sonin.mn
Үндэсний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн Д.Төмөрбаатартай ярилцлаа.
 
– Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн болохыг зарласан танай төвийн хэвлэлийн хурлын мөрөөр  уншигчид тоо, баримтын талаар их асууж байна?  
 
-Мөнгөтэй хүмүүс улс төр рүү ордог нь, улмаар   төрийн эрх барих дээд байгууллага  руу зүтгэдгийн учир нь өөрсдөдөө ашигтай хууль, тогтоол батлуулахын төлөө байдаг юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдоржийн тухайд тамхины  Гаалын онцгой албан татварт  өөрийн бэлдэц гэж яриад байгаа дүнсэн тамхиндаа  таван хувийг төлж байна. Гэтэл бусад импортлогч 30 хувь төлдөг. Энэ тогтоол  тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа. Түүнээс хойшх хугацаа буюу өнгөрсөн наймдугаар сарын 15-ныг хүртэл  Ц.Дашдоржийн “Монгол Тамхи Со”  татварын энэ зөрүүнээс нийт 17 тэрбум төгрөгийг завшсан  байна.  Сонгуулийн циклийг авч үзвэл одоо гурван жил үлдэж байна. Тогтоол цааш үргэлжилбэл  60 байтугай тэрбум төгрөгийг  завших давуу боломжийг Ц.Дашдоржид бодитойгоор  бий болгожээ. Үүнийг бодохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч байх шаардлагагүй. 1+1 тэнцүү хоёр гэдэг шиг бодитой тоо ийм байна.
 
-17 тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бол, судалж үзэв үү?
 
-Улс орны эдийн засаг хүнд үед  татварт төлөх ёстой мөнгөө өгөөгүй байна шүү дээ. Тэгэхээр бидэнд хардах эрх бас бий. Тэр нөхөр сайдын суудлыг тэрбумаар авсан байна гэж бид үзэж байгаа. Мөн өөрийнхөө бизнесийг хамгаалж байна. Энэ дээр дахиад тоо хэлье. Монгол Улсын хэмжээнд тамхи хэрэглэдэг 400 гаруй мянган хүн байдаг. Тогтоол шийдвэр гарснаар  Ц.Дашдоржийн компани  тамхи татдаг  270 мянган хүн буюу Монголын тамхины зах зээлийн  45 хувийг  халаасандаа хийчихсэн. Хүн тамхиндаа  сард 90 мянган төгрөг зардаг  юм байна. Үүнийг 270 мянгаар үржүүлбэл, 24 тэрбум 300 сая  төгрөгийн орлого олж байна.
 
–Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж үү. Татварт хэдийг төлсөн байх юм?
 
-Бид судалж үзсэн. Гэр бүлийн орлого 192 сая төгрөг гэж бичсэн байсан.  Татварт мөнгө төлдөггүй биш төлдөг юм байна. Гэхдээ хоёр баланс гаргадаг нь тодорхой харагдаж байна. Хэвлэлийн хурал хийснээс хойш ч бидэнд тодорхой  мэдээллүүд ирсэн. Компани нь 170-150 ажилчинтай гэсэн. Гэтэл түүнийх нь 70  хувь хятад ажилчид байдаг юм байна. Тамхи үйлдвэрлэдэг нарийн дамжлагууд дээр монгол хүн ажиллуулдаггүй. Үйлдвэрийн орчинд тамхи татдаггүй хүн байхад муужирч унаж байна гээд бод доо. Тэгэхээр ямар бэлдэцээр тамхи хийж байгаа нь асуулт дагуулж байна. Иймд бид тамхины чанарын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Авлига өгч албан тушаал худалдаж аваад өөртөө давуу тал бий болгож, орлого олж байгаагийн хоёр дахь хэсэг нь ийм байна. Эхний хэсэг буюу нэг дэх 60 тэрбумын асуудал бол төрийн албыг мөнгөөр худалдаж авсан асуудал байсан шүү дээ. Дараагийн хэсэг нь албан тушаалаа авчихаад түүнд зарцуулсан  мөнгөө яаж буцааж олж авах вэ гэдэг схем рүү орж байна. Тэгэхээр Ц.Сандуй нарын 60 тэрбумын асуудал бодитой юм байна гэдэг нь дараа дараагийн үйлд­лүүдээр батлагдаж байна.
 
–Таны ярьж байгаа баримтууд үнэн гэдэг нь тогтоогдох юм  уу?
 
-Хэрэг хуучирдаггүй. Үнэн илрэх нь цаг хугацааны л асуудал. Удахгүй байх гэж найдаж байна. Нэг үеэ бодвол монголчууд зөв сайн зүйлийн төлөө илүүтэй тэмүүлдэг, түүний төлөө тэмцдэг, иргэний зориг гаргадаг болсон. Жишээлбэл, Доржзодов гэдэг залуу иргэний зориг гаргаж, амь амьдрал, гэр бүлээрээ дэнчин тавьж тэмцсэн. 60 тэрбумын мэдээллийг  олон нийтэд цацсан. Монголын төр ариун байг, төр ард түмэндээ шударга үйлчлэх ёстой гэж үзсэн байна шүү дээ. “Аархал” гэж нэвт­рүүлэг ч бас тийм л зорилгын үүднээс цацагд­сан. Төрд байгаа хүмүүсийн бохир үйлдэлд ард түмэн дургүйцэж байна. Монголчууд “Энэ арай биш ээ” гэж ярьдаг. Тэр үг одоогийн төр засаг  барьж байгаа хүмүүст яг таарч байна.
 
–Монголд тамхи им­порт­логч хэдэн компани байдаг юм бэ. “Монгол Тамхи Со”-гоос бусад нь дотоодын үйлдвэрлэгч биш гэв үү?
 
-Дөрвөн компани л бий. “Монгол Тамхи Со” дотоодын үйлдвэрлэгч гэдэг нэрийг л авсан бо­лохоос биш. Гэтэл үндэсний үйлдвэрлэгч гэсэн мундаг нэр зүүгээд байгаа. Гадны улс ор­нуудын жишигт бол тухайн бүтээгдэхүүний 70 хувь нь Монголынх байх ёстой. Үндсэн түүхий эдээ дотоодоосоо бэлддэг,  сав баглаа боодлоос эхлээд тухайн бүтээгдэхүүний  үйлд­вэрлэл явуулдаг байх ёстой. Гэтэл Монголд тамхины түүхий эд байхгүй. Тийм боломжгүй. Дээр нь тамхи  ороодог цаасыг Монголд  хийдэггүй. Зөвхөн үн­дэсний үйлдвэрлэгч гэдэг нэрийг ашиглаад өөрсдөдөө давуу байдал бий болгосон байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулиар энэ хориотой. Бидний судалж мэдсэнээр өнгөрсөн найман сарын байдлаар урд хөршөөс 27  вагон тамхины бэлдэц оруулж ирсэн байна лээ. Тээвэр зуучийг  нь  хятад компани хийдэг юм билээ. Мэдээллээ маш нууцалдаг юм байна.
 
–Та бүхэн хэвлэлийн хурал дээр бид зөвхөн зарлаад орхихгүй, цаашид судалгаа явуулна гэсэн. Ямар чиглэлээр судлах юм бэ?
 
-Үндэсний аюулгүй байдлын асуудал маш ноцтой. Бид хийх биш, үүнийг мэргэжлийн байгууллагууд, тусгай албад, ТЕГ, ЦЕГ ,АТГ хийх ёстой. Үүнийг хийнэ гэж улсаас цалин авч үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн  албан хаагчид  бий шүү дээ. Гэтэл тэднийг хараад нэмэр алга. Бидний хувьд   Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зориулж яваа улс, жирийн иргэд.
 
–Тамхи ороож, угсарч байгаа үйлдвэрийн нарийн дамжлага дээр монгол хүнийг ажиллуулдаггүй гэлээ. Аюулгүй байдалтай холбоотой өөр ямар мэдээллүүд та бүхэнд байна?
 
-Судалгаагаар дэлхий дээр тамхинаас болж өдөрт 50-60 хүн нас барж байна. Улс орнууд аль болох хүнээ бодож, тамхины шүүлтүүрийг давхарлах, илүү нарийн болгох, сайжруулах чиглэлд хөрөнгө оруулдаг. Манайх эсрэгээрээ аль болох ашиг олж байвал юу  байх нь асуудал биш болж хувирчээ.  Энэ үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөөр байна. Хүн төрөлхтөн тамхийг хүнс гэж үзэж байна. Хүн эрүүл байх уу, өвчтэй байх уу гэдэг идэж буй хүнснээсээ шалтгаална. Сүүлийн үед эмэгтэйүүд тамхи их татаж байна. Залуучуудын дунд тамхидалт их байна. Монголын ирээдүй ийм байхад Монгол Улс оршин тогтнох уу. Бид хэдэн тэрбум хүн амтай биш, монголчууд гуравхан саяул шүү дээ.  Цаашлаад эдийн засгийн аюулгүй байдлын асуудал байна. Тамхинд хамаг мөнгөө урсгаж, тэр нь Хятад руу гараад байвал яах вэ. Түүний оронд багш нарын цалинг нэмэх, төсөвт шаардлагатай санхүүжилтыг хийж болно шүү дээ.
 
–Тамхи үйлдвэрлэлээр нэг компани, аль нэг улсын хараат болж болохгүй л дээ. Энэ маш аюултай . Бусад улс орон үүнийг яаж шийдсэн байдаг юм бэ? 
 
-Өнөөдөр улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эвдэхийн тулд, цэрэг зэвсэг босгодог үе ард үлдсэн шүү дээ. Бодит байдалд хүнсээр, эмээр, мэдээллээр гэхчлэн тухайн улс оронд сэтгэл санаа, бие эрүүл организмын халдлагуудыг хийх боломж  цахим ертөнц, технологи хөгжсөн  энэ эрин үед байна. Бид бүх зүйлээ гадагш  нь дэлгээд, хорыг нь ч хогийг нь ч  хүлээж авдаг  байж болохгүй. Бид хүн ардынхаа аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээрт сахин хамгаалах үүрэгтэй. Төр иргэнээ хам­гаалах, иргэндээ үйлчлэх  үүрэгтэй. Энэ үүргээ манай улс 27 жил хийсэнгүй.
 
–Эдийн засгийн боломжоос хамаарч, иргэд “Монгол Тамхи Со” компанийн хямд үнэтэй, чанар муутай тамхи руу хошуурч байна гэж та хэлсэн. Энэ хаанаас авсан баримт вэ?
 
-Үндэсний ста­тистикийн гаргасан судалгаагаар  иргэдийн амьдралын түвшин таван хувь дээшилсэн гэсэн байна лээ. Гэтэл өдрөөс өдөрт иргэдийн амьдрал унаж байна шүү дээ. Гудамжинд мөнгөтэй хүн алга. Тэгэхээр хямд үнэтэй тамхи татаж байгаа хүмүүсийг буруушаах аргагүй. Орлогогүй иргэд аргагүй шүү дээ. Хүссэн хүсээгүй тийм сонголт руу явж байна. Үүнийг нь овжноор ашигладаг байж таарахгүй. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Тэгэхээр Ц.Дашдорж гэдэг хүн аав байх эрхгүй гэж би харж байгаа. Юун сайд, УИХ-ын гишүүн, тэр ёстой хол хэвтэнэ. Эцэг хүн, төрийн сайд байж, унаж яваад морио, ханилж яваад морио гэгчээр хажуудаа байгаа хүмүүст хор өгөөд сууж байна гэдэг арай ч дээ. Энэ  монгол оюун ухаан биш. Монголчууд ингэж сэтгэдэггүй. Яавал нэгийгээ эрүүл болгох вэ, ядарч яваа нэгэндээ яаж туслах вэ, яавал хажуудах нөхрөө өөд нь татах вэ гэж бодож, туслаж, дэмждэг , түүний төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зардаг болохоос  ядарсан дээр нь дөрөөлөөд би ашиг олъё гэдэггүй. Монгол хүнд ийм бодол санаа, ийм сэтгэхгүй байхгүй. Бас нэг зүйлийг энд зориуд хэлэхэд, хүмүүс баримт нь хаана байна, баталгаа нь хаана байна гэж их асуудаг. Та ч тэгж асууж байна.  Би нэг л зүйлийг хэлдэг, өнгөрсөн 27 жилд монголчуудын амьдрал боссон уу. Бид арай ч ийм байгаагүй биз дээ. Төр бидний төлөө нэг ч алхам хийгээгүй. Энэ хамгийн том баримт. Одоо та хар л даа, Засгийн газрын шинэ сайд нарын нэрс гээд явж байна. “Надад албан тушаал өгсөнгүй, бодлого ярьсангүй “ гээд зогсцгоож байна. Бодлого гэдэг нь тэдний албан тушаалын наймаа  юм байна л даа. Монгол Улс хүнээр, эх орончдоор дутаагүй. Луйварчдад хэлэхэд эртхэн зайлаарай л гэх байна. Хариуцлага хатуу байдаг. Энэ хүмүүс хууль, шүүхийг аргалаад хариуцлагаас бултаад байна. Гэвч үнэн мөн илэрч,  ёс зүйн хариуцлага тооцох цаг ирнэ. Ирээдүй маань энэ хүмүүсийг миний ирээдүйг хордуулж, эх орныг минь  худалдаж байсан хүмүүс  гэж л харна шүү дээ. Тэр үед улстөрчид өөрөөсөө ичнэ.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин