sonin.mn
Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг гүйцэтгэдэг байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тэднээс гадна цагдаагийн мөрдөгч нар ажиллахаар болж, тус хяналтын цэгийн үйл ажиллагааг өргөтгөн эрчимжүүллээ. Энэ талаар ЗЦА-ны дарга, хурандаа Б.Даваазулаас тодруулав.
 
-Орон нутагт замын хяналтын хэчнээн цэг ажиллаж байна вэ. Мөрдөгч гээд цагдаагийн байгууллагын алба болгоноос хүн ажиллах болсон шалтгаан, ач холбогдол юу юм бол?
 
-Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах боллоо.
 
Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнээс гадна орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач холбогдолтой.
 
Одоогоор хяналтын долоон цэгийг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабтай холбосон. Тус штабт ЭЦА, Мөрдөн байцаах алба, ЗЦА-наас тус бүр нэг алба хаагч 24 цагийн турш ажиллаж байна. Улсын хэмжээнд орон нутгийн замыг найман бүсэд хуваан, хяналтын үйл ажиллагааг сайжруулж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд ЦЕГ-ын дотоод нөөц бололцоог ашиглахаас гадна тухайн орон нутгийн Засаг дарга, ГХУСАЗЗ-ийн дэмжлэг туслалцааг авч, хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэг тавих ажил хийж байна.
 
-Засгийн газрын 153 дугаар тогтоолд зааснаар 150 км тутамд хяналтын нэг цэг байх ёстой гэдэг. Тэгэхээр энэ 13 цэгийн тоог нэмнэ гэж ойлгож болох уу?
 
-Уг тогтоолын дагуу бол улсын хэмжээнд орон нутгийн замд хяналтын 58 цэг ажиллаж байж хянах боломжтой гэж үздэг. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2018 онд 2.1 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд хяналтын 27 цэг барих хөрөнгө төсөвт суулгахыг Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-аас даалгасан. Үүн дээр одоо ажиллаж буй 13, баригдаж байгаа гурвыг нэмээд нийт 43 посттой болчихвол орон нутгийн зам тодорхой хэмжээнд хяналттай болно гэсэн үг.
 
Гэхдээ зарим тохиолдолд заавал хяналтын цэгт биш, хөдөлгөөнт эргүүлээр хянах боломжийг манай ажлын хэсгийнхэн судалж байна. Тухайлбал, микро автобусыг тоноглоод зам, тээврийн осол ихээр гардаг хар цэг, хулгайн мал, мах тээвэрлэдэг, баталгаагүй зам, гүүрээр хүн тээвэрлэж осол гарч болзошгүй газруудаа хөдөлгөөнт хяналтад авах боломжийг судалж байна.
 
-Тэдгээр цэгт ажиллах мөрдөгч, цагдаа нарын цалин, урамшуулал, урсгал зардал хаанаас гарах юм бол?
 
-Тухайн орон нутгаас нь гарна. Цахилгаанаар халаадаг, нүүрс түлэх зэргээр өвлийн улиралд цэгүүдийг янз бүрээр дулаацуулдаг. Энэ мэт урсгал зардлыг орон нутгийн дэмжлэгээр шийдэх юм. Нэг жишээ дурдахад, Элсэн тасархайд байрлах хяналтын цэг хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар ажилладаггүй.
 
Үүнийг шийдэхийн тулд төсвөөс хөрөнгийг нь гаргаж, ЗТЯ-наас тендер зарласан ч шаардлага хангах компани байгаагүй. Хоёр дахь удаагаа зарлаад байна. Энд 10 км-ийн цаанаас цахилгаан татахаас эхлээд гарах зардал уг нь багтсан л даа.
 
яналтын цэг ямар хугацаанд өргөтгөсөн хүн хүчээр ажиллах юм бэ. Цаашид орон тоогоо нэмэх юм уу?
 
-Байнга үйл ажиллагаа явуулна. Одоогийн 13 цэгтээ байгаа хүн хүчээрээ ажиллана. Дээрх 13 цэгт шалгах төхөөрөмж, хэвлэгчийн хамт хүлээлгэн өгсөн. Цаашид постуудыг сүлжээгээр холбох, техник технологийг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авах юм.
 
27-г ашиглалтад оруулбал хүн хүч, техник хэрэгсэл, урсгал зардал зайлшгүй шаардлагатай болно. Өнгөрсөн долоо хоногт ЗЦА-наас төв, орон нутгийн хэлтэс, тасгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийхдээ постуудаа хэрхэн ажиллуулах талаар үүрэг чиглэл өгсөн.