sonin.mn

Манай улсын нэг хүнд ногдох архины хэмжээ 23.5 литр байна гэнэ шүү

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээний үзүүлэлт дунджаар есөн литр байхад тухайн улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж эхэлнэ гэж үздэг.

Харин манай улсын хувьд нэг хүнд ногдох хэмжээ 23.5 литр буюу дэлхийн дунджаас 2.5 дахин илүү байгаа нь энэ тал дээр зайлшгүй хяналт тавих, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, тэмцэх шаардлага тулгарч байгаа юм.

Орон нутагт архины хэрэглээ болон архины үүдэлтэй сөрөг үзэгдлүүдийг бууруулах үндсэн зорилгоор Өмнөговь аймаг “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг батлалаа. Өнгөрсөн оноос эхлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас батласан байна.


“Архигүй Өмнөговь” хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн тоог цөөрүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийн ухамсарт нөлөөлөх, хууль тогтоомжийг хангаж ажиллах зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар хийхээр төлөвлөжээ.

 “Архигүй Өмнөговь” хөтөлбөр боловсруулахад санал авах аяны хүрээнд 1183 хүнээс судалгаа авахад нийт оролцогчдын 53.9 хувь нь “Тэмдэглэлт баяр ёслолын үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг”, 4.3 хувь нь “Байнга хэтрүүлэн хэрэглэдэг”, 41 хувь нь “тохируулан хэрэглэдэг” гэжээ.

Мөн архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдлын гол шалтгаан нь “Ядуурал, ажилгүйдэл, ёс суртахууны доройтол зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нөлөөлдөг” гэж 48 хувь нь, “Архи үйлдвэрлэдэг, түүгээр үйлчлүүлдэг цэгүүд олон байгаатай холбоотой” гэж 28.1 хувь нь, “Тухайн хүний ухамсар, гэр бүлийн хүмүүжил төлөвшил нөлөөлж байна” гэж 22 хувь нь хариулсан байна.

Эх сурвалж: "Монгол говь" сонин