sonin.mn
Шүлхий өвчний тархалт газар авч, нийслэлд ороод ирсэн мэдээ олон нийтийн анхаарлыг татаж буй.
 
Хүнсний аюулгүй байдал гэх зүйл алдагдсан энэ улсад малын гоц халдварт өвчин нийслэл хотод нь орж ирнэ гэдэг яах аргагүй асуудал дагуулж буй юм. Гэтэл энэ талаар салбар яам болон хотын удирдлагууд ямар ч ажил хийхгүй байгаа цаашлаад малд хийж буй вакцин нь ямар ч чанаргүй вакцин ч бус ус байна гэх мэдээлэл сошиал орчинд тараад байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар ХХААХҮЯ-ны харьяа МЭҮГ-ын дарга П.Ганхуягтай ярилцлаа.
 
-Малын гоц халдварт өвчин улам бүр хүрээгээ тэлсээр байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Үүнд албан ёсны тайлбар өгөөч. Нийг хэчнээн аймагт гоц халдварт өвчин гараад байна вэ?
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл их гарч байгаа. Тиймээс нэгдсэн мэдээлэл өгөх нь зөв гэж бодож байна. 2017 он гарснаас хойш долоон аймаг, нийслэлийн дүүргээс гадна 29 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж оношлогдсон. Холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар таван аймгийн 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа.
 
Гоц халдварт шүлхий өвчний голомт гарсан бүс нутгуудад өвчтэй малыг устгалд оруулж байна. 2017 оноос хойш 6021 толгой малыг устгалд орууллаа. Үүнээс 421 толгой үхрийг зориудын устгалд оруулсан.
 
-Гоц халдварт шүлхий өвчинд хийх вакцин хангалтгүй байгаа, ямар ч чанаргүй ус болчихсон вакцин орж ирсэн гэх мэдээлэл их гарлаа. Чанаргүй вакцин хямдхан худалдаад авчихсан юм уу, эсвэл зориуд ийм мэдээлэл гараад байна уу?
 
-2016 онд Энэтхэг улсаас төсвийн хөрөнгөөр худалдан авсан вакцинаар бид 6.5 сая толгой малыг вакцинжууллаа. 2017 оны хоёрдугаар сараас хойш вакцинд хамруулсан. ОХУ-ын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны төслийн хүрээнд Монгол Улсад буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа 4.1 сая тун вакцинаас эхний шатны вакцин буюу 3.1 сая тун вакцин, долоодугаар сарын 30-нд Монгол Улсад ирсэн. Үүнээс хойш энэ вакцинаар малаа тарьсан. Нийгэмд олон янзын мэдээлэл гарч байгааг үгүйсгэхгүй.
 
Дахиад хэлэхэд, хоёр улсын Хөдөө аж ахуйн яамны гэрээний хүрээнд, буцалтгүй тусламжаар авч байгааг хэлье. Энэ вакцинаар 2017 онд шүлхий өвчинтэй тэмцэнэ гэж салбар яам болон МЭҮГ /Мал эмнэлэг үржлийн газар/ ажилласан. Гэсэн хэдий ч ОХУ-ын гэрээгээр буцалтгүй тусламжийн вакцинаа үе шаттай нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд нийт вакцины 70 хувийг ирүүлсэн. Үлдсэн хувийг нь 2018 оны есдүгээр сард багтааж нийлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
 
Дээр хэлсэнчлэн, долоон аймгийн 29 суманд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн учраас бид нэмэлтээр вакцин авахаас өөр аргагүй болсон юм. Он гарснаас хойш төсвийн нэг ч төгрөгөөр нэг ширхэг ч вакцин аваагүй. 14 аймгийн есөн сая гаруй малыг вакцинд хамруулах шаардлага үүсээд байгаа юм. Бүхэлд нь мал вакцинжуулсан хэрэг биш. Урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа юм шүү.
 
Гадагшаа халдахаас урьдчилан сэргийлэхгүй бол шүлхий өвчин Монгол Улсын нийт малд халдах эрсдэл бий. Ингэсэн тохиолдолд манай улсаас нэг ч кг мах экспортод гарах боломжгүй болно. Тэр утгаараа хамгаалалт хийж байгаа юм. Дэлхий дахинд тавигддаг үндсэн шаардлага бол вакциндаж урьдчилан сэргийлдэг явдал. Олон улсын жишгээр л явж байгаа. Энэтхэгийн вакцины чанарын асуудал их яригдлаа. Гэхдээ манай мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ асуудлыг шалгаж байна.
 
Гурван хүчил агуулсан, тосон хүчлүүртэй вакцин нь 2016 оны аравдугаар сард зарлагдсан тендерт шалгарсан учраас худалдаж авсан. Нийт 7.1 сая вакцин худалдаж авснаас тухайн үедээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд таван сая орчмыг хэрэглэж, үлдсэнийг нь нөөцөд хадгалж, аймгуудад хүргүүлсэн. Тухайн үед Говьсүмбэр аймагт шүлхий гарахад малд тариад, чанарыг нь үнэлж байсан юм билээ. Олон улсын лавлагаа лабораторид шалгуулж, үр дунг нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэсэн шалгуурын дагуу л сонгож авсан.
 
Вакцины чанарын асуудал яригдсан учраас бид АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар хандсан. Мөн Английн томоохон лабораторид вакцины дээжийг хүргүүлсэн байгаа. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байна. Наймдугаар сарын 02-нд явцын хариу гэж ирсэн. Эцсийн хариу хэзээ ирэхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Гаднын лабораториос гадна дотоодын хэд хэдэн лабораториудад вакцины нийцлийн шинжилгээг хийж байгаа.
 
Шалгалтын үр дүн, эцсийн дүгнэлт гарсны дараа буруутай этгээдүүдэд хариуцлага ярина. Үүнийг Засгийн газар ч хөндөж ярьсан. Бүх шатанд хариуцлага яригдана. Дээд шатаас эхлээд доод шат хүртлээ хариуцлагын асуудал яригдана гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хувийн хэвшил ч үүнд хамаатай.
 
-Нэмэлтээр вакцин авах ёстой гэж байна. Хэмжээ нь тодорхой болсон уу?
 
-Вакцины нөөц, хүрэлцээ хангамж үнэхээр муу байна гэдгийг ойлгуулах нь зөв байх. Бид байгаа вакциндаа найдаж байсан бол өнөөдөр гаралт, тархалтын хэмжээ Улаанбаатар хот, хүн ам олноор төвлөрсөн нийслэлийн хоёр дүүрэгт гарчихлаа. Цаашлаад, олон улсын нисэх онгоцны буудлын ойр орчимд гарч байна. Олон улсын транзит замын хоёр талд гарч эхэллээ. Энэ бүхэн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа учраас нэмэлт вакцин авах шаардлага үүслээ. Эдийн засгийн хүндрэл зэргээс үүдэж бид нөөц боломждоо тааруулан тэмцэж байсан ч цаашдаа боломжгүй боллоо.
 
Тиймээс 2017 онд ХХААХҮ-ийн сайдын багцын хөрөнгөөс вакцин авахаар болж байна. Сайдын багцын хөрөнгөд тусгасан гурван тэрбум төгрөгөөр вакцин авах байсан ч бид аваагүй, тэр мөнгийг ашиглаагүй, төсөвт үлдээсэн байсан. Одоо харин энэ мөнгөндөө тааруулж 7.8 сая тун вакциныг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр тус улсын Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас худалдан авахаар ярилцлаа. Тендер зарлагдан орж ирж байгаа вакцинаас 2.5 дахин хямд үнээр шууд үйлдвэрээс нь, тээврийн зардлаа багтаагаад манай улс руу нийлүүлэх шаардлага тавьсан. 
 
Энэ үйлдвэр бол дэлхийд шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог юм билээ. Мэдээж чанарын асуудал дахиад яригдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас бид Улаанбаатар хот, Дундговь, Төв аймгийн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн малаас дээж авч, улмаар “маажинг” буюу нийцлэлийн шинжилгээг хийлгэсэн. Энэ өвчин аль үүсгэгчээр дамжиж халдварласан бэ гэдгийг шинжлүүлж, яг тэр өвчинд нь таарсан вакциныг ОХУ-аас авахаар гэрээ хэлцлийн шатандаа явж байна.
 
Аль болох худалдан авалтыг яаравчлах шаардлага бий. ОХУ-д болсон хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын сайдуудын уулзалтын үеэр ч энэ асуудлыг тавьсан. ОХУ нааштай хандаж, эхний шатны нийлүүлэлтийг энэ сарын 28-нд нийлүүлнэ гэсэн хариу өгсөн. Хүрээд ирвэл бид шууд эхлээд явна. Есдүгээр сарын 13-ны байдлаар вакцины нөөц дууссан байгаа.
 
-Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар вакцины чанар байх ёстой хэмжээнээс хоёр дахин буурсан гэж ярьсан шүү дээ. Тэд өөрсдөө шинжилгээнд хамруулаад мэдээлэл өгсөн гэсэн үг үү?
 
-Мэргэжлийн Хяналтын газар давхар шалгасан. Чанаргүй вакцин таригдсан гэж яригдаж байгаа аймаг, орон нутгуудад МХЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, Төв лаборатори хамтран шалгалт явуулсан. Тухайлбал, энэ шалгалтыг Хэнтий, Дундговь, Дорноговь аймагт хийсэн. Эцсийн хариу гараагүй байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өөрийнхөө лабораторид шинжлэхгүй.
 
Шинжилгээг Мал эмнэлгийн ариун цэврийн Төв лабораторид энэ нь вакцины урвал мөн үү, байгалийн вакцины урвалтай байна уу гэдгийг тогтоодог. Хэдэн хувиар хамгаалж чадаж байна вэ гэсэн нарийн, омгийн шинжилгээг бид олон улсын лавлагаа, лабораторид хийлгэх ёстой.
 
Б.Өнөртогтох
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин