sonin.mn
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Анхан шатны шүүхээс дэнсэлж ял ногдуулсан билээ.
 
Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэрийг гаргасан бол шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргаж байв.
 
Тэгвэл энэ асуудлаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх баасан гарагт дахин хэлэлцэхээр болсон байна. Энэхүү шүүх хурал шүүгдэгчдийн хувьд маш чухал хурал бөгөөд өөрсдийгөө гэмт хэрэгт холбогдолгүй гэдгийг нотлох цорын ганц боломж нь болж байгаа аж. Ийн хэлэхийн учир нь анх хууль хяналтын байгууллагаас Г.Дэнзэнг 17 тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан дөрвөн жил гаруй хугацаанд шалгаж байсан.
 
Гэтэл Анхан шатны шүүх хурлаар 17 тэрбум төгрөгийн хэрэг нь 200 саяын пүүний хэрэг болж хувирсан юм. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард болсон шүүх хурлын зарим тэмдэглэлээс сийрүүлэхэд дараах зүйлс олны анхаарлыг татсан. Шүүх хуралдааны үеэр шинжээч Д.Соёлмаа 200 тонны пүүг үнэлэхдээ зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулж байгааг судлаагүй зэрэг асуудлууд шинжээчийг шүүх хуралдааны танхимд барьц алдуулсан удаатай. Өөрөөр хэлбэл, тэрбээр ямар эх сурвалж, баримт үндэслэн дүгнэлтээ гаргасан гэдгээ мэдэхгүй, зах зээлийн үнээ ч судлаагүй хэр нь “Алибаба” гэх сайтаас авсан үнээр тооцоолж дүгнэлт гаргасан хэмээн шүүх хуралдааны танхимд танилцуулжээ.
 
Аргаа барсан өмгөөлөгч нар “Д.Соёлмаа шинжээч ээ! Та ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ. Яг үнэндээ та өнөөдөр шинжээч үү, хөрөнгийн үнэлгээчин үү гэдгээ ч ялгахгүй байна шүү дээ. Таны шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслээд энэ олон хүн олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод шүүхийн өмнө шүүгдэж байна. Энэ бүхнийг ойлгож мэдэж байгаа биз дээ” хэмээн асуухад “Би технологич мэргэжилтэй хүн. 1997 онд мэргэжлийн үнэлгээний сургалтад сууж, үнэлгээчин болсон” хэмээн хариулсан байна.
 
Энэ нөхцөл байдлаас үүдэж Г.Дэнзэн нарын өмгөөлөгч нар шүүх хуралд шинжээчийн гаргасан дүгнэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас Д.Соёлмаа шинжээч бидний үйлчлүүлэгчдийг өдгөө ялтан болголоо хэмээж байлаа. 
 
Г.Дэнзэн тус хэрэгт холбогдсоноосоо хойш өөрийгөө улс төрийн золиос болсон тухайгаа олонтаа мэдэгдэж байсан ч тухайн үеийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд буюу АН-ын лидерүүд түүний үгийг хүлээж аваагүй билээ. Тэрбээр цагдан хоригдож байхдаа УИХ-ын дарга асан З.Энхболдод 2015 оны наймдугаар сарын 14-ний өдөр өөрийн гараар бичсэн захидлыг хүргүүлсэн. Уг захидалдаа дараах зүйлсийг бичсэн нь олны анхаарлыг татаж байв.
 
Тэрбээр “Намайг чиглэсэн олон гүтгэлэг улстөрийн зорилготой байсан. Одоо хэрээс хэтэрч, эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна” гэсэн. Яг үнэндээ Г.Дэнзэнг тус хэрэгт холбогдуулсан хүмүүс нь АН-ын лидерүүд. Тэд эрх мэдэлтэй байхдаа өөрсдийн булхайгаа далдлах гэж Г.Дэнзэн гэх энэ залууг золиос болгосон нь Анхан шатны шүүх хурлын үеэр мэдэгдсэн хэмээн тэдний өмгөөлөгчид хэлж байв.
 
Ямартай ч түүнийг хэрэг хийсэн үү үгүй юу гэдгийг хангалттай нотлох хугацаа байсаар атал өнөөг хүртэл мухарлаж дуусаагүй нь ч анхаарал татна. Түүнчлэн Г.Дэнзэн олон удаа эрх мэдэл бүхий хүмүүст захидал илгээж байсан ч тусыг эс олсон. Тиймээс энэ удаад шүүх хурлын өмнөхөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Зоригтод захидал илгээхдээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж ял авсан тул энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүссэн” гэжээ. 
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож байсан олон тохиолдол бий. Тиймээс тэд тус шүүхэд найдаж өөрсдийгөө хэлмэгдсэн, улстөрийн золиос болсон гэдгээ нотлох ганц найдвар нь болчхоод буй учраас тус газар хэргийг нь дахин хэлэлцэхээр болсон нь энэ аж.
 
С.Уул
Эх сурвалж: "Өглөөний сонин"