sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АНУ-ын Мэрилэнд мужид энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр Америкийн иргэн хамт ажиллаж байсан 5 хүнийг буудаж, 3 нь нас барсан хэрэг гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоожээ.
 
Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг ГХЯ-наас  мэдэгдлээ. Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аар дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээр болов.
 
Харин “New York Times” сонинд мэдээлснээр гэмт этгээд гал нээн, гурван хүний амь хөнөөж, улмаар Делавэр мужид очин, хамтран ажиллаж байсан нөхрөө буудсан талаар мэдээлжээ.
Дээрх гурван хүний нэг нь Монгол Улсын 53 настай иргэн  байсныг цагдаагийнхан тогтоогоод байна. Гэмт этгээд 37 настай Ради Лабиб Принс гэгч байсныг илрүүлж, гал нээснээс хойш 10 цагийн дараа баривчилжээ. Түүний ямар шалтгаанаар ийм аллага үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж байна хэмээн “New York Times” сонинд бичжээ.
 
Б.Заяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг