sonin.mn
Хуульч О.Баасанхүүтэй Ардчилсан нам дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
 
-Ардчилсан нам хоёр тамгатай болчихлоо. Хуулийн хувьд алиных нь хүчин төгөлдөр юм бэ?
 
-Би хуульч хүнийхээ хувьд байр сууриа хэлье. Аливаа эрх мэдэлтэй ямар нэгэн этгээд үүргээ цаашаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох нөхцөл үүсдэг. Жишээлбэл, хүнд өвчин тусах, шүүхээр ял шийтгүүлэх, өөрөө хүсэлтээрээ ажлаа өгдөг. Энэ процессыг АН-ын дүрмээр зохицуулсан байх ёстой. Намын дарга нь үүргээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болбол түр орлон гүйцэтгэгчийг нь томилно гээд. Харамсалтай нь Ардчилсан намын дүрмэнд тийм зохицуулалт байхгүй юм шиг байна. Хэрвээ тийм зохицуулалт байхгүй бол ер нь орлон гүйцэтгэгч байж болох уу гэж болох уу гээд үзэхээр ганцхан тохиолдолд болно гэж байгаа юм. Тэр нь иргэний хуулиар хэлцэл хийгдсэн, итгэмжлэл өгөгдсөн байх ёстой. Итгэмжлэл нь тушаалын хэлбэртэй байж болно. Эсвэл тодорхой хуралдаан протокол хэлбэртэй байж болно. Ямар ч байсан эрх үүрэг, хугацааг нь тодорхой заагаад хэлээд өгчихдөг. Тэгэхээр АН дээр өнөөдөр хоёр асуудал үүссэн харагдаад байгаа юм. Нэгд, Улсын дээд шүүх үүрэг гүйцэтгэгчийг хүлээн зөвшөөрсөн үү гэж. Улсын дээд шүүх үүрэг гүйцэтгэгчийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэж байсан талаас ямар нэгэн тайлбар ч юм уу албан бичиг ч юм уу авах үүрэгтэй. Яагаад гэхээр тухайн намын эрх бүхий бүрэн итгэмжлэх хуулийн этгээдийг хүчингүй болгох дүрмэндээ намын Их хурлаар буюу дараагийн даргыг сонготол гэж байгаа. Гэтэл албан тушаалтан хайнга хандаад үүрэг гүйцэтгэгч нь өөр хүнийг санал болгоод нөгөө санал болгосон этгээд нь энэ хүн үүрэг гүйцэтгэгч мөн гэснээр цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж байгаа нь буруу. Дүрмэндээ энэ талаар тусгасан бол цахим мэдээллийн сандаа оруулж болох юм. Гэтэл дүрмэнд ийм зохицуулалт байхгүй бол буруу.  Намын дарга намын Их хурлыг хий, дараагийн тамга хүлээж авах хүнийг тодруулах ажлыг хийхийг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд үүрэг болголоо гээд долдугаар сарын 2-нд тушаал гаргасан байна. Тэгэхээр наймдугаар сард товлосон намын Их хурлыг хүчингүй болгох эрх Ц.Туваанд байсан уу гэдэг нэг асуудал. Хоёрт, Улсын дээд шүүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг шууд бүртгэх эрхтэй юу гэдэг асуудал ойлгомжгүй байна.
 
 
 
Тамгын асуудал яриад байгаа юм. Тамгыг эрх хүлээн авсан этгээд буюу намын дарга хүлээж авдаг. Тэр тамгыг эзэмших эрх нь Ц.Туваанд олгогдсон байсан. Гэтэл энэ хүн өөрт олгогдсон эрхээсээ тусдаа эрх эдэлсэн учраас энэ болохгүй байна. Тиймээс тамгаа өг гэж хэлсэн. Гэтэл өгөхгүй учраас хүчин төгөлдөр бус гэж хандаад шинэ тамга хийлгэсэн байна. Улсын бүртгэлийн газрын өгсөн тайлбараас харахад энэ хууль зүйн үндэстэй харагдаад байгаа юм. Тэгэхээр хуулийн дагуу С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа.
 
 
 
-Тэгэхээр С.Эрдэнэ даргын тамга хүчинтэй гэсэн үг юм уу?
 
-Тэгэхээс өөр арга байхгүй. Ер нь цаашдаа бусад намууд ч мэдмээр юм байна. Монгол Улсад 34 нам байна. Мэдээж намын дарга мөнхийн албан тушаал биш. Ямар нэгэн байдлаар үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл үүсвэл намын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилж ийм дүрэм журмаар намын даргын бүх эрх мэдлийг эдэлнэ гэж дүрмэндээ биччихсэн байсан бол энэ маргаан гарахгүй байсан. Хэрвээ намын дүрмэнд энэ зохицуулалт байхгүй бол хуулийг нь харна. Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд Ц.Тувааныг итгэмжлэлээр үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм байна. итгэмжлэлээр олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзээд үүргээс нь чөлөөлөх санал гаргаад, цуцалсан гэж харж байгаа. Мөн намын X хурал хүчин төгөлдөр мөн үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Намын Их хурлыг зарлах субъект гэж байна. Яг хуульд заасан субъект зарласан уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Намын Их хурал хүчин төгөлдөр байлаа гэж үзэхэд намын дүрмийг өөрчилсөн нь дүрэм, журмандаа нийцсэнийг ч хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намын 9.3-т бүртгэлтэй холбоотой бичгийг намын дарга нь Улсын дээд шүүхэд байгаа маягтыг бөглөж холбогдох материалуудыг хүргүүлнэ гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр намын даргаа энэ нам солиогүй. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн тэр материалыг хүргэж өгөх үүрэгтэй.
 
-Тэгвэл АН-ын шинэ дүрмийг Дээд шүүх бүртгэхгүй байх нөхцөл үүсээд байгаа юм би үү?
 
-Улсын дээд шүүхэд бичиг баримт ирлээ гэхэд заавал хэлэлцэн шийдвэрлэж хариу өгөх хуулийн хугацаатай. Гэхдээ бүртгэх эсэхийг би хэлж мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулага АН-аас дахин нэр дэвших хүсэлт илэрхийлбэл өрсөлдөгчгүй шууд нэр дэвшинэ ч билүү, шууд тэр хүн дээр санал хураана гэсэн заалт орсон гэж бичээд байгаа. Хэрвээ энэ үнэн байвал энэ нам татан буугдах үндэслэл болно. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намыг татан буулгах үндэслэл гэж байдаг. Энд бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал татан буугдах үндэслэл болдог. Улс төрийн намын тухай хуулийн тавдугаар бүлэг дээр тэгш байдлыг хангах гэж байгаа.
 
 
 
Тэгш байдал гэдэг нь аливаа намын дарга байна уу, төрийн албан хаагч байна уу, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч байсан давуу байдал эдлэхгүй. Зөвхөн дүрмээр олгогдсон эрх үүргийг л эдэлнэ гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсын 50 нас хүрсэн бүх иргэн парламентад суудал бүхий намаар дамжин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших, өрсөлдөх эрх нь нээлттэй.
 
 
 
Гэхдээ намын гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангах ёстой. Нам дотроо өрсөлдөх эрх нь гишүүн бүхэнд байх ёстой. Энэ заалтыг зөрсөн өөрчлөлт дүрмэндээ арай оруулаагүй байлгүй дээ гэж би найдаж байна.
 
-Ярилцсанд баярлалаа.