sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ.
Өнөөдрийн хурлаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн 9 дүгээр сарын мэдээллийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулсан байдлаар танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн хэлэхдээ “2017 оны есдүгээр сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь 48.7 хувиар өссөн дүнтэй байна. Өссөн шалтгаан юу вэ гэхээр, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэргийн харьяалалтай холбогдуулан ийм өсөлттэй гарч байгаа юм.
2017 оны есдүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, гурван хэргийг түдгэлзүүлж, одоо мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн шатанд 111 хэргийн үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн хэрэг 83 байгаа нь өмнөх оноос 30 хэргээр өссөн үзүүлэлт юм.
 
Өргөдөл, гомдлын хувьд, өнгөрсөн оны мөн үед 310 өргөдөл, гомдол шалгаж байсан бол энэ хугацаанд 325-ыг шалгаад байна. 2017 оны есдүгээр сарын мэдээгээр, мөрдөн шалгасан нийт хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэргээс 13-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, зургаан хэргийн хэрэг бүртгэлтийг хаах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
 
Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохирлтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил есөн сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яьуулж байна. Үүнээс бид 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хамгаалж ажилласан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргээс та бүхэнд заримыг онцолж танилцуулъя. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэн ажиллаж байна” гэлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг