мэдсэн байна.
 
Сэрэгтүн!
Өчигдөр хорвоод шинээр мэндэлсэн хөх толбот монгол хүүхдийг, түүнийг биедээ 9 сарын турш тээж төрүүлсэн монгол эхийг есөн ес эхэлчихсэн хүйтэн өвлийн шөнө ад үзэн нүцгэн нөмгөн шахуу автомашинд ачиж байгааг нь харсан монголчууд өнөөгийн эрх баригчдыг жигшэн зэвүүцэж эсэргүүцэн бослоо. Монголын нийт ард түмний шилдэг төлөөлөл болсон иргэд, ялангуяа залуучууд өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцохоор ийнхүү Улаанбаатар хотын төв талбайд цугларахад эрх баригчид ард түмний зүй ёсны уур бухимдлаас айж нэг нь ч гарч ирж нүүр тулан уулзсангүй, санаа бодлыг нь сонссонгүй. Эрх баригчид мэдлэггүй, ёс суртахуунгүйн дээр бас аймхай хулчгар гэдгийг нь нийт монголчууд харж ойлголоо. Эрх баригчид нэртэй хулчгарууд олон зуун цагдаа нарын ард, өндөр хашааны цаана, үүд хаалга нь түгжээтэй хэрэм мэт бэхэлсэн ханатай ордонд шигдэн нуугджээ. Тэд ард түмний дүрэлзсэн уур хилэнгийн галыг хоёр сайдын огцрох өргөдөл гэсэн дусал усаар унтраана гэж боджээ. Тэгж чадахгүйгээ мэдмэгцээ Засгийн газрыг огцруулах байдлаар алдаа дутагдлаасаа болж өөрсдөө гулсан орсон хүнд нөхцөл байдлаасаа гарахыг оролдож байна. Эрх баригчид хүнд нөхцлөөс ийм байдлаар гарсан ч ард түмний амьдрал дээшлэхгүй, ажлын байр шинээр бий болохгүй, иргэдийн орлого нэмэгдэхгүй.
 
Бодогтун! Мэдэгтүн! Ухаарагтун!
Өнөөгийн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хямралын гол учир шалтгаан өнөөгийн төр засгийн гаж тогтолцоонд байгаа учир энэхүү гаж тогтолцоог монгол хүн, Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн засаагүй цагт хэдэн ч сайд өргөдөл өгөөд, хэдэн ч Засгийн газар огцроод шударга бус байдал арилахгүй, шударга бус сонгууль болсон хэвээр байна, луйвраар төр засгийн өндөр албанд очсон албан тушаалтнууд ард түмнийг бодохгүй идэж уусаар байна, олон сайхан монгол хүүхэд, монгол эх, монгол хүн хэлмэгдсээр, эрхээ хасуулсаар, амь насаа алдсаар байх болно. Эрх баригчид ийм утгагүй байдлыг дахин 30 жил хадгалан үргэлжлүүлэхийг хүсч байна. Тэгвэл ийм аймшигт байдлыг аль болохоор хурдан өөрчлөхийг зорих нь Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн эрхэм зорилго болж байна.
 
Өнөөгийн нөхцөлд:
1. Нэгэнт ажиллаж чадахгүй нь эрдэнэт хүний амь насын асар их үнэ цэнээр батлагдсан одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах,
2. Монгол Улсын нийт ард түмний эрх ашгийг илэрхийлсэн Их Эвслийн Засгийн газрыг түр хугацаагаар байгуулах,
3. Өнөөгийн гаж тогтолцоог засах зорилготой, байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох, ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлох, хоёр танхимтай, нэг нэгийгээ хянах чадвартай Парламенттай болох, ард түмнээс сонгогдсон шүүгчид бүхий шударга шүүхтэй болох зэрэг зарчмын асуудлыг тусгасан шинэ Үндсэн хуулийн төслийг богино хугацаанд боловсруулах,
4. Энэ оны долдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын ээлжит бус сонгуулийг ард түмний санал асуулга, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах,
5. Шударга сонгуулиар шинээр сонгогдох Парламент шинэ Үндсэн хуулийг ард түмний санал асуулгын дүнд тулгуурлан ёсчлох нь хамгийн зөв зүйтэй гарц мөн гэж МАХН тэргүүтэй “Та Бидний эвсэл” үзэж байна. Ингэснээр:
1. Өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралаас бүрмөсөн гарах, 
2. Монгол Улсад ардчилсан, хариуцлагатай төрийн тогтолцоог бат бэх байгуулан бэхжүүлэх,
3. Ард түмэн улс орны эзэн болох,
4. Монгол хүний үнэ цэнэ өсч, монгол айл өрх амгалан тайван амьдрах, нийгмийн харилцаа шударга ёс, эв нэгдэлд тулгуурлах,
5. Монгол Улс бусад улс орны нэгэн адил эрч хурдтай хөгжих болно.
 
“Та Бидний эвсэл” өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас гарахын тулд ийнхүү хамтран ажиллахыг бусад улс төрийн нам, иргэний нийгмийнхэнд хандан санал болгож байна. 
 
МАХН тэргүүтэй “Та Бидний эвсэл” шударга ёсыг эрхэмлэдэг ард түмэндээ хандан энэхүү хувьсгалын чанартай их үйл хэргийг хамтран бүтээхийг уриалж байна.
 
“Та бидний эвсэл”