sonin.mn
Харилцаа холбооны сүлжээ өргөжсөн болоод ч тэр үү, янз бүрийн мэдээлэл олон сувгаар орж ирэх аж. Гэхдээ охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, хэн нэгэн гаж этгээдийн бэлгийн хүслийг хангагч золиос болж байгаа тухай аймшигтай мэдээлэл сүүлийн үед хэтэрхий олноор цацагдах боллоо. Бүр тавхан настай нялх охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй гэдгийг хохирогчийг шүүх эмнэлэгт үзүүлэхээр явахад нь таарсан хүн олон нийтэд ил болгож, дуулиан тарив.
 
Хүмүүний ёсноос гажууд ийм жигшүүрт хэрэг үйлдсэн тэр хойд эцгийг одоо нийгэм даяар зүхэж, зохих шийтгэл оноохыг шаардаж байна. Гэвч ямар учраас бэлгийн хүчирхийлэл газар авч, гэмт этгээдүүд, гаж донтнууд хууль, шүүх, гэм нүглээс айлгүй бяцхан охид, залуухан бүсгүйчүүдийг золиос болгосоор байна вэ.
 
Хэрэг 1. 2015 оны хоёрдугаар сард дөрвөн настай О төрсөн эцэг болон хойт эхийнхээ гарт амиа алдсан. Гэхдээ нэг удаагийн зодуураас болж охин нас барсангүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биед маш олон шарх сорви, зодуурын ул мөр байжээ. Хамгийн ноцтой нь талийгаач охины цогцост хийсэн задлан шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг нь тодорхой болсон талаар тухайн үед Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа сэтгүүлчдэд мэдээлж байсныг зурагтын мэдээ үзсэн хүн бүр санаж байх учиртай.
 
Шүүхээс энэ хэргийг үйлдсэн этгээдүүд болох талийгаачийн эцэг Т.Цогт, Т.Маралмаа нарт 24 жилийн ял оноосон. Гэвч уг ял яваандаа Т.Маралмаад 23 жилээр оноогдон өөрчлөгдсөн бол охиныг цэрэг тэлээгээр зодож байсан Т.Цогт цагаатгагдсан билээ. Ингээд хүүхдийн аминд хүрсэн этгээдүүдийн нэг нь ял завшиж, нөгөөх нь шоронд орсон. Хойд эхийн хувьд охиныг зодож алсан этгээд. Харин мөнөөх бэлгийн хүчирхийллийн тухайд энэ хэрэг замхарсан.
 
Хэрэг 2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, хамба лам Олшрох гэгч нь 2011-2014 онд эхнэрийнхээ хамаатны охин А-г хүчирхийлж, бэлгийн гаж хүслээ дардаг байсан нь илрэв. Хамба лам Олшрох хэрэг нь илэрсний дараа цагдаагаас зугтааж, нэрээ нууцлан Улаанбаатарт амьдарч байсныг 2015 оны хоёрдугаар сард баривчилжээ. Улмаар шүүх байгууллагаас энэ жигшүүрт этгээдэд 16 жилийн ял оноосон байна.
 
Хэрэг 3. Яллагдагч Х гэгч нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны зургаадугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа хүчирхийлжээ. Энэ бузар этгээдэд Эрүүгийн хуулийн дагуу 15 жил зургаан сарын ял оноов.
 
Хэрэг 4. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2011 оны нэгдүгээр сарын 2нд 33 настай эрэгтэй найман настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн 2015 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн харьяат 40 настай эрэгтэй Э гэгч этгээд сэтгэцийн эмгэгтэй 10 настай охиныг хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан. Эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл олдсонгүй.
 
Дээр дурдсан хэргүүд зөвхөн жишээ төдий. Ийм жишээ бүрийг тоочно гэвэл барагдахааргүй олон гэхээр дэндүү аймшигтай. Эндээс нэг зүйлийг анзаарвал, хүчирхийлэгч этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноосон түүх манай улсад байхгүй. Одоогоор Монгол Улс цаазын ялыг түдгэлзүүлсэн байгаа. Гэхдээ өнөөгийн хамгийн хүнд ял болох 25 жилийг ч аль нэг тохиолдолд нь оноогоогүй байх юм.
 
Өөрөөр хэлбэл, хүний амийг бүрэлгэхийн наана бичигдэх, хамгийн жигшүүрт хэрэг болох бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа насанд хүрээгүй, бага балчир охидыг хүчирхийлсэн этгээдүүдийг дээд тал нь 23 жилээр яллажээ. Тэр ч бүү хэл, Өршөөлийн хуулиар хүчирхийлэгч этгээдүүд ял завшин шоронгоос суллагдсан жишээ маш олон байгаа.
 
Нэгэн жишээ дурдахад, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, "Гүүд Нэйборс" олон улсын байгууллагатай хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал" үндэсний судалгааг 2016 онд хийжээ. Судалгаанд долоон дүүрэг, найман аймгийн нийт 4264 хүүхэд хамрагдсан байна. Тэдний 14.7 хувь буюу найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө хэлжээ.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрд 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртдөг. Тэдгээрийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Энэхүү дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийлэл Монгол Улсад ч өндрөө авч буйг ХЭҮК-оос анхааруулсан.
 
Тухайлбал, хөдөө мал малладаг 36 настай залуу төрсөн дүү болох 13 настай охиныг хүчирхийлдэг байсан байна. Уг этгээдэд шүүхээс чанга дэглэмтэй ангид тавхан жил хорих ял оноосон аж. Мөн бага насны охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүү хүчирхийлдэг байжээ. Тэдгээр хүүхдүүд нь байранд амьдардаг байсан байна. Нийслэлд л гэхэд дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн онц ноцтой хэрэг гарсан тухай мэдээлэл ХЭҮК-т ирж байсан аж. Энэ мэт сэтгэл сэрт хийлгэх мэдээллүүд судалгааны тайланд тусгагджээ.
 
Мэдээж энэ бүх судалгаа нь дараа, дараагийн аймшигт хэргүүдээс урьдчилан сэргийлж, хүүхдийн эрхийн эсрэг аливаа үйлдлийг таслан зогсоох ажлыг бодлогын түвшинд хийх, хүүхдүүдээ "харгис нийгмийн" золиос болгохгүй байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллахыг сануулж буй хэрэг юм.
 
Энд нэг л асуудал бий. Тодруулбал, хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдэд оноох ял арай хөнгөн байгаа гэхэд буруудахгүй. Хүний амийг санамсар, болгоомжгүй үйлдлээс болоод хөнөөх тохиолдол байдаг. Үүнийг хуулийн талаас, хувь хүний зүгээс ч ойлгож, өршөөх нь бий. Гэтэл бага насны хүүхдийг хүчирхийлэгчийн тухайд эртнээс сэдсэн, зориуд төлөвлөж ийм хэрэг хийдэг. Тухайлбал, 2010 онд Эрдэнэтэд байрны жижүүр хийдэг ганц бие ээж ажлын бус цагаар караоке цэвэрлэж хэдэн төгрөг олдог байж. 
 
Тэрбээр 13 настай охинтойгоо шатны хонгилд амьдарч байсан аж. Гэтэл түүнийг нэг удаа караоке цэвэрлэхээр явахад эх охин хоёрын байр байдлыг эртнээс ажиж мэдсэн нэг этгээд дайрч ороод охиныг хүчирхийлжээ. Хамгийн ноцтой нь, хохирогч охины ээж амжиж ирсэн ч гэмт этгээд түүнийг цохиж унагаагаад зугтсан байх юм. Тухайн үед цагдаа нар гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа мэдээлэл тархсан ч цаашид юу болсон тухай одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй.
 
Ингээд харахад, бэлгийн хүчирхийлэлд оноодог ял арай хөнгөн, тэр ч бүү хэл Өршөөлийн хуульд хамрагдах магадлалтай учраас гаж донтнууд айхыг мэддэггүй бололтой. Тэдний гарт өртсөн охид нэг насаар сэтгэлдээ хар толботой, биедээ шархтай үлдэж байгаа. Судалгаанаас харахад, аав, ээжүүд хүүхдээ найдаж үлдээдэг хамаатны залуус, хөвүүд энэ хэргийг хийх нь олон тохиолддог аж.
 
Үүн дээр хойд аавууд, төрсөн ах, бүр аав нь ч ийм хэрэг үйлдсэн жишээ байгаа гэхээр охидоо хаана нууж, хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуудал дан ганц эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч, цагдан сэргийлэхийн албанаас нэгэнт хальсныг дээрх жишээнүүд батална. Өөрөөр хэлбэл, хууль санаачлагчид энэ төрлийн гэмт хэрэгт тохирох ялыг чангаруулж, хамгаалалт, хяналтын сүлжээг сайжруулахад онц анхаарах ёстой. Энэ бол уул уурхай, зам тендер, барилга барихаас хамаагүй чухал асуудал гэдгийг бүү мартаасай.
 
Р.Төгс
Эх сурвалж: "Өглөөний" сонин