sonin.mn
Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавалсан байна. Үүнээс үзэхэд шударга залуус болох Ч.Батболд, А, Ж нарыг залхаан цээрлүүлэх, харгислан хэлмэгдүүлэхээр баривчилсан гэж ойлгогдож байна.
 
Эх сурвалжын мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.
 
Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компаний захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компаний захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй атлаа Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ил болгосон гэрчийг яаран баривчилж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотойг нотолж байгаа мэт. Тэр тусмаа ноцтой гэмт хэргийг илчилж, Шадар сайдад мэдээлэл хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүртэл баривчилсан нь ихээхэн сэжигтай байна.
 
ЕС Ж.Эрдэнэбат энэ асуудлаар цагдаад хандсан, УИХД М.Энхболд би энэ хэрэгт холбогдолгүй гэж яаран мэдэгдэцгээсний дараа ийм үйл явдал боллоо. 
 
Өчигдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж,  Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдсэн. 
 
“Зургаан этгээд зохион байгуулалттайгаар тагнаж байсан нь илэрч, өнгөрсөн 7 сарын эхээр энэ асуудлаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байдаг. Гэтэл хэргийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, хуулийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахг байгаа нь гайхширал төрүүлж байна.  Таван гэмт хэргийн шинжтэй, 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна” хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдсэн.
 
“Одоогоор энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболд хамгаалалтгүй байгаа бөгөөд хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол амь нас нь эрсдэлтэй байгаа”-г ч тэд хэлсэн. Мөн Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэсэн билээ.
Гэтэл хэргийг шалгах, гэрчийг хамгаалах баййтугай, хэргийг илчилсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, хэргийг замхруулах замдаа орлоо. Шударга ёсыг шаардах, гэрчийг хамгаалах талаар дуу хоолойгоо нэгтгэх, хөдлөх цаг боллоо.
 
Ч.Мөнхбаяр