sonin.mn
Малын шүлхий өвчин газар авч байгаа нь Энэтхэг улсаас 2016 оны төсвийн хөрөнгөөр авсан вакцины чанар муу байгаатай холбоотой. Цаашид мах экспортлох гэрээ хэлцлүүд цуцлагдах, тэр байтугай манай улс 70 сая малаа алдахад хүргэх эрсдэлтэй тул шалгуулахаар боллоо гэж ХАААХҮЯ-наас мэдээлсний мөрөөр АТГ, Эрүүгийн цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ. Одоогоор салбарын яамнаас гаргаж өгсөн материалыг судалж байгаа гэсэн хариуг албаны эх сурвалжууд өглөө. Мөн олон улсын лабораторид явуулсан вакцины шинжилгээний дүнг хүлээж байгааг Гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг хэлэв. Уг вакциныг 2016 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын тогтоолоор есдүгээр сарын 19-нд тендер зарлан худалдаж авсан бөгөөд хоёр ч компани нийлүүлэлт хийсэн. Тухайн үед вакцин худалдан авах Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс, түүнчлэн тендерийн асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин