sonin.mn
Монгол Ардын Намын Үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан Ч.ДАВААДАШ гуайтай ярилцлаа.
 
-Ардын хувьсгал ялсны, МАН байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тусгаар тогтносон Монгол Улс болсон тэр үеэс яриагаа эхэлье?
 
-Ардын хувьсгалын болон МАН байгуулагдсаны 100 жилд Монгол Улс нийгмийн хоёр том тогтолцооны шилжилттэй нүүр тулсан билээ. Шилжилт бүр өөр, өөрийн өвөрмөц онцлогтой байсан. Монгол үндэстний хувь заяанд эргэлтийн ач холбогдолтой үе таараад байсан юм. 1921 онд монгол үндэстэн орших уу эс орших уу гэдэг торгон, түүхэн зааг дээр Ардын хувьсгал ялсан. Тэр үед гадаад, дотоод нөхцөл нь бүрдчихсэн байсан. Гадаад нөхцөл нь Зөвлөлт Орос улс, дотоод нь МАН байгуулагдчихсан байсан үе. Тэр үед Монголын хувьсгалчид улс орныхоо хувь заяа, тусгаар тогтнолын төлөө тэмцэхээр зориг шулуудсан байсан. Ийм үе түүхэнд их ховор тохиолддог. Тухайн үед орчин үеийн эмнэлэг, сургууль байхгүй, нийгмийн халдварт өвчин тархчихсан орших эс оршихуйн зааг дээр бидэнд тэнгэрээс түүхэн боломж олдсон. Тэр үеэс Монгол орны сэргэн мандалтын үе эхэлсэн түүхтэй. Ардын хувьсгал ялж, хувь заяагаа гартаа авч үндэстэн улс байгуулагдсан шилжилтийн эхний үеэс бид асар их бэрхшээлтэй нүүр тулсан байдаг. Гэхдээ бид оршин тогтнож чадсан нь хамгийн гайхамшигтай. Үүгээр ч үл барам цаашид хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах суурийг бий болгосон билээ.
 
-Тэр цагаас хойш Монгол Улс амаргүй хүнд цаг үеийг төрийн ямар бодлогоор даван туулж байв. Нийгэм, эдийн засгийн хувьд шинэ түвшинд гарч ирж чадсан уу?
 
-Монгол үндэстний сэргэн мандах, монгол үндэстэн оршин тогтнох үзэл онолын гэрэл гэгээ гарч ирсэн. Яагаад гэвэл, Карл Марксын Капиталын анхан шатны хуримтлалын үеийн хөлс, цус, нулимс, зовлон зүдгүүрийг үзэж туулалгүйгээр, өөрөөр хэлбэл зэрлэг капитализмын шатыг дамжилгүйгээр хөгжил дэвшилд хүрч болно гэдэг тэр үзэл онолд тулгуурлан МАН тухайн үеийн бодлого, зорилгоо дэвшүүлсэн тэр нь ч үр дүн өгсөн. Тухайн үедээ энэ бол улс үндэстний хувьд том мөрөөдөл туйлын хүсэл байсан. Өөрөөр хэлбэл, зэрлэг капитализмын энэхүү зовлонг туулахгүйгээр  гарч ирэх нь улс орнуудын туйлын хүсэл, мөрөөдөл болсон. Хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд бол энэ их сайхан үзэл. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ бол тодорхой хэмжээний үл гүйцэлдэх үзэл байсан. Сайн сайханд хүрэх том мөрөөдөл, үзэл онол ард түмнийг нэгтгээд нийгмийг бат цул нэгдэлтэй болгож, нэг зорилгын төлөө явах нь оршин тогтнохын үндэс болж байгаа юм. Хувиа бодож ганц ганцаараа явахгүй. “Нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө” гэдэг зарчмаар явж байсан. Энэ нь Монголын төрийн хар хайрцагны бодлогын механизм ямар нэгэн хэмжээгээр байсантай холбоотой. Жишээлбэл, Амар, Самбуу нар төрийн хар хайрцагны бодлогын амьд биелэл болж байсан. Монголчуудын нэг дутагдал болох гаднын зааврыг авах, дагаж дуурайх гэдэг нь аль ч цаг үед байсаар байна. Гэхдээ ЗХУ-ыг түшиглэснээр орчин үеийн нийгмийн бааз суурь буюу эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарууд бий болсон. Орчин үеийн нийгмийн иргэншлийн тогтолцоо бий болсноор Монголын соёл иргэншилд асар том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ шилжилтийн нийгэм заавал хэлмэгдүүлэлт дагуулдаг юм байна. Одоо ч гэсэн хэлмэгдүүлэлт дагуулж байна шүү дээ. Хуучин амь насыг нь хохироодог байсан бол одоо арай өөр байдлаар хэлмэгдүүлж байна. Хувийн өмчөөс нийгмийн өмчид шилжсэн шилжилт 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөнөөр дуусаж байгаа юм. Ингэснээр байгуулах гэсэн тэр нийгэм маань эдийн засгийн бааз суурьтай болсон. Тиймээс Монгол Улс 1960-1980 онд асар хурдтай хөгжсөн. 1000 гаруй үйлдвэр, аж ахуй, нэгдэл, сангийн аж ахуйнууд байгуулагдсан. Ингэж л үндсэндээ манай орчин үеийн бүх салбар хөгжиж эхэлсэн түүхтэй. Яагаад гэвэл, эдийн засгийн бааз суурь нь нэг болсонтой холбоотой юм.
 
-Тухайн үед асар хурдтай хөгжиж байгаад яагаад гэнэт зогсонги байдалд оров. Үүний шалтгаан нь юу байсан бэ?
 
-Гол шалтгаан нь нийгмийн дотоод шаталтын хөдөлгүүргүй байсан явдал юм болов уу гэж боддог. Нийтийн өмч учраас эзэнгүйдсэн. Нийгмийн дотоод шаталтын хөдөлгүүр гэж хүний идэвх санаачилгыг хэлж байгаа юм. Бидний байгуулах гэж зүтгэсэн нийгмийн үзэл санаа хэдий гоё, нийгмийн бат цул нэгдлийг хангаж байсан ч тэнд хөгжлийн дотоод шаталтын хөдөлгүүр буюу хүн бүрийн идэвх, санал санаачилга дутсан учраас хүнд байдалд орсон.
Гэхдээ сэргэлт бийболсон. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр улс орны хөгжлийн онол, үзэл баримтлалыг боловсруулдаг онолын агуу ухаантай сэхээтнүүд гарч ирсэн. Д.Төмөр-Очир, Б.Лхамсүрэн, Балдоо, Ц.Балхаажав, Б.Сумъяа, Г.Очирбат зэрэг нийгмийн хөгжлийн зүй тогтлыг мэддэг, алсын бодлогыг зөв тодорхойлж чаддаг, нийгмийн шинжлэх ухааны томоохон эрдэмтэд Монгол Ардын Намд байсан. Тэд улс орны үзэл онол бодлогыг тодорхойлж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийгмийн бат цул нэгдлийг хангаж өгч байгаа юм. Энэ олон хүний бөөн хүч нэг зорилго руу чиглэсэн байсан.
Социализм орчин үеийн дэлхийн дуудлагатай нүүр тулсан. Капитализм өөрөө дотоод шаталтын хөдөлгүүр буюу хувийн өмчтэй учраас шинжлэх ухаан, техник технологио хөгжүүлчихсэн. Гэтэл бидний түшсэн Орос улс маань хоцрогдчихсон. Барууны үзэл онолыг үзэж, сонссон хүмүүс тийшээ хошуурч эхэлсэн. Ямарваа нэгэн улс орон хүн ам, байгаль нутаг дэвсгэр, түүхийн онцлог, соёл иргэншилд тохирсон өөрийн гэсэн үзэл онолтой байдаг. Тийм учраас хятадууд дөрвөн шинэчлэлийн үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Энэ нь эдийн засгаа суллаж, чөлөөлөөд харин улс төр, нийгмээ атгаж байхгүй бол болохгүй гэсэн санаа юм. Мөн хятадууд төрийн хар хайрцагны бодлогынхоо механизмыг тодорхойлсон. Тэр нь юу вэ гэхээр, ахмадын зөвлөлийг байгуулсан явдал. Энэ тогтолцоогоо хадгалахын зэрэгцээ одоо цааш нь дэлгэрүүлж, Хятадын соёл иргэншлийг цоо шинээр бийболгох гэж байна. Өөрөөр хэлбэл, их газрын соёл иргэншлээс далайг хамарсан иж бүрэн соёл иргэншил болгох гэж байна шүү дээ. Энэ нь “Нэг бүс-Нэг зам” гэсэн үзэл онолоор гарч ирж байгаа юм. Тэд их газар далайг холбосон том соёл иргэншлийг гаргаж ирэх гэж байна. Үүнд л асар их хүч нь байна.
 
-Шилжилтийн үед манай улс ямар асуудалтайнүүр тулсан бэ?
 
-Манай улс зах зээлийн харилцаанд шилжихдээ гурван асуудалтайнүүр тулж, алдаа гаргасан. Нэгдүгээрт, бүх зүйлийг эхнээс нь эхлүүлэх нэг үгээр хэлбэл элгээр нь хэвтүүлж байж босгоно гэдэг мугуйд бодлого баримтлах гэсэн. Тодруулбал, бүх үйлдвэрийн техник технологи хоцрогдсон учраас цоо шинээр үйлдвэр байгуулах гэж зүтгэсэн нь хамгийн аюултай. Азийн орнуудын аль нь ч ийм зарчим баримтлаагүй. Бид өмнөх дээрээ түшиж босох ёстой болохоос унагах ёсгүй байсан. Гэтэл гадаад, дотоодын хүмүүсийн оролцоотойгоор үүнийг улам өөгшүүлсэн. Бүтээгээд бийболгочихсон зүйлийг устгах ажлыг ил, далд байдлаар хэрэгжүүлсэн. Жишээлбэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хаягдал төмөр нэрээр, түүхийэд арьс, ноос ноолуур, амьтны эвэр, төмөр, чулуу, мод гэх мэт устгаж болох бүгдийг урагш нь гаргасан. Хоёрдугаарт, өмч хувьчлал буюу ягаан, цэнхэр тасалбарын асуудал. Энэ бол үнэхээр асуудалтай болсныг бид бүгд мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн хүнд хөлжих боломжийг олгосон. Гуравдугаарт, төрийн хар хайрцагны бодлогын механизм байхгүй байсан.
 
 
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн гэсэн үзэл баримтлалгүй байсан хятад мөрөөдөл, америк бахархал, солонгос өөрийн хүчинд тулгуурлах үзэл баримтлалтай байна. Хэрэв бид өөрийн улсын онцлогт тохирсон үзэл онол баримтлалыг боловсруулчихсан байсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байх байсан.
 
 
 
-МАН-ын Үзэл суртлын хэлтсийг удирдаж байсан хүний хувьд улс орныхоо үзэл онол, баримтлалыг хэрхэн тодорхойлж байна вэ?
 
-Манай монголчууд үнэхээр оюунлаг ард түмэн. Одоо бол мэдээллийн буюу оюуны, сэтгэхүйн зуун шүү дээ. Тиймээс би одоо баримтлах үзэл онолыг “Дэлхийн оюуны хөдөлмөрийн хуваарьт орон зайгаа эзлэх” гэж томьёолж байгаа юм. Энэ бол маш чухал. Залуучууд улс орнууд хошуураад л худалдан авах хэмжээнийнэг сайн программ /ганцаар тогтохгүйл дээ/ зохион бүтээхэд л хангалттай. Үүний тулд оюуны хөдөлмөрийг төрийн бодлогоор чиглүүлж өгөх нь зүйтэй. Үүнд төрийн бодлогоо чиглүүлдэг, хөрөнгө оруулалт хийдэг, хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашигладаг, боловсон хүчнээ бэлтгэдэг байх ёстой. Монгол Улс хүн ам цөөтэй, зах зээл багатайч гол нь оюунлаг учраас ийм үзэл онол баримтлах нь зүйтэй. Үүний тулд хүн болгонд хүртээмжтэй уриа лоозон байх ёстой. Энэ нь “Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах” юм. Эрдмийн гэдгийн дээр дурдсан үзэл баримтлалтайхолбож өгсөн бол эвийн гэдэг нь эв нэгдэлтэй байхыг уриалж буй хэрэг. Яагаад гэвэл, бид дандаа нэгнийгээ татаж унагаж байдаг. Тамын тогооны үлгэр шиг. Лидер төрүүлэхгүйбайна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд П.Жасрай гуай, У.Хүрэлсүхийн Засгийн газар л арай илүү ажиллаж эхлэхээр татаад л унагачихаж байгаа юм. Тэгэхээр энэ үзэл онол, үзэл баримтлал, мөрөөдөл хүн амыг нэгтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хангадаг. Эс тэгвээс болдоггүй юм. АНУ-ын Тагнуулын төв газрын тав дахь дарга Аллен Даллес “Ядуу буурай, хүн ам бага жижиг орнуудад ардчиллыг өг. Тэдэнд хөгжиж буй гэсэн цол гуншинг зүүлгэ. Тэдэнд өөрсдийгөө мөхөж байгааг мэдэхгүй болтол нь хүний эрхийг эдлүүлж, юу дуртайг нь хийлгүүл.
 
 
 
Либертал, либерал үзэл суртлыг бага залуу, өсвөр насны хүүхдүүдэд нь зааж бэлтгэ. Дараагийн улс төрийн тогтолцоо залгамжлах үе ирэхэд өөрсдийнх нь үр сад улс орноо бидний заасан аргачлалаар мөхөөх болно. Тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэлийг бий болго. Тэд яг л хавхан дээрх бяслаганд дурлах хулгана мэт хошуурцгаах болно” гэснийг санах нь зүйтэй.
 
 
 
-Дээрх байдлаар үзэл онол, үзэл баримтлалаар тодорхойлохоос гадна цаашид төр, засаг юунд анхаарах ёстойвэ?
 
-Нийгмийг хамгийн эвгүй тогтворгүй байдалд хүргэдэг, аюултайзүйл бол хууль эрх зүйн буруу тогтолцоо байдаг. Бидний хамгийн том алдаа бол 1992 оны Үндсэн хуулиас эхлэлтэй. Тухайн үед холбооны Үндсэн хуулийг Монголд хөрвүүлээд буулгачихсан. АНУ-ын Үндсэн хууль бол тунхаглалын шинж чанартай. Штат бүр өөрийн гэсэн хуультай түүгээрээ бүгдийг зохицуулчихдаг. Гэтэл энэхүү өвөрмөгц байдлыг тооцож үзэлгүйгээр Холбооны хуулийг хуулбарласнаар манай улсад зөрчигдөж буйхүнийэрхтэй холбоотой асуудлыг дурдъя. Манай Үндсэн хуульд оруулах ёсгүйнэг зүйл нь “Оршин амьдрах газраа чөлөөтэй сонгоно” гэдэг заалт. Ингэж зааж өгч болохгүй. Үүний алдаа бол Улаанбаатарын өнөөгийн дүр төрх. Хэрэв улс орон, хүн ам, газар нутгийнхаа онцлогийг мэддэг л байсан бол АНУ-ын Үндсэн хуулийн энэ заалтыг хуулж оруулж болохгүй байсан юм. Нэгэнт л ийм заалт оруулчихсан учраас одоо харин энэ алдааг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа засаж, шилжилтийг хязгаарлаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Дараагийн том алдаа бол бэлтгэгдээгүй хүмүүс УИХ-ын гишүүн болдог байдал. Тэд гаднын улс орнуудаас туршлага судлах нэрийдлээр гадаадын хуулийг автоматаар хуулбарладаг. Тэр нь манай улсад зохицдоггүй, таардаггүй. Ийм алдаа нийгмийг эвдэж, эмх замбараагүй, ёс суртахууны гажуудлыг бий болгож байна. Тиймээс бид өнөөдөр үүнээсээ салах гэж, алдаагаа засах гэж зүтгэж байна. Үүний тулд Монголын соёл иргэншлийн асуудлыг цоо шинээр авч үзэж, хууль эрх зүйн тогтолцоог шинэчилж, боловсронгуй болгох нь зүйтэй. Жишээлбэл, Ерөнхийлөгч, УИХ хоёрыг бүх ард түмнээсээ сонгодог. Ингэж адилхан хоёр статустай байгууллага байгуулчихаар удирдлага, улс төрийн тогтолцооны хямрал үүсэх нь аргагүй шүү дээ. Гэхдээ бидэнд ололт амжилт бас бийшүү. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг маш олзуурхууштай бодлогын бичиг баримт болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой дээр МАН төрийн эрх барьж, бүх ард түмнээ нэгтгэх боломж олгосон. Энэхүү түүхэн ойг нэр хүндтэй угтах нь монголчууд бидний сэргэн мандалтын бахархал юм.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин