sonin.mn
Энэ 3 дугаар сарын 1-нд МАН-ын 100 жилийн ойг МАН тэмдэглэнэ. Гэвч МАН 100 жилийнхээ ойгоор хийх байсан Намын Их Хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Яагаад ? Яагаад гэвэл улс орноо сүйрүүлсэн учраас, үг хэлэх нэр нүүрээ алдсан учраас. Ямар ч гэсэн МАН-ын түүхийн талаар түүхэн философийн эрэгцүүлэл толилуулж байна…
 
Хувь заяаны тохиол
 
МАН 1921 оны 3 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Харин хувь заяаны тохиолоор Хятадын Коммунист Нам (ХКН) 1921 оны 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сарын эхээр байгуулагдсан. Ердөө л 3 сарын зайтай мэндэлсэн учраас нас чацуу гэж үзэж бүрнээ болно.
ХКН 100 жилийн ойнхоо өмнөхөн Хятадыг туйлын ядуурлаас бүрэн гаргав гэж нүүр бардам хэлж байна. МАН 100 жилийн ойгоороо клиптократийн буюу хулгайч нарын нам гэсэн нэр зүүж байна. Гадаадын хэвлэлд үнэхээр ингэж бичиж эхлэв…
 
 
 
Хувь заяаны тохиол бүр ч нарийн. ХКН-ыг үндэслэн байгуулагч Мао Цэ Дун, МАН-ыг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар хоёр нас чацуу.  
 
 
 
Мао 1893 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн. Харин манай Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Чацуу хоёрын нэг нь ядуу тариачны, нөгөө нь ядуу малчны гэр бүлд төржээ. Мао тосгоны бага сургуульд суржээ. Сүхбаатар 12 настайдаа бичиг үсэг суржээ. Адилхан л байхгүй юу. 1910-аад онд Мао хот руу “алга” болжээ. Суут хүмүүс цаанаасаа тийм юм шиг байгаам. Харин Сүхбаатар энэ үед эх орныхоо эрх чөлөөний төлөө тулалдаж баатар цол хүртжээ. Эр зоригоороо бусдаас ялгарч байгаа нь тэр. Сүхбаатар журамт нөхдийн хамт 1921 оны 3 дугаар сарын 1-нд МАН-ыг үүсгэн байгуулж Ардын хувьсгалыг ялалтад хүргэжээ. Харин манайд 1921 оны Ардын хувьсгал дөнгөж ялж байсан 1921 оны 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхээр Мао Шанхай хотноо Хятадын Коммунист Намыг байгуулж байлаа.
Үүнээс 120 жилийн дараа Хятадууд Мао даргадаа алтаар хөшөө барьж байхад Монголчууд Сүхбаатар жанжныхаа хөшөөг буулгана гэж яриад сууж байлаа. МАН жанжин Сүхбаатарынхаа нэр төрийг хамгаалж чадахгүй сууж байж, Дамдины Сүхбаатарын Батболд хэмээх хулгайчийнхаа өөдөөс үг ч дуугарах ч тэнхэлгүй болж, арчаагаа алдан сөнөж эхлэв.
 
Нийгмийн дэвшлийн замаар
 
МАН угаасаа ийм үхээнц дорой, арчаагаа алдсан, хулгайч дээрэмдчдээр дүүрсэн нам байсан уу ? гэвэл үгүй юм. Чухам энд л манай монголчуудын төөрөгдөл гарч ирдэг. Учир нь Монгол орныг нийгмийн дэвшлийн замаар удирдсан жинхэнэ МАН, Монгол орныг сүйрлийн зам руу хөтөлсөн МАН хоёр огт өөр, бүр эсрэг тэсрэг намууд байгаад гол ялгаа нь оршино.
 
 
 
МАН-ыг дандаа алж хяддаг, хэлмэгдүүлдэг, дарангуйлдаг нам гэж ярих нь ердөө л гүтгэлэг юм. Маш ноцтой алдаа хийсэн түүхэн хүнд үеүд байсан хэдий ч МАН бол нийгмийн асар их дэвшилд хүргэсэн яруу алдарт нам юм.    
 
 
 
МАН бүтээн байгуулагч нам байлаа.
 
МАН бүгд найрамдах засаг тогтооно гэсэн. Үнэхээр ардын засаг тогтоов. МАН Эх орноо хамгаална гэв. Халхын гол, Байтаг Богд, Чөлөөлөх дайнд оролцож ялалт байгуулж, тусгаар тогтнолоо бэхжүүлэв. МАН аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болно гэв. Аж үйлдвэр болон орчин үеийн бүх салбарыг байгуулав. МАН аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болно гэв. Малынхаа ноосыг 100 хувь, арьс ширээ 98 хувь боловсруулдаг аж үйлдвэрийн цогцолбор байгуулав. Хүнд үйлдвэрийн суурийг тавив.  
 
МАН суут удирдагчдын нам байлаа.
 
МАН бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын нам юм. Хүн бол Бурхан биш.Түүхэн зүтгэлтнүүд ч гэсэн нарийн судлаад ирэхээр сайнтай, муутай байх нь бий. Гэхдээ л тэдний олонхи жирийн нөхцөлд жирийн хүн шийдвэрлэх боломжгүй түүхэн асуудлыг хувь хүний онцгой шинжийнхээ ачаар монгол үндэстэндээ тустайгаар шийдсэн байдаг юм.
 
 
 
Ухаандаа Сүхбаатарыг даалуу тоглодог байсан, бараг л муу мөрийтэй тоглоомчин гэх. Тэр үед даалуу тоглодоггүй монгол эр ховор байсан. Одоо ч гэсэн манайхан дарвайтлаа покер тоглодог биз дээ. МАН-ын удирдагчдаас хэн нь ч Сүхбаатар шиг 20-иодхон насандаа баатар болж яагаад ч чадахгүй. Харин МАН-ынхан дэлхийгээр нэг хэсэж, хулгайн мөнгөөр казино тоглож чадна.      
 
 
 
 
Чойбалсанг алуурчин гэх. Арав гаруйхан настай банди Санбээсийн хүрээнээс оргож явганаар Нийслэл Хүрээнд ирээд орос сургуульд орж, Эрхүүд суралцаж, нам байгуулж, хувьсгалч болж чадсан л юм даа. Одоо МАН-ын нусгайчуудын хэн нь ч явганаар Дорнод аймгаас Улаанбаатар ирж, нам байгуулж чадахгүй.
МАН хамгийн эхлээд түүхэн зүтгэлтнүүдээ “алав”. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав. Үүнийг дан ганц ардчиллынхан хийсэн гэвэл тун их эндүүрэл. МАН-ын солиотууд өөрөө оройлон түүхэн зүтгэлтнүүдээ “устгасан” нь хөдөлшгүй баримт. МАН түүхэн зүтгэлтнүүдээ “устгасан” ч ард түмэн мартаагүй юм…    
 
МАН хөдөлмөрчин ардын нам  байлаа
 
Улс орноо шинээр бүтээн байгуулах үйл хэрэгт МАН-ын болон МХЗЭ-ийн мянга мянган гишүүд улаан цусаа урсган тэмцэж, хар хөлсөө дундартал ажиллаж, хөдөлмөрлөж дэвшилд хүргэсэн түүхэн гавъяатай.      
МАН бол уурхайчин Даваажав, Отгонцагаан, хоньчин Очир, Цогтгэрэл, Нямхайнямбуу нарын нам юм. МАН бол Амгалан, Гүнжинлхам нарын ажилчдын нам, Намжиг, Аюурзана, Лодойхүү нарын нэгдлийн дарга нарын нам юм. МАН бол барилгачин Цогоо, Мандах нарын нам юм. МАН бол Дандар, Лхагвасүрэн, Даваадорж, Тэгшээ нарын баатруудын нам юм. МАН бол сансрын нисгэгч Гүррагчаагийн нам юм. МАН бол мянга мянган эрдэмтэн, эмч, багш нарын нам юм. МАН бол эгэл жирийн хөдөлмөрчдийн нам юм.
 
 
 
МАН бол боловсролоороо ЮНЕСКО-гийн шагнал авсан нам, Эрүүл мэндийн системээ дэлхийд эхний 10-т оруулсан нам юм. Энэ бол миний аав, ээжийн нам, энэ бол миний нам юм…     
 
 
 
Одоогийн МАН бол зөвхөн баячуудын нам юм. Үүнийг МАН-ын сүүлийн Их Хурлын төлөөлөгчид, МАН-ын Бага Хурлын бүрэлдэхүүнд анхан, дунд шатанд ажилладаг, эгэл жирийн иргэн ганц ч байхгүйгээр хялбархан нотолж болно.
Хуучны МАН хулгайч, дээрэмчдийг тэвчдэггүй нам байлаа. Одооны МАН хулгай хийчихлээ гэж хэлсэн хүнийг шүүхээр шийтгэдэг нам болов. Үүнийг тод жишээ нь судлаач Д.Ганхуяг би өөрөө байна…
 
Ардчиллын зүгт
 
Тэгвэл яагаад ийм мундаг, сайн нам 1990 онд нуран унадаг юм ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Энэ талаар маш олон үнэлэлт дүгнэлт хийсэн боловч ултай судалж шинжилсэн бүтээл бараг байхгүй. Түүхэн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөнө гэж гарцаагүй зүй тогтол байх.                          
1911 оны Үндэсний хувьсгал Хаант Оросын, 1921 оны Ардын хувьсгал Зөвлөлт Оросын, харин 1990 оны Ардчилсан Хувьсгал АНУ болон Барууны орнуудын шууд тусламж, дэмжлэгээр ялсан нь хэн бүхэнд тодорхой. Монголын хувьсгалууд заавал “гадаад түшиг тулгуур”-ын ачаар ялж байсан. Энийг л хөгжлийн түүхэн хандлага гээд байгаа юм. 1990 онд ардчилал, зах зээл дэлхий дахинаа ялгуулсан давшилт хийж байлаа. Харин одоо бол ахиад л түүхийн нэгэн шинэ эргэлт болж байна. (Энэ талаар жичид нь ярина.)
Одоо 1990 онд ардчилал, зах зээлийг сонгон авсан нь зөв үү, буруу юу ? гэсэн асуулт гарна. Би болон маш олон хүн зөв байсан гэж хариулах нь лавтай. Харин үүний дараа үнэхээр ардчилал, зах зээлийн замаар явсан уу ? гэвэл би болон маш олон хүн үгүй гэж хариулна. Яагаад ?
 
Системийн хямралаас системийн нуралт руу
 
Яг үүнийг яриад эхэлмэгц төр засгийн лаларын тэнэглэл эхэлнэ.
МАН, АН хоёр “Бид ардчиллын замаасаа ухрахгүй”, “Бид ардчиллаа аварна” гэх мэт орилох. Уучлаарай эрхэмүүд ээ, ардчилал, зах зээлийн зам болон зарчмаас Та нар, тодруулбал МАН, АН хоёр аль хэдийн урвачихсан. МАН (МАХН), АН хоёр Монгол орныг сүйрэл рүү хөтөлсөн.
Үүнийг нотлох тун амархан. Монгол Улсад системийн хямрал нүүрлэлээ гэж би аль 1998 оноос үглэсэн. Үүнийг МАН болон АН 20 жилийн дараа “ойлгосон.” 
 
Тархи нь гашилсан лаларууд…
 
 
2018 оны үеэс Монгол Улс системийн хямралд орлоо гэдгийг МАН, АН-ын хурлууд албан ёсоор дүгнэх болсон. Мөн ийм дүгнэлт УИХ болон ЗГ-ийн индэр дээрээс цуурайтах болсон. Энд би жишээ авахгүй, учир нь “системийн хямрал болсон” гэх дүгнэлт хаа сайгүй “үй түм”-ээрээ байгаа.
Системийн хямрал боллоо гэж дүгнэх нэг хэрэг. Харин системийн хямралаас гарах үйлдэл хийх нь огт өөр хэрэг. Гэтэл МАН ямар ч үйлдэл хийсэнгүй, бүр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Түүгээр ч үл барам Ерөнхийлөгч Х.Баттулга хямралаас гарах төлөвлөгөө боловсруулах санал гаргахад өөдөөс нь хуц гэж байгаа юм чинь…
Одоо бол Монгол Улс системийн хямралаас системийн нуралтад шилжиж байна. Одоо бол аврал байхгүй.
Гэрийн нэг унь хугарвал аваад засч болно. Хана хугарч эвдэрвэл засч үдэж болно. Эсгий цоорч дусаал гоожлоо гэхэд нөхөж сольж болно. Харин энд тэндгүй дусаал гоожиж, бүх хана туурга нурж, ихэнхи унь хугарсан тохиолдолд гэрээ шинэчлэхээс өөр арга байхгүй. Үүнийг улс төрийн реформ гэдэг…
 
Улс төрийн реформ
 
Одоо яахав ? гэж асуухыг чинь би сайн мэдэж байна. Гэхдээ миний хэлснийг “20 жилийн дараа биш”, харин “яг одоо” ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна…
Төр засгийг ард түмэн барьдаг гэж бид ойлгодог. Яагаад гэвэл Үндсэн Хуулинд ингэж заасан. Гэтэл үнэн хэрэг дээрээ төр засгийг ард түмэн биш, харин намууд, тодруулбал МАН, АН дангаараа барьдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн бид зөвхөн намуудын нэр дэвшүүлсэн хүмүүсийн дундаас л сонгодог. Ингэхлээр өнөөгийн төр бол намуудын, тодруулбал МАН-ын төр мөн. Гэтэл энэ МАН нь хулгайч, дээрэмчин, авилгачдын үүр уурхай, ичээ, хоргодох газар болон хувирсан байна. Үүнийг нотлох ямар ч шаардлага байхгүй. Хаашаа л харвал хулгай, дээрэм, авилгаас өөр юм харагдахгүй болов. Сүүлдээ монголын судлаач, сэтгүүлч, нийгмийн идэвхтнүүд, тухайлбал Г.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Отгон нар  толгой дараалан “гэмт хэрэг судлаач” болов. Уг нь тэд “өөр юм” хийх ёстой л доо. Даанч МАН тэдний хийсэн “өөр юмыг” хэн ч анзаарахгүй болтол тархи угааж байна.   
 
 
 
Монголын хулгай, дээрэм, авилгын эх ундарга нь МАН, өргөн утгаар бол манай улс төрийн системийн гажигт байна. Иймээс энэ гажгийг арилгая гэвэл улс төрийн системийг өөрчлөх буюу улс төрийн реформ зайлшгүй хийх шаардлагатай.
 
 
 
Системийн реформ бол хэн нэгнээр “хийх, хийлгэх” тухай асуудал биш, харин Монголчууд бид хямралаас гарахын тулд, түүнийг гэтлэн давахын тулд зайлшгүй, гарцаагүй хийх, шийдэх тулгамдсан асуудал, эрин цагийн дуудлага мөн. Нөгөө талаасаа системийн реформ бол онолын асуудал биш, харин практикийн тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудал мөн.
Үүнийг би ганцаараа “мундаг” болоод үглээд байгаа юм биш. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо “маргаашаас” буюу 2018.10.01-нд улс төрийн реформ хийхийг УИХ-ын индэр дээрээс уриалсан. Харамсалтай нь үүнийг олон хүн “мартсанаас” гадна МАН шууд жадлан эсэргүүцсэн юм. Тэр үг энэ байна: 
“Та бид хамтран тогтолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно…Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.”
Үүнээс өөрөөр яаж хэлэх ёстой юм ?! Үүний өөдөөс МАН аанай л хуц гэж хариулсан. Одоо монголын ард түмний дийлэнх олон реформыг хүсэн мөрөөдөж байна. МАН хийхгүй ч гэсэн ард түмэн хийх л болно.     
 
 
 
МАН эхний 70 жилдээ Монгол орныг нийгмийн дэвшилд хүргэжээ. Дараагийн 30 жилд МАН Монгол орныг системийн хямралд оруулж, системийн нуралтад хүргэжээ. Иймээс хувьсгалч, бүтээн байгуулагч МАН, эвдрэл сүйрэл рүү хөтлөгч МАН хоёр тэс өөр, эсрэг тэсрэг, огт үл авцалдах намууд юм.
 
 
 
Системийн нуралтын өнөө үед МАН хулгайч, дээрэмчин, авилгачдын хоргодох сүүлчийн цайз, монгол үндэстний эсрэг хар хүчин, авилгач цөөнхийн нам болж хувирчээ. Иймээс МАН-ыг тараах нь манай үндэстний эрх ашигт бүрнээ нийцнэ. Ганц МАН төдийгүй түүнтэй ганзага холбодог хар хүчин улс төрийн бүх намуудыг татаж буулгаж, улс төрийн эрүүл тогтолцоо бий болгох нь манай эрин үеийн зайлшгүй шаардлага мөн.
 
Улс төрийн реформ мандтугай !!!
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?