sonin.mn
ОХУ-ын орон сууцыг түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Б.Батцэцэг, хуульч М.Жаргалсайхан, мөн хохир­сон иргэдийн тө­лөө­лөл хамтран өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
 
БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны Зөвлөлтийн мэргэ­жилтнүүдийг байрлуулах зорилгоор 50 мянган ам.метр талбайг орон сууцны зориулалттайгаар ямар ч хугацаагүйгээр, татвар хураамж, төлбөр­гүйгээр ЗХУ-д шилжүүлэх гэсэн протокол байдаг. Энэ протоколыг 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүчингүй болсон боловч өнөөг хүртэл хэрэгжиж байна. Протоколын дагуу баригдсан 56 обьектод үл хөдлөхийн гэрчилгээ олгож, одоог хүртэл оросууд орон сууцаа түрээслэдэг. Иргэд хууль бус гэрчилгээ олгосон гэж шүүхэд хандаж хүчингүй болгодог ч шүүхээс ямар ч арга хэмжээ авдаггүй гэнэ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт байрлах 8, 9, 10, 14 дүгээр байр, Дархан-Уул аймгийн зургадугаар байрны оршин суугчдаас, орос эзэнтэй компаниуд хэт өндөр түрээс нэхэх, хэрэглээний ус, цахилгааныг дуртай үедээ тасдах, хэл амаар доромжлох, зодох, хаалгыг нь эвдэн орж эд хогшлийг нь гадаа гаргаж хаях зэргээр дарамталдаг. Нэг өрөө байр 470 мянга, хоёр өрөө байр 570 мянга, гурван өрөө байр 670 мянга, дөрвөн өрөө байр 470 мянгаар түрээслэдэг. Тухайлбал оросын Тармасин гэх эзэнтэй “Валадас” компанийн гэрээ өөрчдөгдөж нэг ам метрийг нь 9.9 ам доллараар тооцож түрээсээ гурван сараар төлөхийг шаарджээ. Шаардлагыг хүлээж аваагүй бол хүмүүс хөл­сөлж иргэдийг гэртээ байхад цоожийг нь эвдэн орж чирж гаргах, хаалгыг нь гагнах, эзэнгүй айлын эд хогшлыг гадаа гаргаж хаядаг байна. Иргэд цагдаа дууддаг ч зохи­цуулаад явсны дараа дахин дарам­тал­даг гэдгийг оршин суугчдыг төлөөлөл хэллээ. “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Б.Батцэцэг “Энэ байрууд 40 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. 60 айлын дунд нэг тоолуур хэрэглэж, цахилгаан усныхаа мөнгийг хувь хүнээр биш аж ахуйн нэгжээр төлдөг. Оройн цагаар хүн оруулдаггүй, авч орж байгаа цүнх, тээшээ шалгуулдаг. Энд хүний эрх зөрчигдөж байна” гэлээ.   
 
М.Баасан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин